Бөөлжиж, суулгаж, халуурах, ханиалгах шинж тэмдэг нь хүндэрч хатгаа болж байна
үед бага насны хүүхдүүд суулгаж, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиадны вирусээр их өвчилж байна. Эмнэлгийн ор энэ төрлийн ханиадаар өвчилсөн хүүхдүүдээр дүүрч байгааг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаас харж болно. Тухайлбал, энэ тасгаар ормогц коридорт найман ор, харин нэг өрөөнд хамгийн багадаа 5-7 хүүхэд асран хамгаалагчдынхаа хамт хэвтэн эмчлүүлж буй. Тэд бөөлжиж, суулгаж, халуурснаас үүдэн тэнхээ муутай болж ээж, аавынхаа энгэрт зүүгдээстэй. Тасагт нэмэлтээр дэлгэсэн ор хоногийн дотор дүүрч, хүүхдүүд коридорт хэвтэн эмчлүүлэхээс өөр нөхцөлгүйд хүрч байгаа юм.
Өрөөнд хэт олуулаа хэвтэж байгаа нь өвчнийг хүндрүүлэх шалтгаан болохын зэрэгцээ агаар солилцох боломжгүй болгодог байна.
СХНЭ-ийн хүүхдийн тасагт хэвтсэн хүүхдүүдийн 60 хувь нь Рото, энтеровирусийн халдвартай байна
Рото, энтеровирус халдварлах явц нь хурдан учир эдгэсэн хүүхэд дахин халдвар авах магадлал өндөр учир 3-4 хоногт эмчилгээг дуусгаж эмнэлгээс гаргахыг илүүд үздэг байна. Ийн суларсан орнуудад шинэ өвчтөнг хэвтүүлж сэлгэх байдлаар зохицуулж байгаа юм.
Хэвтэн эмчлүүлэгчдийн хамгийн бага нь 3 сартай… охины ээж, “Охин маань нэг шөнө их хэмжээгээр бөөлжөөд, халуурсан. Ингээд маргааш нь өрхийн эмнэлэгт үзүүлэхэд энэ төрлийн вирусийн халдвар их байгаа учир шингэн нөхөх эмчилгээг гэрээр хийхийг зөвлөсөн ч өөрчлөлт гараагүй. Удалгүй суулгаж эхэлсэн. Шөнө өвөртлөөд унтаж байхад их хэмжээгээр бөөлжиж царай нь цонхийж, гар хөл нь хөшсөн. Ингээд сандарч машинаа асаан эмнэлэгт ирсэн. Ирсэн даруйдаа оочир дараалалгүй үзүүлж яаралтайгаар хэвтэж амьсгалын аппарат залгуулсан. Удаан харж ажиглаж болдоггүй. Хугацаа алдаж болохгүй өвчин байна лээ” хэмээн хуучлав.
3 настай… хүү “Цэцэрлэгтээ бөөлжиж халуурсан. Хүүхдүүдийн дунд энэ төрлийн халдвар байгаа талаар цэцэрлэгийн багш өмнө нь хэлсэн. Цэцэрлэгээс халдвар авсан “хэмээн ээж ярьсан юм.
4 настай хүү найман удаа бөөлжсөн. Энэ төрлийн вирусээр хоёр удаа өвчилсөн. Эдгэрэлт нь удаан гэдгийг ээж нь хэллээ.
Ханиад томуу, вирусийн өвчлөл нэмэгдсэн энэ өдрүүдэд СХНЭ-ийн яаралтай тусламжийн тасгаар оройн 22 цагаас хойш үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Тасгийн үүдээр урт оочир үүсгэж дараалан зогссон ээж аавууд яаран сандран, эмчийн үзлэгийн өрөөний хаалгаар эргэлдэнэ. Хүүхэд хугацаа алдаж шингэн алдалт нэмэгдэх бүрт сандарч эмнэлгийн үйчилгээ удаан байгаад бухимдан эмчид үг хаяна. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 140 ортой нэмэлтээр 100 ор дэлгэсэн ч ачаалал их байгаа юм. Ийн ачааллын хуваалцах зорилгоор “ЭХЭМҮТ 2”-т хүүхдүүдийг илгээж байгаа юм.
Эцэг эхчүүдийн тухайд хүүхдээ шингэн алдсан даруйд гэрээр эмчлэх гэж оролдон хүндрүүлэх тохиолдол цөөнгүй. Эмнэлэгт бөөлжиж, суулгасан зовиуртай ирсэн хүүхдүүдийн 40 хувь нь хүндэрсэн буюу шингэний дутагдал, хордлогод орсон буюу хүнд хэлбэрт шилжиж байгаа аж. СХНЭ-ийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хоногт 150-180 хүүхэд үйчлүүлж эмнэлгийн тусламж авч байгаа юм. Энэ нь байх ёстой үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг эмч мэргэжилтнүүд хэллээ. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь бөөлжилт суулгалт, халуурах шинж тэмдэгтэй ирдэг. Үүнийг анагаах ухаанд ротовирус, энтеровирус хэмээн нэрлэдэг байна. Шинж тэмдгийн хувьд ротовирус нь ханиалган, бөөлждөг харин энтеровирус нь ханиалгах 38 хэмээс дээш халуурах, нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, суулгах бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Энэ үед эмчийн зааврын дагуу шингэнийг ердийн хэмжээнээс их өгөх, мөн вирусийн эсрэг эм бэлдмэл хэрэглэхийг анхаарууллаа.Бөөлжих, суулгах, халуурах вирусийн гаралтай өвчлөлөөр ихэвчлэн 0-3 насны хүүхдүүд түлхүү өвчлөх болжээ. Өмнөх 9-1 сарын хооронд уушгины хатгалгаа өвчин зонхилж байсан бол хоёрдугаар сараас ротовирус, энтеровирусийн халдвар нэмэгддэг байна. Урин дулааны улиралд энэ төрлийн өвчлөл давамгайлдаг гэв.
Ротовирус, энтеровирусээр халдварласан тохиолдолд антиобиотик хэрэглэвэл хордлогыг нэмэгдүүлдэг байна
Ротовирус, энтеровирусийн халдвар авсан бол антибиотик хэрэглэх нь буруу. Учир нь вирусийн эсрэг үйлчилгээгүй, харин нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир вирусээр өвчилж байгаа халдварын хувьд ямар ч үр дүнгүй. Харин ч эсрэгээрээ хордлогыг нэмэгдүүлэн хүндрэх эрсдэлийг бий болгож байдаг учир заавал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх ёстой аж.
Тус вирус нь агаар дуслын замаар халдварладаг, тархалт нь өргөн байдаг байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, бөөлжин, суулгаж байгаа хүндрэлээс болоод хатгаа үүсгэх магадлал өндөр байгааг мэргэжлийн эмч анхааруулсан. Энэ үед хүүхдийн дархлааг сайтар дэмжиж өгөх нь чухал аж.