О.Батнайрамдал: Боловсролын боломжийг хулгайлсан нөлөө бүхий 262 хүний нэрийг зарлаж, НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ явуул

0

Боловсролын зээлийн санд хийж буй мөрдөн шалгах ажиллагааны явцын үр дүнг Прокурорын байгууллагаас өгчигдөр мэдээлсэн. Улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364 хүн БЗС-гаас зээл авсны 75 хувь нь зөрчилтэй гарсан. 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлсэн гэх мэт тоон мэдээллүүдийг зарласан юм.

Прокуророос зарласан мэдээлэлтэй холбогдуулан Боловсролын зээлийн сангийн асуудлаар хамгийн анх шүгэл үлээж, олны анхаарлын төвд оруулж ирсэн МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай цөөн хором ярилцлаа.

-Прокурорын мэдэгдэлтэй холбоотойгоор таны байр суурийг сонсмоор байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг юу гэж дүгнэж байна вэ?

-БЗС-гийн зээлээр гадаадад сурсан 2300 орчим хувийн хэрэгт дүгнэлт хийсэн байна. Үүний 65 хувь буюу 1500 суралцагч нь зөрчилтэй гэж гарсан. Үүн дээр анализ хийж үзэхэд нэг хүн дээр 1.7 зөрчил буюу хувийн хэрэг болгон дээр бараг 2 зөрчил илэрсэн байгаа юм. Эндээс сүүлийн 20, 30 жил БЗС ямар бохир аргаар үйл ажиллагаа явуулж ирсэн нь харагдаж байна. Системийн гажуудал, ялзралыг нь прокурорынхон батлаад гаргаад ирлээ. Үүнээс гадна улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364 хүн БЗС-гаас зээл авсны 75 хувь нь зөрчилтэй гарсан. Өнгөрсөн жилийн тавдугаар сард шүгэл үлээхэд гаргаж ирсэн анализ, дүгнэлт мөрдөн байцаалтын явцад батлагдаж байна. Миний сонирхлыг татаж байгаа бас нэг зүйл нь 1600 суралцагчаас мэдүүлэг авсан байна лээ. Ийм олон хүнээс мэдүүлэг авсан хэрэг гэж би хувьдаа сонсож байсангүй. 1600 хүнээс мэдүүлэг авсан өргөн хүрээний, том асуудал. Заавал засаж сайжруулах системийн том гажуудал мөн гэж харж байна.

-Таны хувьд нээлттэй сонсгол хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан?

-Одоо 3.5 сая иргэний мэдэх эрхийг хангаж, БЗС-гийн асуудлаар нээлттэй сонсголыг хийхийг шаардаж байна. Татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөг яаж хувиарлагдсан. Хэний хүүхдүүд авсан. Улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүс нь яг хэн юм. Хэний хүүхдийн зээлийг тэглээд хэнийхийг нь тэглэхгүй үлдээгээд байгаа гэдгээ үе үеийн сайд нар нь өөрсдөө ирж тайлбарлах ёстой. Хоёрдугаарт, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлж, тэглэх процесс өөрөө хууль бус. Өөрсдөө ирж тайлбарлах ёстой. Мянга, мянган хүүхдийн боловсролын боломжийг хулгайлсан маш олон хохирогчтой том хэрэг. Би өөрөө хохирогчдынх нь нэг. Надад зээл олгох тушаал 2013 онд гарсныг би сүүлд олж мэдсэн. Товчхондоо бол тэр мөнгө надад хэзээ ч ирээгүй. Хэн ч над руу зээлээ аваарай, гэрээ хий гэж яриагүй. Миний нэр дээр тушаал гаргачихаад хэн нэгэн завшсан уу гэсэн хардлага байна. Яг минийхтэй адилхан маш олон кэйс байгаа. Энэ хүмүүс ч гэсэн надтай адилхан шаардах болов уу гэж бодож байна.

-Зээлийн эргэн төлөлт 4.2 тэрбумд хүрч нэмэгдсэн гэж мэдээлсэн. Энэ хангалттай төлөлт байж чадах уу?

-4.2 тэрбум гээд тэрбумаар ярихаар их мөнгө сонсогдож байгаа ч нийт зээлийн дүнтэй нь харьцуулаад үзэхээр маш бага төлөлт. Шүгэл үлээснээс хойш 900 орчим ам.доллар буюу 4 орчим тэрбум төгрөгийн зээл эргэн төлөлт хийгдсэн байгаа юм. Гэтэл тухайн үед яригдаж байсан нийт авлага нь 360 орчим тэрбум төгрөг байсан. Энэ тоотой харьцуулахад өнөөдөр төлөгдсөн байгаа эргэн төлөлт хангалттай биш. Нийт авлагын 2 хувь нь л төлөгдсөн. 98 хувь нь одоо болтол төлөгдөөгүй байна. Ийм байхад БЗС-гийн эргэн төлөлт сайн байна гэж хэлж чадах уу. Хэрэв энэ мөнгө эргэн төлөгдөж чадвал илүү олуулаа гадаадад суралцах боломж бүрдэнэ.

-Шүгэл үлээснээс хойш БЗС-гийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт гарч чадсан болов уу. Та юу гэж харж байна?

-Боловсролын зээлийн сангийн мэдээлэл нийтэд ил болсноор үүссэн хамгийн том давуу тал, ахиц нь гадаадад суралцагчдыг сонгох сонгон шалгаруулалтын явц нээлттэй ил, тод, шударга зарчмаар явагддаг болсон явдал. Одоо харин эргэн төлөлтийг нэмэгдүүлж, илүү олон хүүхдэд энэ боломжийг олгох ёстой гэж хэлмээр байна. Боловсролын зээлийн сангийн бусад сангаас ялгарах хамгийн том давуу тал нь хүн бүрд, айл болгонд хамааралтай сан. Боловсролын боломжийг тэгш, хүртээмжтэй олгохын тулд энэ сан хамгийн нээлттэй, шударга байх ёстой.

Хамгийн гол нь БЗС буруу яваад байна татан буулгая гэсэн шийдэл огт байж болохгүй. Энэ санг дараагийн түвшинд гаргах ёстой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *