ONDO-гийн хиймэл дагуул дэлхийн тойрог замд гарахад бэлэн боллоо
Ондо Спэйс ХХК-ийн зохион бүтээсэн Owl-1, Owl-2 нэртэй 2 хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни мужаас Space X компанийн сансрын хөлгөөр 2024 оны 3 дугаар сарын 5-ны өглөөний 05:04 цагт хөөрөхөд бэлэн болоод байна.
Монголын хамгийн анхны арилжааны хиймэл дагуул АНУ-ын Калифорни мужаас Space X компанийн сансрын хөлгөөр 2024 оны гуравдугаар сарын 5-ны өглөөний 05:04 цагт хөөрөхөд бэлэн болоод байгаа ажээ. Энэ нь тухай өнөөдөр Ондо ХХК-гийн гүйцэтгэх захирал Б.Мандуул болон Ондо Спэйс компанийн Мэдээлэл Хариуцсан Захирал Д.Эрдэнэбаатар, Ондо Спэйс компанийн Технологи хариуцсан захирал Д.Амартүвшин нар олон нийтэд мэдээлэл өглөө.
Арилжааны зориулалттай хувийн хиймэл дагуулыг ийнхүү хөөргөж байгаа нь Монгол улсын сансрын технологи, сансар судлалд гарч байгаа маш том дэвшил юм. ONDO Space компани энэ удаад Owl 1, Owl 2 нэртэй 2 хиймэл дагуул дэлхийн нам орбитод гаргах бөгөөд цаашид нийт 170 гаруй ширхэг cube sat төлрийн хиймэл дагуулыг хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
OWL 1, 2 хиймэл дагуулууд дэлхийн тойрог замд гарч, үүргээ биелүүлж эхэлснээр дэлхийн аль ч өнцгөөс богино хэмжээний мэдээлэл дамжуулах, газрын харилцаа холбооны дэд бүтэцтэй уялдан ажиллаж уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, онцгой байдал болон батлан хамгаалах, машин хоорондын харилцаа /M2M/, юмсын интернэт /IoT/ зэрэг салбаруудад технологийн томоохон дэвшил гаргах боломжтой ажээ.
Энэхүү Cube Sat төрлийн хиймэл дагуул нь харьцангуй шинэ технологи бөгөөд ONDO Space компани ийм төрлийн хиймэл дагуулыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа анхдагчдын нэг юм. Тиймээс хиймэл дагуулын технологийн энэ салбарт дэлхийн бусад улс орнуудттай нэг гараанаас эхэлж байна гэж хэлж болно. Цаашдаа сансрын технологиор тэргүүлэх хэмжээнд очих боломжийг ч нээж байгаагаараа онцлог бөгөөд чухал ач холбогдолтой үйл явдал болж буйг хэлсэн юм.
Эдгээр хиймэл дагуулын сансрын орчны туршилтыг Японы Кюшүгийн их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу KyuTech-ийн лабораторид хийж ийнхүү тойрог замд гарахад бэлэн болоод байгаа билээ.
Монгол улсаас 2017 онд Мазаалай хиймэл дагуулыг амжилттай хөөргөж байв.