НҮХТ ТУР-ЫН НУУЦ НОЁНТОН ХЭН БЭ?

0

2009 онд МИАТ компанийн катерингийн үйл ажиллагааг байр байшин, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хамт шилжүүлэн авч, агаарын тээврээр зорчигчдын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах болсон “Нүхт тур” компани 2024 оны нэгдүгээр сар хүртэл 15 орчим жил хугацаанд завсаргүйгээр МИАТ-ийн зорчигчдын хоолыг дангаар хариуцсан. Өнгөрсөн хугацаанд Нүхт тур-ын хоолны амт чанарын талаар олон шүүмжлэл гарч байсан ч тэд авч хэлэлцэж байсангүй. МИАТ-ийн хоол миа байсаар л… ийм байхад энэ олон жил дангаар монополчилсон нь тун хачирхалтай. Сүүлийн үед МИАТ, Нүхт тур хоёртой холбоотой маргаан ширүүсч, шүүх, цагдаа, АТГ гээд өргөн хүрээнд өрнөж байна. Гэхдээ энэ маргаан эхнийх нь биш. Нүхт тур-ынхан МИАТ-с салах тун чиг дургүй. 2009 онд байгуулсан гэрээндээ тус гэрээг хоёр жилийн хугацаатай хоёр удаа сунгаж болно гэж заасанд үндэслэн 2015 оныг хүртэл дангаараа даналзаад түүнээс хойш хэд хэдэн удаа дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн ч яаж ийгээд үлдчихээд байдаг байв.  Бүр дэлхийн алдартай катерингийн компани болох Gate Gourmet МИАТ-ийн зорчигчдын хоолыг нийлүүлэхээр тендерт өрсөлдөөд шалгарсан байхад Нүхт тур хууль шүүхийн байгууллагаар явж, хоёр талын ажлыг гацаасны эцэст Gate Gourmet тендерээ буцааж байсан гэдэг. Тухайн үед Ази Европын дээд хэмжээний уулзалт болох гэж байсан тул Ерөнхийлөгчийн тамгын газраас зорчигчдын хоол нийлүүлэлтийн тасалдалгүй байдлыг ханган ажилла гэсэн ЕТГ-ын дарга асан П.Цагааны гарын үсэгтэй албан бичиг МИАТ компанид ирсэнээр яах аргагүй “Нүхт тур”-тай гэрээгээ сунгаж байжээ. Энд “Нүхт тур” компанийн ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байдаг юм биш биз гэсэн хардлага бий. Учир нь тэрээр 2014 онд “Нүхт тур”-ын эзэн гэх Н.Хандсүрэнд Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнаж байжээ. Дараагийн таамаг мэдээж өдгөө Н.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгааа Ш.Гантулга гэх хүн юм. Тэрээр МИАТ компанид 2015 онд Хангамжийн хэлтсийн даргаар ажилд орж, хоёр жил хүрэхгүй хугацаанд Коммер эрхэлсэн захирал болж “дээшилсэн” нэгэн. Ш.Гантулга нь МИАТ-д байхдаа тендерийн үнэлгээний хороог ахалж байсан бөгөөд түүний ахалсан хороо мөн л “Нүхт тур”-тай гэрээ сунгах, тухайн үеийн тендерүүд хүчингүй болж цуцлагдах гэх мэт үйл явдлууд болж байсан. Энэ хүн хаанаас гарч ирэв?

Ш.Гантулга МИАТ компанид ажиллахаасаа өмнө М.Энхболдын хүүгийнх нь жолооч байсан гэх яриа бий. Мөн М.Энхболд нь “Нүхт тур”-ын үүсгэн байгуулагч Д.Хоржавын төрсөн хүү Х.Амгалантай нэг сургуулийн нэг үеийн найзууд ажээ. Тэгэхээр М.Энхболд нь найзынхаа компанийн эрх ашгийн төлөө жолооч байсан хүнээ МИАТ-д “шургуулсан” юм биш биз гэсэн хардлага ч байна.

“НҮХТ ТУР”-ЫН ӨМНӨӨС ОРХИМЖОО ОРХИОД ГҮЙДЭГ ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦ

“Нүхт тур” компанитай холбоотой асуудал үүсэх бүрт Хамба лам Д.Чойжамц дарга нарын өрөөгөөр эргэлдэж, асуудлыг алсуур өнгөрөөх арга саам сэдэж явдаг гэх олны яриа оргүй биш ээ. Ямар учраас хамба лам хоолны компанийн төлөө гүйдэг байсан талаар саяхан Ergelt.mn сайтад тодорхой нийтэлсэн байдаг. Уг нийтлэлд “Нүхт тур” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Хоржав агсан, Хамба Д.Чойжамц хоёрыг тун сайн найзууд байсан учир хамба лам улс төрийн нөлөөгөө ашиглан тухайн компанийн арыг дааж, асуудлуудаас нь мулталж өгдөг байсан гэдэг. Мөн “Нүхт тур” ХХК-аас сар бүр Хамбын данс руу мөнгө шилжүүлдэг тухай ноцтой мэдээллүүд ч гарч байжээ. Өдгөө шүүх дээр хэлэлцэгдэж МИАТ ТӨХК болон Нүхт турын маргаан дээр ажиллаж байгаа шүүгч, өмгөөлөгч гээд хууль хяналтын байгууллагынхан дотор ч Хамба ламын ойрын хүмүүс байгаа гэх мэдээлэл бий.

Мөн улс төрийн нөлөө бүхий нэгэн тус компанитай холбоотой асуудлуудыг хамгаалан ажиллаж байгаа талаар яриа сүүлийн үед чих дэлсэв. Энэ талаар мэдээллийг тодруулан эргэн хүргэх болно.

“Нүхт тур”-ын нууц ноёнтон яг хэн бэ?

Үргэлжлэл бий…

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *