Хакухо М.Даваажаргалын удирдаж буй сүмогийн “Мияагино” дэвжээний бөхчүүдийг ирэх дөрөвдүгээр сараас тараана гэж мэдэгджээ
Японы сумогийн их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал одоогоос хоёр жилийн өмнө Мияагино дэвжээний багш болсон. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Мияагино дэвжээнд харьяалагддаг 22 настай Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, дэвжээний багш Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулж, ояката нарын хамгийн доод хэсэгт оруулах, гурван сарын цалингийн 30 хувиар торгох, мөн А.Даваанинжийг зодог тайлуулж, сүмо бөхөөс хасах шийдвэр гаргасан юм.
Хокүсэйхо буюу А.Даваанинж нь дэвжээнийхээ бөхчүүдийг алгадаж, эмзэг хэсэг рүү нь цохих мөн тэдэн рүү шавьж устгах бодис цацаж, шүүрний ишээр гэмтээсэн цаашлаад мөнгийг нь хулгайлдаг байсан гэх мэт ноцтой мэдээллүүд дэлгэгдсэн ч удирддаг багш Хакүхо Даваажаргал дээрх асуудлуудыг огт мэдээгүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь Японы олон нийтийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн.
-БУСАД ДЭВЖЭЭНИЙ УДИРДЛАГУУД ХУРАЛДАН, ХАКҮХОГИЙН ДЭВЖЭЭГ ХААЖ, БӨХЧҮҮДИЙГ НЬ ӨӨР ӨӨР ДЭВЖЭЭНД ТАРААН, САЛГАЖ БАЙРЛУУЛАХААР ХЭЛЭЛЦЖЭЭ-
Өнөөдөр Японы үндэсний бөх буюу сүмо бөхийн “Хаврын барилдаан” эхлэж байгаа ч Хакүхогийн удирддаг Мияагони дэвжээг 59 настай Тамагаки удирдах юм. Мияагино дэвжээ нь Исэгахама бүлгийн харьяалалд байдаг бөгөөд тус бүлэгт ёкозүна асан Асахифүжи, озэки асан Кайо нар тэргүүлж, Котонишики, Кёкүтэнхо, Томонохана, Аминишики, Хомарэфүжи, Кайсэй, Ишиүра гэх багш нар багтдаг. Тэд энэ сарын 8-нд Осако хотод хуралдаж, хаврын барилдааны дараа Мияагони дэвжээг хаах талаар ярилцсан гэж Японы “Chiba nippo” хэвлэлд бичжээ. Тодруулбал, дээрх бүлгийн зарим багш нар хаах хэрэгтэй гэсэн байр суурь дээр нэгдсэн байна. Харин Мияагони дэвжээний одоогийн багш Тамакаги энэ талаар хэвлэлд “Дэвжээг хаах талаар асуудал яригдсан ч одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. Мияагони одоохондоо тогтвортой байгаа. Хэрвээ хаах юм бол ирэх дөрөвдүгээр сараас эхлэн тус дэвжээний бөхчүүдийг өөр өөр дэвжээнд хуваарилан тараах болно” гэж мэдэгдсэн байна. Мөн Мияагони дэвжээнд харьяалагддаг бусад сүмочид болох Энхо, Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц нарыг Хакүхогийн байхгүй дэвжээнд оруулж, салгах шийдэлд хүрчээ.
-СҮМО БӨХИЙН ХОЛБООНЫ ТАЙЛАНД ДУРДСАНААР “ХАКҮХОГИЙН ШАВЬ А.ДАВААНИНЖ ДОЛОО ХОНОГТ 2-3 УДАА ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮДДЭЭ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДДЭГ БАЙСАН” ГЭЖ ДУРДЖЭЭ-
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хакүхо М.Даваажаргал “дэвжээ өвлөхийн” тулд л Монголын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болж, Хакүхо Шо гэх нэрийг авсан. Дэвжээний багш болсноосоо хойш чамгүй хичээж Энхо, Хокүсэйхо Э.Даваанинж зэрэг дээд зиндаанд барилддаг бөхчүүдийг бэлтгэн гаргасан ч түүний энэ хичээл зүтгэл талаар болж байгаа нь харамсалтай. Мөн залуу бөх Хокүсэйхо Э.Даваанинжийг сүмо сонирхогчид дараагийн озэки, ёкозүна болно гэж өндөр хүлээлт тавьж байсан ч үзэгч, дэмжигчдийнхээ урмыг хугалаад зогсохгүй түүний гаргасан харгис үйлдлийн талаар Япончууд шуугисаар байгаа юм. Японы сүмо бөхийн холбооны тайланд дурдсанаар, А.Даваанинж нь нэгэн өсвөрийн бөхийг бие засах өрөөнд гурван цаг түгжиж, 20 ширхэг бургер идүүлсэн, хүүхдүүдийн хэтэвч, хуруунд нь супер цавуу нааж, дээрэлхсэн, мөн шүүрний ишээр бөхчүүдийг зодсон ба эдгээрийг үйлдэх үедээ тун сэтгэл хангалуун байж, тус үйлдэлээ долоо хоногт 2-3 удаа давтдаг байсан гэж дурджээ.