Т.Шимизү: Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй япончуудад сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн миний бие үнэхээр санаа зовж байна
Япон улсын Элчин сайд асан Шимизү Такэнори өөрийн цахим хаягаар монголчуудад хандан мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр “Миний бие Монголын сүүлийн үеийн мэдээг харж байхад сэтгэл сэрдхийлгэм зүйл болж буйг хараад хэдэн үг хэлэхээр шийдэв. Монголд сонгууль дөхөхөөр худал мэдээлэл тарааж хүний нэр хүндийг сэвтээн, харлуулдаг бохир соёл хөгжиж буй бололтой. Үүнийг гүйцэтгэж буй хүмүүс эхнээсээ л үүнийг муу санан хийж буй тул иймэрхүү хар пи-арт итгэхгүй байх нь чухал. Юм ойлгодог монголчууд надаас түрүүлээд ийм бодолтой болсон биз ээ.
Гэвч иймэрхүү байдлаар бусдыг харлуулахдаа япон хүний нэрийг ашиглах болбол сайтар нягталж байхгүй бол дипломат харилцааны шинжтэй асуудал болж болохыг онцлох нь зүйтэй. Сүүлийн үед, Монголын улс төр, нийгмийн сүлжээнд Сүрүга Монголын хэргийн талаар хэдэнтээ дурдах болжээ. Чингэхдээ хөрөнгө оруулагч, Японы парламентийн доод танхимын гишүүн асан Таками Юүичи тухайн үеийн Сүрүга Монголын захирал болох Хараг хөөн зайлуулахын тулд түүний буусан зочид буудлын өрөөнд марихуана оруулан баривчлуулсан хэмээн хамаатуулан бичжээ.
Миний бие тухайн үед Монголд суугаа Элчин сайд байсны хувьд бусдад гүтгүүлэн баривчлагдсан Хара захирлыг суллуулахын тулд ихэд хичээл чармайлт гаргасан билээ. Тиймээс Таками Юүичи уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгийг итгэлтэй хэлж чадна. Монголд хайртай Таками Юүичи Монголын хөгжилд нэмэр болох үүднээс Монголтой холбоотой бизнест хөрөнгө оруулж ирсэн нь үнэний дээр зөвхөн бизнес ч биш Тужийн нарсны ойг нөхөн сэргээхэд зориулж, сая илүү мод тарих хөрөнгө, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, Монголын тухайн үеийн Байгаль орчны сайдаас хожим нь сайшаал талархал хүлээж байсан хүн юм. Энэ хүний Сүрүга Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэдэг нь Жапан Таунд нэг байр худалдан авсан төдий агаад Сүрүга компани Монголд бизнесээ эхлүүлж байсан үеэс хөрөнгө оруулж хувьцаа эзэмшсэн хүн огтхон ч биш.
Гэвч харамсалтай нь, Сүрүга Монголтой шууд холбоогүй бөгөөд Монголын хөгжлийн төлөө эрмэлзэн ажиллаж ирсэн хүний нэр хүндийг ингэж хялбархан сэвтүүлж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл мөн. Энэ нь нөгөө талдаа, Хара захирлыг хутгасан ийм муухай хэрэг Монголд гарч байсныг дахин сануулахын сацуу үүнд ямар ч хамааралгүй Такамид хэргийн бурууг тохох гэж оролддог аймаар улс орон гэсэн сэтгэгдлийг бий болгоно. Энэ бүхний дүнд, эдгээр үйлдэл нь Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй япончуудад сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн миний бие үнэхээр санаа зовж байна.
Ардчилсан улсад үг хэлэх эрх чөлөө бүхнээс чухал боловч үүнийг буруугаар ашиглаж болохгүйн дээр энэ нь бусдын эрхийг зөрчиж болохгүйг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгждэг гэдгийг онцолмоор байна.
Монголчуудын эв нэгдэл, Монгол Улсын хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөе.
Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэнори” гэжээ.