Олон улсын эрүүгийн шүүгчийн тангараг өргөх ёслол болов

0

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Гааг хотноо тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэхээр тогтож, бүтэн жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам болон бусад байгууллагуудтай хамтран ажилласан байна. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган 2023 оны 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдаж, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

Уг чуулганы үеэр явуулсан санал хураалтын үр дүнд нийт 114 орноос 81 улсын санал буюу нийт нэр дэвшигчдээс хамгийн өндөр саналыг Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн авч сонгогдсон юм.  Д.Эрдэнэбалсүрэн нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн байцаан шийтгэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай шүүгч юм.

Олон улсын эрүүгийн шүүх нь18 шүүгчтэй бөгөөд  төрлөөр устгах, хүн төрөлхтөний эсрэг, дайны, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэдэг, байнгын ажиллагаатай байгууллага ба Нидерландын Хаант Улсын Гааг хотод төвтэй. 123 улс баталсан ОУЭШ-ийн Ромын дүрэмд Монгол Улс 2002 онд нэгдэн орсон түүхтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *