Ж.Сүхбаатар: Автобусны дуулиан нүүрсний хулгай, улс төрийн мафитай холбоотой

0

NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар оролцлоо. Тэрбээр ярилцлагын эхэнд хэлсэн үгэндээ “Би таван сар гаруйн хугацаанд ямар нэгэн телевизийн ярилцлагын зочноор оролцоогүй. Таны асуудал хөндсөн сэдэв дэвшүүлдэг “Лхагвын тойм” ярилцлагын зочноор оролцож байгаадаа баяртай байна” гэж тодотгожээ.

Таныг ажлаа өгснөөс хойш ярилцлага өгч байгааг хараагүй юм байна. Сүүлийн үед ордонд хааяа нэг тодруулга өгч байгаа харагдсан?

-Яагаад гэвэл тодорхой бус шалтгаанууд байсан юм. Одоо боломж бүрдсэн учраас энд тантай ярилцаад сууж байна. Харин шалтгааныг явцын дунд тайлбарлаж хэлье.

Уучлаарай мэнд мэдэлцсэн даруйдаа л төвөгтэй асуудал руу орох нь. “Ногоон автобус” эхлээд бодлого байсан, дараа нь хэрэг болсон. Танд үүсгээд буй Эрүүгийн хэрэг одоо ямар шатандаа явж байна. Энэ талаар тайлбар өгвөл?

-Автобусны дуулиан шуугиан нэлээн болголоо. Эрүүгийн хэрэг ч үүслээ. Миний хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр яллагдагчаар татагдсан. Үүнээс хойш мөрдөн байцаалтын явц шуурхай өрнөсөн гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар яллах дүгнэлтээ саяхан гардлаа. Өөрөөр хэлбэл, прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн процессын тухайд ярихад, мөрдөн байцаалтын ажил дууссан ч бид /өмгөөлөгч нар/ прокурорт гомдол гаргаж байсан.

Автобусны дуулиан нь өөрөө ойлгомжгүй. Миний хувьд ч тэр ойлгомжгүй зүйлүүд их бий. Энэ асуудалд олон шалтгаан давхцаж байгаа. Улс төрийн, бизнесийн сонирхолтой хүмүүсийн, хууль зүйн асуудлууд зэрэгцэхээр тухайн хэргийг би өөрөө шүүж яллагдагчаар татагдаж байна. Гуравдугаарт, би өнгөрсөн хугацаанд байр сууриа илэрхийлээгүй нь улс төрч хүн том шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдөлгөөнөөр бус хариуцлага учраас үүдэн гарах асуудалд би улс төрийн тодорхой байр суурь шийдвэрээ гаргах шаардлагатай зүйл тохиолдож байна. Үүнийг улс төрд олон жилийн туршлагаасаа харахад ойлгож л явлаа. Хэдийгээр 2012-2019 оны намар хүртэл долоон жил улс төрөөс хол байсан ч Их хуралд аядуухан ажлаа хийгээд явна гэж бодсон ч хувь тавилан маань таны хэлдгээр сайд болоод сүүлдээ нийтийн тээвэртэй холбогдож эцэст нь асуудалд орооцолдлоо. Одоогийн байдлаар прокуророос эхэргийг шүүхэд шилжүүлснийг би эрх үүргийнхээ хүрээнд эсэргүүцэл гомдлоо тавьсан. Шүүхэд хэрэг нь нээлттэй болбол мэдэж авах байх.

Автобусны дуулиантай холбоотой иргэдийн төрд итгэх итгэл уналаа. Үүний цаана улс төрийн ч асуудал үүслээ. Энэ хэрэгт танаас гадна ямар албан тушаалын хүмүүс хүмүүс татагдсан бэ. Боломжтой бол нэрийг нь хэлж болох уу?

-Мөрдөн байцаалтын нууцын баталгаа гэж биднээс авдаг. Хэрэгт татагдаж байгаа хүмүүсийн нэрс хүний хувийн эмзэг мэдээлэлд багтдаг учраас АТГ, прокурор мэдээлэхдээ нэрийн эхний үсгийг тавьдаг шүү дээ. Олон нийтэд цацагдсан мэдээллээр 20 гаруй хүн яллагдагчаар татагдсан. Сүүлд үйлдвэрлэгч талын БНСУ-ын хоёр иргэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм шиг байна билээ. Улс төрийн өндөр албан тушаалтан гэдгээр нь намайг хэрэгт татагдсныг олон нийтэд зарласан шүү дээ.

Д.Сумъяабазар дарга шалгагдаж байгаа хэрэг байгаа юу?

-Хотын дарга гэрчийн мэдүүлэг өгсөн юм билээ. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдгээр нь надад асуудал тавигдсан учраас яллагдагчаар намайг татсан. Иймээс яриандаа халаад мөрдөн байцаалтын нууцыг нь дэлгэвэл нэмээд асуудал үүсч магадгүй. Гэхдээ иргэдэд хандаж хэлэхэд, би ямар нэгэн авлига авч үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй. Энэ тухай мэдээллийн сайтууд нэг өнгөөр бичсэн байна билээ. Хөдөлшгүй баримт байгаа гэх. Ийм зүйл байхгүй. Намайг буруутгаж байгаа үндэслэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Тодруулбал, автобус хүлээн авах ажиллагаанд намайг хууль бусаар нөлөөлж үүрэг даалгавар өгсөн гэж байгаа юм.

Хууль бус даалгавар өгсөн гэдгийг нотлох баримтаар тогтоогдсон гэсэн үг үү?

-Үүнийг нь эсэргүүцсэн, нотлох баримт ч асуулаа. Товчхондоо, намайг хилс хэрэгт гүтгэсэн. Ер нь томоохон дуулиан шуугиантай хэргийн цаана хэргийн эзэн байх ёстой мэтээр хэн нэгнээр туг тахьдаг. Энэ үлгэрээр л улс төрийн барьцаанд орсон. Энэ тухай дараа нь хэлнэ. Мэдээж сонгууль дөхсөн байсан, автобусны худалдан авалтад сонирхол нэг бүлэг этгээдүүд байсан, хувь хүний хувьд ч тэр авлигын эсрэг тэмцэж явсан хүн тодорхой хэмжээгээр өширхсөн бүлэг хүмүүс зэрэг олон зүйл нөхцөлдсөн. Тиймээс маш том дуулиан болгож нүүрсний хэрэг явдал яригдаж, нүүрсний хулгайг дарахуйц хэмжээний асуудал болгосон. Сонгуульд ямар нэгэн байдлаар оролцох сонирхолтой хүмүүс энэ хэрэгт оролцсон байх магадлалтай байхгүй юу. Жишээ нь, сонгуульд нэр дэвших сонирхолтой хүний, өөрийн намын хүмүүс цахим орчинд Т.Сүхбаатар дээр өрж тавьсан нэг сайт 100 сая төгрөг авч үүнийг жижиглэж бусад сайтуудад тарааж түгээх зэрэг олон ажиллагаа явуулж байгаа юм. Энхбаяр сайд хэлсэндээ, “миний эсрэг ажиллагаа удахгүй мөнгө тарааж явагдна” гэж. Энэ дотор би хүртэл хавчуулагдсан байгаа юм. Өглөө босоод л намайг твиттерт бичдэг хүмүүс байгаа. Одоо та бид хоёрыг нэвтрүүлгийг үзээд л бичнэ. “ногоон автобус”-ны мөнгийг авъя хулгайч аа гээд л.

Нүүрсний сонсгол болох үеэр энэ асуудлыг та ч хөндөж байсан. Улс төрчид ч хөндсөн. Тодруулж асуухад таныг ямар шалтгаанаар юунд үндэслэж буруутгаад байгаа юм бэ. Ямар зүйл, гарын үсэг юм уу. Хүнд үүрэг даалгавар өгсөн юм уу. “Ногоон автобус”-ыг “Тэнүүн-Огоо” ХК-д өг гэж та үүрэг даалгавар өгсөн юм уу. Шалтгаан нь?

-Дээр дурдсан асуудал л байхгүй юу. Намайг буруутгаж байгаа нэг зүйл нь, сүүлд дуулиан болдог 100 автобус. Анх 20 автобус хүлээж авсан. Дараа нь 80 автобус хүлээж авахаар байсан ч сүүлд дуулиан боллоо. Автобусаа авч амжаагүй байхад хэл ам таталж эхэлсэн. Уг нь итгэл үнэмшилтэйгээр Daewoo брэндийн автобусыг сонгосон. Учир нь Монголд танигдаад аль хэдийнэ 13 өвлийг давсан шүү дээ. Гэтэл шүүмжлэл гармагц хотын даргатай ярилцаад олон нийтэд танилцуулахаар төв талбайд байршуулах санаа гаргасан ч цаана нь янз бүрийн асуудал үүсч байгааг мэдээгүй. Анх удаа худалдан авалтынхаа бараа бүтээгдэхүүнийг талбайд байршуулсан даруйд л асуудал улам дүрэлзсэн. Хуучин автобусыг засварласан гэх шүүмжлэл тасраагүй. Харин ч бид автобус хүлээж аваагүй байхад нь олон нийтэд ил болгосон. Цаад утгаараа бид хоёрын аль аль нь тухайн автобус доголдолтой буруу гэж бодохгүй байсан. Зохих ёсоороо шаардлага хангасан гэж үзэж байна шүү дээ. Гэтэл анх хүлээж авсан 20 автобусыг хэл амгүй гэж ойлгоод л хурдан үйлчилгээнд гаргах ажлын зүй ёсны шаардлага тавьж байсан байхгүй юу. Харин энэ автобусууд нь гэрээнд заасан зүйлд хүрээгүй зүйлүүд байсан нь намайг мэдсээр байж байгаад хүлээж ав гэдэг үүрэг даалгавар өгсөн.

Яаж нотлох вэ?

-Үүнд Мөрдөн байцаалтын нууц орж байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, миний эсрэг мэдүүлж байгаа ганц зүйл нь утсаар болон биечлэн уулзаж танилцуулж хэлж байсан. Би мэдсээр байж дутуу автобусыг хүлээж ав гэж хэлсэн. Нэг үгээр хэлбэл, би шахаа хийсэн гэдэг ийм маягаар л буруутгаж байгаа. Энэ нь огт үндэслэлгүй. XX зуунд хонгилын тухай их ярьсан, XXI зуунд Энхбаяр гишүүн бид хоёр шүүхийн тухай хуулийг шинэчилж хонгилын нөлөөлөл бүхий том улс төрчдийг алга болгох тухайд нэлээн ажилласан. Өнөөдрийн процессын хуулиудыг харахад учир дутагдалтай зүйлүүд байна. Тухайлбал, АТГ-ын тавих хяналт шалгалт үнэхээр дутуу юм байна. Хэрэг мөрдөх явцад цаашид анхаарахгүй бол тулгах маягтай. Тухайлбал, надтай холбоотой хэрэгт Сар шинийн баярын өмнө яллагдагчаар татагдсан А.Ганхуягийн ил захидлаас зарим мэдээллийг олсон. Тэр хүнийг “Т.Сүхбаатарын эсрэг мэдүүлэг өг, одоо аваагүй бол дараа ав” гэж тохиролцсон гэж байгаа юм. Гэтэл надтай холбоотой хэрэгт мэдүүлэг өгч байгаа хүмүүст шахалт үзүүлсэн байх магадлалтай. Миний эсрэг мэдүүлэг өгч байсан хүмүүс эхлээд мэдүүлэг өгөхдөө асуудал үүсээгүй, зүгээр байсан мөртлөө дараа нь намайг буруутай гэх мэтээр мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Үүнийг нэг бүрчлэн ярих боломжгүй. Гэхдээ би ямар ч тохиолдол мөнгө идээгүй. Автобус хүлээн авах үйл ажиллагаанд алдаа дутагдал гарсан учраас буруутгаж намайг байгаа ч би хуульзүйн хувьд ийм эрх үүрэг хүлээгээгүй, ямар нэгэн хүлээн авах ажиллагаанд оролцохгүй. Гэтэл хэрэгт холбогдсон. Хуулийн хүний нэг зовлон нь бүх процессоо ойлгож байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийгөө өмөөрч хамгаалахаас илүү мөрдөн байцаалтын ажил эхэлсний дараа хэрэгтэй танилцахыг урьтал бодсон.

Таныг буруутгахын тулд анхаарлын төвд байгаа А.Ганхуяг гэх хүнийг АТГ-аас оролцуулсан юм байна тийм үү. Мөн таныг “ногоон автобус”-ыг хүлээж ав гэж чиглэл өгсөн нь мэдүүлэг юм байна. Гэхдээ энэ нь эхний биш мэдүүлэг юм байна. Зөв үү?

-Зөв. Үүний талаар нэг зүйлийг тодруулахад, зөвхөн Авлигатай тэмцэх газар гэж хэлж болохгүй. Бүгдийг нь нотолж чадахгүй. Энэ дотор тодорхой хүмүүс хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар намайг баталгаатай баримттай болгож байна гэж яллах гэж оролдсон байгаа байхгүй юу.

Тодорхой хүмүүс гэдгийг нэмж яривал. Улс төрд танай нам найман жил илүүрхэж байгаа. Одоо ч танай нам давамгайлж байгаа. Хууль хяналтын байгууллагад ч тэр танай нам л хүмүүсээ тавьж байгаа. Танай намын оролцоо давхар ямар байгаа вэ?

-Автобустай холбоотой хэрэгт зуу, зуун сая алга болж хулгайлсан юм шиг ярьж байгаа юм. 400 сая төгрөгийн автобус худлаа бичдэг аль эсвэл 400 тэрбум төгрөгийн автобус гэж бичээд л. Үүнийг харсан хүмүүс шууд л ойлгоно. Энэ бол сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа хэсэг бүлэг, автобусны худалдан авалттай холбоотой цавчаа хийхээр санаархаж оролцсон нэг хэсэг бүлэг, нөгөө хэсэг бүлэгт нь би өмнө нь газрын наймаа, нүүрсний пракцыг их шүүмжилж байсан болохоор өш санасан хэсэг байгаа юм. Тэд хууль хяналтын байгууллагатай одоо ч холбоо сүлбээ нь алдагдаагүй байгаа.

Т.Бадамжунай нар?

-Тийм. Дөрөв дэх нь манай намын удирдлагын түвшинд байгаа хүмүүсээс өөрийнхөө сонгуулийн үед ажиллуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь намайг хусч байгаа байхгүй юу. Нууц биш. Өөрт нь хэлсэн л дээ. Гэхдээ энд яриад яах вэ. Монгол жижигхэн, бүх зүйл ойлгомжтой. Одоо ямар байдал үүсч байна вэ гэхээр тал талаас олон дайралт, хүчин зүйл орохоор би дайралтыг ойлгоно. Шүүмжлэлийг хүлээж авна. Харин гутаах доромжлох нь өөр асуудал. Намайг тойрсон санал шүүмжлэлүүдийг харахаар 90 хувь нь гутаах доромжлох зорилготой. Би хүнд гомдож сэтгэлээр унадаг хүн биш. Миний сэтгэл санаа хүнд байсан зүйл бол дэвшүүлсэн бодлогын зорилт маань яагаад хүндэрч асуудал үүсэв гэдэгт шаналсан. Дээр нь манай намын нөхөд намайг буруутгаж байгаа нөхцөлд Равжаахутагтын үг байдаг даа “Хажууд нь байсан хүн хүртэл хор хутгаж өгөхөд “Чи хүртэл ингэж байгаа бол ууя даа” гэсэн шиг миний итгэж найдаж хамтарч байсан, харилцан том бодлогуудад зүтгэж байсан хүмүүс дотроос ч байсан. Би эсэргүүцэл үзүүлээгүй. Өнгөрсөн таван сарын хугацаанд би өөрийгөө хамгаалах нэг ч үйлдэл хийгээгүй. Хүмүүсийн хэлдгээр шүүмжлэлээр маш сайн нүдэг, маш сайн зодог. Үнэнээр зодуулах нь зөв. Харин худлаар зодуулах хэцүү ч миний л тавилан юм даа. Улс төрд олон жил унаж босч явсан хүний туршлагаар харахад шүү дээ. Тиймээс энэ бол миний даах ёстой, мэдүүлэх ёстой. Энэ бүх асуудал нөхцөлдсөн нь Монгол Улсын сайдын алба. Хүний суудал өнцөгднө гэгчээр сайдын албыг хүлээж авснаас хойш асуудалтай орооцолдсон. Ер нь Монголын нэг зовлон хуулийн байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээлэл гурав төр, иргэний нийгмийн байгууллагыг хүчтэй байлгах ямар ч боломжгүй болгосон. Хуулийн мафийн хэвлэл мэдээллээс гадна улс төрийн намтай зөвлөлдсөн томоохон далд бизнесийнхэн сүлбэлдсэн. Энэ бүгд манай нийгмийг чөдөрлөж машиндаж байгаа байхгүй юу. Хэрэв би авлигын тухай ярьж байсан бол намайг “Т.Сүхбаатар авлигач” гэж цоллоод л хууль шүүхээр ороход улс төрийн намаас “Т.Сүхбаатарыг хурдан явуул” гэдэг л процесс өнгөрсөн хугацаанд өрнөлөө. Дээр хэлсэнчлэн би дуугай л байлаа. Нэгэнт тал талаас махчин шиг дайрч, ажил хийж явахад магадгүй зарим зүйлд алдаа гарсан байж болох ч цоллож дайрч байгаа үед би яах ёстой вэ гэхээр гол философи нь шуурганы өөдөөс сөрж зогсоод нэмэргүй гэж. Би өрөвдөж хайрлуулна гэж байхгүй. Улс төр өөрөө харгис орчин. Тэр тусмаа одоо цаг үе бол ерөөсөө бүх хүн бухимдалтай, нийгмийн хувьд хэцүүхэн байгаа, манай улс авлигаар дүүрэн байгаа нь төрийн чадамж сул, том төслийн ард үргэлж хулгай луйвар явж байна. Ингээд энэ цикль дотор нь ороход сайд болоод бодлого гаргахад л орж асуудалд татагдаж байгаа байхгүй юу.

Зөвхөн нийтийн тээвэртэй холбоотой та ямар бодлого боловсруулж дуулиантай автобуснуудыг оруулж ирэв. Ер нь хэчнээн автобус оруулахаар төлөвлөж байв. Танд хэр их мөнгөний боломж бололцоо байв?

-Товчхон ярихад их төвөгтэй. 2022 оны наймдугаар сарын 29-ны өдөр намайг Монгол Улсын сайдаар томилох намын даргын шийдвэр удирдах зөвлөлд танилцуулагдсан. Би түгжрэлтэй холбогдуулан сайд болох гэж байгааг тухайн өдөр хурлаас өмнө мэдсэн. Мэдээж хотын даргатай ярьж “Ийм байж болохгүй” гэж хэлсэн. Д.Сумъяабазарт хэлсэн үгээ хэлье, энэ чинь түүх юм “Чи бид хоёр найз ч энэ албан тушаал би чамд, чи надад хөнөөлтэй байж болохоор эрсдэлтэй албан тушаал байна. Ийм л зүйл боллоо, би сэтгэл дундуур байна” гэж хэлсэн. Хариуд нь “Бид хоёр зөрчилдөөд сүйд болохгүй биз дээ. Хотынхоо хөгжилд тусалж дэмжээд Ерөнхий сайд бодлогоо гаргаж байгаа нь олж харсан учраас л тэр байлгүй дээ” гэж хэлсэн. Ингээд л бухимдсан хүн толинд өөрийгөө харахад нүд улайсан, даралт ихэссэн. Асар өндөр хариуцлага, асар өндөр зүйлтэй нүүр тулж байгааг төрд олон жил ажилласан хүн мэдэрнэ шүү дээ. Гэтэл энэ чинь өөрөө тодорхой нэгж байхгүй. Ингээд л эхнэртээ хэлэхэд манай хүн ч нэг их зүйл бодоогүй байх “Ерөнхий сайд чамайг чадна гэж итгэсэн юм байлгүй дээ” гэж хэлсэн. Тэр үед би “Үгүй ээ, энэ бол чадна, чадахгүйн тухай зүйл биш. Авлигыг арилгаж ядуурлыг бууруулна гэдэгтэй л ижил. Зүгээр л замын хөдөлгөөний зохицуулалтын асуудал биш” гэж хэлсэн юм. Хэдийгээр надад нарийн мэдээлэл байгаагүй ч дүр зургаар нь гадарлаж байсан. Сайтар эргэцүүлсний эцэст өөрийгөө тайвшруулсан минь Ерөнхий сайд зөв замд явж байхад маш том гал дүрэлздэг гэж. Манай Дэлгэрсайхан сайд хэлж байсан даа “Хайруулын тавган дээр суух ажил” гэж. Тэгэхээр би нэг жил нэг сар ажилласан хүний хувьд хайруулын таваг ч биш шарах шүүгээнээс л гарч ирснээс өөрцгүй. Бараг л амьд уу, үгүй юу гэдэг нь бэрх. Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн маш хүндрэлтэй, шууд шүүмжлэлд өртсөн энэ албан тушаалд очиж байгаа өөрийгөө хувь тавилан гэж бодсон. Төсөөлж байгаагүй зам миний ухаан шийдлээр шийдэгдээгүй тул үүрэг хариуцлага. Ингээд л чадлаараа зүтгэхээр шийдэж Ерөнхий сайдын багт ажиллах үүргийг өөртөө өгсөн. Улс төрч хүн гонгинодоггүй. Эцэст нь миний хариуцлага болоод л үлдлээ.

Товчхондоо, таны хувьд сайдаар томилогдох дургүй байсан ч Ерөнхий сайд таныг хүчээр томилсон юм байна. Хэсэг хугацаанд та бодож үзсэнийхээ дараа шийдвэрээ гаргажээ?

-Мэдээж тийм.

Та ажлаа барьж авсан даруйдаа хамгийн эхэнд бодлого л гаргана. Үүний хамгийн чухал нь нийтийн тээвэр байсан. Энэ салбарыг шинэчлэх бодлогоо яагаад нэн тэргүүнд тавьсан бэ. Энэ ажлын хүрээнд эчнээн төгрөгөөр автобус авах гэж оролдов. Үүнийг та товчхон тайлбарлахгүй юу?

– Сайдаар томилогдсныхоо дараа есдүгээр сарын 1-нд ажилдаа орж байгаа юм. Сэтгүүлч “Та юу хийх гэж байна” гэж асуусан нь надад нэгийг бодогдуулсан. Тухайн үед “Түгжрэлийг бууруулахад бүх талын оролцоог хангаж ажиллана. Ерөнхийдөө хүнд асуудал” гэж хариулснаа санаж байна. Гэтэл “маш хүнд асуудалтай тулгарлаа” гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд аль ч УИХ, Засгийн газрын түвшинд харахад түгжрэлийн эсрэг тодорхой бодлого чиглэл хэнд ч байгаагүй. Юу байсан гэхээр хотын дарга Д.Сумъяабазар цаг ашиглаж хууль батлуулж, түгжрэлийн эсрэг шийдэлд Нийслэлийн Засаг даргын орлогч н.Одсүрэн төлөөлөгчид хариуцуулж байсан юм билээ. Тэрбээр бодлого чиглэлд нь анхаарч ажиллаж байгаад намайг томилогдохоос өмнө НИТХ-иар түгжрэлийн эсрэг бодлого чиглэл батлуулсан юм билээ. Тэр нь ажлын жагсаалт. Энэ дотор бодлого ч орсон юм бий, ажил ч бий. Эндээс ойлгосон зүйл нь олон замбараагүй ажилд улс төрч хүний нэг зорилт байдаг “Асуудлынхаа цар хүрээг тодорхойлж хумих ёстой. Ингээд надад харагдсан зүйл нь нийтийн тээврийн салбар дампуурлын байдалтай байгаа нь ажиглагдсан. Үүний цаана бүр айхтар зүйл ч байгааг мэдсэн. Тэгэхээр нийтийн тээврийг сэргээх ёстой юм байна гэж харсан. Хоёрдугаарт, Улаанбаатар хот төлөвлөлтгүй явж байгаа юм байна. Хотын ерөнхий төлөвлөлтөө батлуулж чадахгүй Засгийн газар, УИХ-ын босгыг давж чадахгүй Барилга хот байгуулалтын яамтай асуудалтай. Гуравдугаарт, автозамын сүлжээний асуудал. Үүн дээр 2016-2021 онд гурван километр зам барьсан мөртлөө ихэнх нь артерын зам гэж ярьдаг хотын гол түгжрэлийг авдаг 160 километр замд чиглэсэн зам бариагүй. Сонгуулийн хооронд гэр хорооллын голоор их зам баригдсан. Улаанбаатарын замууд 1100 гаруй километр гэж яригддаг. Тиймээс замын сүлжээг өргөтгөх нь чухал асуудал байсан. Дөрөвдүгээрт, замын зохион байгуулалт, тавдугаарт хууль эрхзүйн орчин соён гэгээрүүлэх асуудал. Ийм таван багцын хүрээнд асуудлаа тодорхойлж үүний дотроос хамгийн чухал нь ямар ч тохиолдолд нийтийн тээвэр. Энэ салбарт нийт 19 компани ажиллада. Үүнээс 17 нь зах зээлд ажилладаг. Хоёр нь нийслэлийн өмчит компанги. Ингээд нийтийн тээврийн 70 хувь нь хувийн өмч бол 30 хувь нь нийслэлийн өмч. Ийм нөхцөлд харахад татаас нь 200 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид 300 тэрбум төгрөгт хүрэхээр, үйлчлүүлэгчдэд зориулагдаагүй. Намайг автобусанд сууж байгаагүй гэдэг. Би автобусанд суусан л даа.

Автобус хүлээж байгаа зураг уу?

-Алдарт зураг нийгмийн сүлжээнд цацагдсан даа. Тэр нь автобусны зогсоол, автобусны талаар хүмүүст шүүмжлүүлэх замаар ойлгуулах. Нэг сонин зүйл байгаа нь, дээр дурдсан, хүмүүс бодлогоо гаргах үедээ инээдтэй нь сайд болсныхоо дараа хоёр сар цалин аваагүй. Нэг сар цалингаа хүлээгээд карт шалгасан мөнгө байхгүй. Гэтэл би ажилтангүй, төсөвгүй. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо төсөв байхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөлөөс хэрэг зохицуул гэдэг. Ингээд байгаагаас нэг гишүүн, туслах зөвлөлтэй.

Дараа оны төсвөөр л Түгжрэлийг бууруулах үндэсний хороо төсөв батлуулжээ?

-Тийм. Наана нь төсөв байхгүй. Дээр нь цалин орохгүй. Есдүгээр сарын цалин орохгүй болохоор нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Их хурлаас асуулаа. УИХ-аас цалин авна гэж ойлгоод чимээгүй байтал хоёр дахь сараас ч цалин ороогүй. Дахиад асуутал Засгийн газраас цалин авах ёстой гэдэг хариулт өгсөн. Би ямар Засгийн газрын гишүүн ч байсан биш. Ер нь асуудлаар дүүрэн ч мөнгөгүй сайд. Хэвлэлийн төлөөлөгч ч байхгүй. Гэтэл есдүгээр сарын 5-аас хойш түгжрэлд намайг буруутгаж цоллож эхэлсэн. Асуудал шүүмжлэл есдүгээр сарын 10-аас хойш бүр хурцадсан. Гэтэл би энэ бүгдэд нь хариулах хэвлэлийн төлөөлөгчгүй, ажилтангүй, өөрөө цалингүй хоёр сарыг бухимдал дунд өнгөрөөсөн. Энэ хугацаанд нийтийн тээврийн бодлого чухал гэж анзаарсан. Энэ салбар нэн тэргүүнд байж асуудлыг нь шийдсэнээр дараа дараагийн асуудал яригдна. Гэхэд намайг шүүмжилдэг улс төрч, сэтгүүлчид “Автобус чухал биш, нийтийн тээврээр түгжрэлтэй тэмцнэ гэж байхгүй” гэж шүүмжилж байсан нь одоо ч цахим орчинд байгаа. Нийтийн тээврийн бодлого нь терменалууд, жолоочийн сургалт, цалин хөлс, автобааз, автобусны тоо хэмжээ. Автобусны хэрэгт Т.Сүхбаатар буруутай гэдгийг нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс цахим орчинд цацаж байгаа. Ер нь сайдын албаасаа буух талаар эхний сар бодогдож байсан. Гэтэл аравдугаар сарын 1-нд төсөв боловсруулах үеэр урам орсон нь нийтийн тээврийн шинэчлэлтийг Ерөнхий сайд дэмжихээр болж Улаанбаатар хотод 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөх тухай хэллээ. Ингээд автобус хариуцсан түүхээ ярихад, тэр үед хажуунаас Эдийн засгийн хөгжлийн сайд “Хотод мөнгө өгөөд хэрэггүй” гэсэн. Ер нь хотод мөнгө өгөхөөр олон аллегрей бий. Хулгай, луйвар их гардаг болохоор нэр хүнд нь унасан газар. Ингээд Т.Сүхбаатар сайдад хариуцуулах санал гаргацгаахад нь би дэмжээгүй. Тухайн үед би “Хэл амтай мөнгөний асуудалд оролцохгүй. Өмнөх улаан автобусны дуулиан ч байгаа” гэж хэллээ. Харин Хуульзүйн сайд Х.Нямбаатар “Та автобус ч үгүй, мөнгө ч үгүй хот үлдэхээр та хариуцаж ав” гэхэд нь би дуугараагүй. Гэтэл зарим хүмүүс намайг өөртөө зориулж мөнгө төсөвлөсөн гэж шүүмжилдэг. Цаад шалтгаан нь би тэр мөнгийг авахгүй гэж зүтээд төсвийг боочихлоо. Өмнө нь 420 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлт, суругуль цэцэрлэг замын асуудал гэх мэт тал талдаа үрэгдсэн юм билээ. Тэгээд нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхэд яаралтай 400-500 автобус хэрэгтэй байна.. Ихэнх нь 350-иас доошгүй цахилгаан автобус худалдан авсны дараа нэгдүгээр эгнээг чөлөөлөх зэргээр иргэдэд сонголт өгсөн хойно нь метро барих, LRT төсөл гэх мэт хүнд төслүүдээ хийхээр зорьсон.

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FNTVNewsMN%2Fvideos%2F378129565072004%2F&show_text=false&width=560&t=0

Мөнгөтэй ч боллоо, хэдэн автобус оруулж ирнэ гэж тооцож байсан юм?

-Дээр дурдсанчлан 350 гаруй цахилгаан автобус, 50 орчим дунд оврын автобус, дизель 100 гаруй зэрэг нийт 500 гаруй автобусны хэрэгцээ шаардлага байсан. 2022, 2023, 2024 оныг дамнуулан харахад циклээр 1000 автобус жагсаалтаас гарч байсан. Ер нь гарсан байсан. 10 жил явах ёстой автобус 11-13 жил явсан байдаг. Гэтэл одоо муу хэлээд байгаа Daewoo нь 2009 онд С.Баярын Засгийн газрын үед 400 автобус оруулж ирсэн гэж байгаа нь Монголын 13 өвлийг давсан. Сүүлдээ 40 нь санжиганаад л өвлийн хүйтэнд цантаад л явсан шүү дээ. Тиймээс ямартай ч 318 тэрбум төгрөгөөр төсвөө батлуулсан. 2023 онд 272 тэрбум төгрөг, үлдсэнийг нь 2024 онд авахаар над дээр оноосон. Гэсэн ч би тендер шалгаруулах хүн нь биш, бусад яам шиг нэгжгүй учраас шилжүүлж таарсан. Ингээд арванхоёрдугаар сард эрхээ шилжүүлэх тушаал гарч хотын дарга луу шилжүүлэхдээ бодлогоо шингээсэн. Үүн дээр 500 автобус авна гэж төлөвлөж байснаар арванхоёрдугаар сард асуудал гарсан нь өндөр дүнтэй цахилгаан автобус гэж яригдахгүй юу. Гэтэл өмнө нь оруулж ирсэн цахилгаан автбоснуудын сайн, муу жишээг сонстол манайд гарааш байхгүй. Тэгэхээр олон цахилгаан автобус өвлийн хүйтэнд хөлдөх аюултай. Хоёрдугаарт, цэнэглэгч хэрэгтэй, гуравдугаарт, эрчим хүчний асуудал. Хэрэв цахилгааны найдвартай байдал байхгүй бол өндөр дүнтэй оруулж ирсэн өчнөөн автобус нь өвөлдөө зогсох эрсдэлтэй. Иймээс бодлого гаргахдаа, 150-иас доошгүй цахилгаан автобус, дизель автобусыг багаар нь 400-гаар тооцож байсан л даа. Ерөнхийдөө анх удаа нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэлт хийхийг Засгийн газар дэмжсэн тул автобусны тоогоо өсгөж тооцоонд байгаагүй 50 дунд оврын автобус, 600 дизель автобус зэрэг нийт 810 автобусыг зах зээлийн боломжит үнээр авах бичигтэй явуулсан. Сайдын хувьд парк шинэчлэлтээ 100 хувьд хүргэх амбицаар автобусны тоог нэмсэн. Ингээд сонгон шалгаруулалтын аргаар явсан.

Товчхон дүгнэвэл?

-.Ерөнхийдөө 318 тэрбум төгрөгөөс 134 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд 55 цахилгаан автобусны мөнгө, 50 дунд оврын автобус нийт 105 автобусны мөнгө төлөгдсөн. Гэтэл хажуугаар нь оруулж ирэх Daewoo-гийн 100 автобуснаас эхний 20 нь хал балгүй хилээр шалгагдаж орж ирсэн гэж ойлгоод л олон нийтэд танилцуулсан. Гэвч одоо бодоход хууртсан л байгаа байхгүй юу. Хэргийн материалтай танилцахад зарим зүйлийг дэлгэрэнгүй ярьж болохгүй ч нэг зүйл нь 2023 онд үйлдвэрлэгдсэн автобус ч техникийн зарим шаардлагад хүрээгүй байна. Технологийн бус аргаар угсарсан гэдгийг нь ч олон нийтэд цацсан юм билээ. Daewoo брэндийн автобус нь 325 сая төгрөгийн үнэтэй. Саяхан оруулж ирсэн Хятадын Yutong брэндийн автобус нь 275 сая төгрөг байхгүй юу. Гэтэл 165 тэрбум төгрөгийг бид аваад зарцуулсан юм шиг ойлгоод байдаг. Үгүй юм аа, миний төлөвлөсөн мөнгөнөөс одоогийн хотын дарга 600 автобус авсан. Ингэхдээ цахилгаан автобусны тоог багасгаад оронд нь нэг дор 600 автобус авч болж байгаа юм. Бүх автобус ч баларсан юм биш. Миний тооцсон 800 автобусны хүрээнд эхлээд 55 цахилгаан автобус оруулсан. Үүнийг өнөө ногоон автобус гэж хольж хутгаад байдаг. Гэтэл энэ нь Хятадаас оруулж ирсэн цахилгаан автобус. Саяхан Дарханд 20 цахилгаан автобус явж эхэлсэн нь би Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын хүрээнд түгжрэлийг сааруулах бодлогоор шилжүүлж авсан байхгүй юу. Мөн энэ хүрээнд Дархан хот 2022 онд 3000 гаруй иргэнийг шилжүүлж авсан.

Автобус худалдан авах ажиллагааг “Төрийн нууц”-ад оруулах шаардлагатай байсан юм уу?

-Би нууцад хамруулсан биш. Ер нь нууцад хамруулаагүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийнхэн тайлбар хийсэн шүү дээ. 3.4-т Тендерийн тухай хуульд Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байвал тендерийн хуулийн заалтуудыг мөрдөхгүй байх боломжтой. Энэ нь нууцад авч байгаа юм биш. Шууд нууцаар нэг компани аваагүй. Д.Сумъяабазар, Т.Сүхбаатар нар дуртайдаа автобус аваагүй. Үе үеийн хотод жил бүр парк шинэчлэхгүй даамжирсаар өнөөдөр хүргэсэн. Шалтгаан нь, тендер зарлаж чаддаггүй аль эсвэл тендергүй худалдан авалт явагддаг. 2009 оноос хойш тендергүй шууд худалдан авах хэлбэрээр явж ирсэн юм билээ. Тэгэхээр 224 улаан автобусыг 3.4-өөр оруулж ирсэн бол БНСУ-ын 600 автобусыг мөн л ингэж оруулж ирэх нь гарцаагүй байхгүй юу. Үүнд маргаан үүсгээд явбал хагас сая хүний зорчилт хөдөлгөөний асуудал ирэх өвөл гэхэд автобус тэг зогсох, шатах асуудал үүсэх байсан. Хагас сая хүн зорчоод байгаа боловч Улаанбаатар хотын асуудал. Ноцтой үр дагавар нь энэ. Улаанбаатар хотын асуудал Тиймээс л Тагнуулын ерөнхий газрын бичигт нийтийн тээврийн парк шинэчлэлт аюулгүй байдалд хамаарах үндэслэлтэй гэж дурдсан. Одоогоор 76 тэрбум төгрөгийн хохирол яригдаж байгаа. Үүнийг нөгөө тал барьцаа хөрөнгө хэлбэрээр барагдуулах боломжтой. Нэг асуудал байгаа нь, цагдан хоригдож буй Ганхуяг гэх нөхөр солонгосуудтай гэрээ байгуулсан. БНСУ руу мөнгө өгсөн. Тэр дуулиан гарах үеэр дахиад 100 автобус нь Вьетнамаас гарах байсан ч ачигдаагүй үлдсэн. Нөгөө тал хохирол ярих байх л даа. Гэхдээ бид хүлээж аваагүй.

Daewoo-г яагаад сонгов?

-Би сонгоогүй. Daewoo гэдэг нь “Xail Motors” гэх компани нь тус брэндийн автобусыг үйлдвэрлэдэг. Манайхан дампуурсан гэж ойлгодог.

БНСУ-д очтол ийм компани байхгүй байсан гэцгээдэг?

-Тэр худлаа. 1997-1999 онд Daewoo-гийн дампуурал үргэлжилж өөр компани худалдан авсан. Компани дампуурсан ч алга болохгүй шүү дээ. Ингээд зарагдахад одоогийн толгой компани худалдан авсан. Тэгэхээр манайх 2009 онд тус компаниас автобус авсан гэж тооцвол 1997-1999 онд дампуурсан компани хаанаас хэнээс авсан байж таарах вэ.

Шинэ автобус арлын дугаараар 1993 онд үйлдвэрлэгдсэн гэдэг нь тодорхой болсон гэх. Энэ ямар учиртай вэ?

-Үнэнийг хэлэхэд би мэдэхгүй арлын дугаарыг. Хяналт тавиад арлын дугаар хөөцөлдөх эрхтэй хүн ч би биш. Ямартай ч алдаа доголдолтой зүйл байсныг би мэдэхгүй. Харин хяналтын байгууллага нь үүнийг харж хянах ёстой. Тиймээс би хуулийн хүн учраас техниктэй холбоотой асуудлыг мэдэхгүй ч хийж байгаа ажлаа мэднэ. Миний хийж байсан төрийн олон ажил байгаа. Нэг ч төгрөгийн асуудалд орооцолдож байгаагүй. Ер нь би мөнгөнөөс холж явж айж ирсэн хүн.

Монгол талаас яагаад Тэнүүн-Огоо ХХК-ийг сонгов?

-Сонгон шалгаруулах процесст би оролцохгүй. Нийслэлийн худалдан авах ажиллагааны талаар үнийн санал авч, хамаагүй бага саналтай 325 сая төгрөгийн үнэтэй. Ер нь Солонгосын автобус үнэтэй. Гэхэд 30 хувиар хямдруулж өгнө гэдэгт нь ашгүй дээ л гэж бодсон, бас Монголд Daewoo танигдаад 13 өвлийг давсан. Гэтэл биднийг буруутгах юм байхгүй. Д.Сумъяа бид нарын захиалагч нь НЗДТГ. Тэнд гэрээний хавсралтуудыг улам чангалсан.

-Алдаа юунаас болсон гэж харж байна?

-Алдааг харахад үйлдвэрлэгч тал БНСУ-ын нөхдөд асуудал байна. Нийлүүлэгч тал ч хариуцлагагүй хандсан юм шиг байна. Ер нь Монголд гүйцэтгэлийн ажил чухал. Хотод харахад бидэнд засаглалын асуудал хурц хоёр асуудал бий. Хамгийн хүнд асуудал нь чадамж.

Тэнүүн-Огоо ХХК-ийн захирал А.Ганхуяг гэж бий. Түүнийг та таних уу?

-Би олон нийтэд хэлсэн үгээ л хэлье. Тэр хүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын өрөөнд л анх удаа харсан.

Өмнө нь мэддэг байсан уу. Та 2012 онд Их хуралд нэр дэвшихдээ хаанаас сонгогдлоо?

-Үгүй, Дархан-Уул аймгаас сонгогдсон.

-Танай ЗГХЭГ-ын дарга энэ үйл явдал болж байхад хэлж байсан. “Энэ компани нь асуудалтай юм шиг байна билээ. Тэр компанийг Дархан Уул аймгаас гаралтай улс төрчид дэмждэг юм шиг мэдээлэл авсан. Үргэлжлүүлэн шалгана гэж байсан”. Үүнийг тан руу л холбож байгаа юм болов уу гэж би анзаарсан?

-Нийтийн тээврийн салбартай холбоотой худал цацагдсан мэдээлэл дотор Т.Сүхбаатарын Нямгэрэл гэх охин хувьцаа эзэмшдэг юм байна гэсэн. Миний нэртэй надаар овоглосон охин байхгүй. Хоёрдугаарт, нийтийн тээвэртэй ямар ч холбоо байхгүй. Ганц байсан нь Чингэлтэй дүүргээс сонгогдсны дараа дүүргийнхээ автобусны зогсоолуудыг янзлахаар Нийтийн тээврийн газрын дарга байсан н.Сайханбаяртай нэг удаа уулзсан. Нөгөөтэйгүүр, Дарханаас гаралтай гэдэг нь би биш өөр улс төрчийг гэж ойлгосон.

Сайдын албан үүргээ өгөхдөө та сайн дураараа өгсөн юм уу. Эсвэл асуудалтай болохоор нь өгөв үү?

-Сайдын албан тушаалд анх томилогдохдоо дургүй байсан. Гэхдээ Ерөнхий сайдын бодлогын дэмжье гэж ажилласан. Улс төрч хүний нөхцөл байдлыг л үнэлэх чадвар шүү дээ. Ер нь миний урам үхсэн. Ажлаа өгсөн шалтгаан нь автобусны асуудлыг эцсийн мөч хүртэл итгээгүй. Өөрөө очиж үзээд л мэдсэн. Шөнө унтаагүй. Ерөнхий сайд ёсзүйн өндөрлөгт байж л манай нам цааш явна гэдэг. Гэтэл би өөрөө ч авлигын эсрэг ёсзүй ярьсан хүмүүсийн нэг. Гэтэл дуулиан шуугиан болоход над дээр яах аргагүй тал талаас асуудал орж ирсэн. Тиймээс ноцтой асуудал учраас хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн.

Сонирхолтой асуудал байна, Т.Сүхбаатар гэх хүн ирэх сонгуульд нэр дэвших үү. Аль эсвэл амар хялбараар жагсаал цуглаанаа хийх үү?

-Би шийдвэрээ гаргасан. Мөрдөн байцаалт дууссан. Дөрөв, тавдугаар сард шүүх хурал болох байх. Ингээд харвал нам, сонгуульд нэр дэвших асуудал давхцах нь ойлгомжтой. Манай намын ёсзүйн асуудал байна. Тиймээс би хэрэг шийдэгдээгүй байхад нэр дэвшинэ гэдэг утгагүй. Их хуралд Засгийн газрын гишүүнээр ажиллаагүй байх эхний гурван жил ажлаа сайн хийсэн. Миний ажил бүтэлгүйтээгүй. Автобус хойшлоогүй, 700 автобусыг бид оруулж чадсан. Бодлогын амжилт гарсан юм шүү. Товчхон хэлэхэд, би гэм буруугүй. Шүүхийн өмнө нотолно. Үнэхээр харамсаж байгаа ч шийдвэр гаргагч биш байлаа ч олон талаас нь оролцно. Эрх чөлөөгөө хамгаалах асуудал надад чухал болж байна. Би бүтэлгүйтээгүй, нийтийн тээврийн парк шинэчлэлт 90 хувьтай байна. Ямартай ч бодлого маань үргэлжилж байна. Хүнээс хамаарч ажил зогсох ёсгүй.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *