Т.Байгаль: Монголчууд хамгийн сайн эмийг хэрэглэх ёстой

0

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа “Полама” компанийн үүсгэн байгуулагч Т.Байгалийг урьж оролцууллаа. 

-Эмийн бизнес гэдэг өөрөө их онцлогтой. Энэ салбарт ажиллах болсон шалтгаан бий юу?

-Энэ салбарт ажиллах болсон шалтгаан бол хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс сэргийлэхэд би хувь хүнийхээ хувьд юу хийж чадах вэ гэдгээс үүдэлтэй. Хамгийн сайн эмийг монголчууд хэрэглэх ёстой гэж харсан минь энэ салбарт орох шалтгаан болсон. Тийм ч учраас ээжийнхээ үүсгэн байгуулсан ”Полама” компанийн үйл ажиллагааг эм ханган нийлүүлэх чиглэлээр 26 жил тогтвортой авч яваа. Би Унгарт гадаад харилцаа, микро биологийн мэргэжил эзэмшсэн. Гадны орны туршлага, сайн жишгээс нь судалж, суралцан түүнийгээ бизнесийн салбарт тэр дундаа эрүүл мэнд, эм ханган нийлүүлэх салбарт жишиг болгон үлдээхийн зорьж байгаа юм.

-Та энэ салбарт олон жил ажиллажээ. Эмийн бизнес тулгардаг асуудал нь юу вэ? 

-Энэ салбарт бизнесийн ёс зүй дутмаг байна гэж хардаг. Тэр дундаа харилцааны соёл, хэлсэндээ хүрэх гэх мэт олон зүйл дээр өөрчлөгдөх шаардлага бий. Өөрөөр хэлбэл, бизнест хамгийн чухал нь итгэлцэл. Гэтэл амлалтаа биелүүлэхгүй байна гэдэг нь итгэл даах чадваргүйг илтгэж байгаа хэрэг л дээ. Нөгөөтээгүүр бусдын санааг хулгайлах, дуурайх асуудал гардаг. Эндээс харахаар цэвэр өрсөлдөөн манай улсын бизнесийн салбарт байхгүй гэхэд буруудахгүй болов уу. Бид бизнесээ дэлхийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлж, өргөжүүлж ажиллах том зорилттой. Түүндээ хүрэхийн төлөө ажилладаг л даа. Гэхдээ аливаа зүйлээс асуудал, алдаа бүрийг нь хайвал тэр зүйл зовлон л болно гэж боддог. Тэгэхээр асуудлыг зөв ойлгоод, учрыг нь тайлаад цааш явах нь бизнесийн ухаан юм шүү дээ. 

-Танайх бусдаас юугаараа ялгардаг вэ? 

-Эрүүл монгол хүний төлөө би юу хийж чадах вэ гэдэг миний үнэ цэн. Тиймээс дэлхийд юу болж байна гэдгийг байнга уншиж судладаг. Хоцрогдсон болгон Монголд орж ирэх ёсгүй шүү дээ. Хамгийн сайн эмийг Монгол хүмүүс хэрэглэх ёстой. Хүний зорилгоос хийх үйлдэл нь хамаардаг гэж боддог. Тиймээс манай байгууллага зорилго, үйлдлээрээ бусдаас ялгардаг байх. Мөн хэрэглэгчид биднийг энэ олон жил оршин тогтноход тулах багана юм шүү дээ. Манайх 1000 гаруй тогтмол хэрэглэгчтэй. Эдгээр хүмүүст чанартай сайн эмийг ханган нийлүүлж байгаа нь бид хэн хэнийхээ амьд явахыг тодорхойлж байгаа хэрэг. Хамгийн гол нь бизнес хийж байгаа хүн бусдын төлөө чин сэтгэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, орчин үед хүмүүс ёс зүйтэй байж, хандлага, харилцааны зөв төлөвшилд суралцах шаардлагатай гэж боддог. Амжилттай яваа хүн бүр аз жаргалтай байдаггүй. Харин аз жаргалтай хүн бүхэн амжилттай байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн юу хийж аз жаргалтай байх вэ гэдэг замаа зөв олох нь чухал. Насаараа гуталчин хийсэн хүн ч амар тайван, аз жаргалтай амьдарч болно шүү дээ. 

-Хэрэглэгчид хуурамч эмийн талаар шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар таны байр суурь? 

-Манайх олон төрлийн эм худалдаалдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг эдгээх нь бидний бизнесийн гол зарчим. Тиймээс нарийн судалж, судалгаа хийхийн зэрэгцээ үйлдвэр дээр нь очиж явцтай танилцсаны дараа эх орондоо борлуулах эсэхийг шийдвэрлэдэг. Би өөрийнхөө эмийг чанартай сайн гэдгийг мэдэж байна. Хамгийн чухал нь түүхий эд. Түүхий эдийн цэвэршилт эмийн чанарыг тодорхойлдог. Гэхдээ эмийн бизнес маш хатуу хуультай. Бүртгэлийн процесс нь нарийн, олон бичиг баримт бүрдүүлнэ. Давхар хяналт, шалгалт гэх мэтчилэн шат дамжлагыг давж нийтэд худалдаалагдах боломжтой болно. Тэгэхээр хуурамч эм нийлүүлдэг гэдэгт би огт итгэдэггүй. Энэ бол эмийн бизнес хийж буй хүмүүсийн хариуцлагын асуудал. 

-Танд шантрах, залхах үе байсан уу. Учир нь таны ажилладаг салбар хэт их хэл ам дагуулдаг шүү дээ?

-”Бизнесээ больё” гэж бодтолоо шантарч байгаагүй. Хүн унасан ч гэсэн босдог л байх хэрэгтэй. Одоогоос 10 гаруй жилийн өмнө унтаж чадахгүй тохиолдол гарч байсан. Энэ нь дотоод стрессээс үүдэлтэй байсан юм л даа. Банкны зээл, хүүхдүүд, байгууллагын үйл ажиллагаа гэх мэт зүйлсэд хэт их төвлөрч, айсан. Айдас бол хүний хамгийн том дайсан. Гомдол, стресс хүний сайн энергийг бүгдийг сордог. Тэгэхээр эцсийн бүлэгт эрүүл хүн гэдэг бол зөвхөн бие махбодын хувьд эрүүл байхыг хэлэхгүй. Оюун санааны хувьд, мэдлэг, сэтгэл зүйн хувьд ч амгалан, тайван байх ёстой Тэгж байж л цогц эрүүл хүн болно. Өөрөөр хэлбэл, бие өвдөхгүй байгаа атлаа сэтгэл зүй тайван биш байхад хүний ажлын бүтээмж эрс мууддаг. Тэр ч бүү хэл гоо сайхны хувьд ч ядрангуй харагддаг шүү дээ. Тиймээс эрүүл хүн гэдэг бол сэтгэл санаа, бие мах бодиороо эрүүл байх учиртай. 

-Бизнесийг тогтвортойгоор хөгжүүлэхэд ажиллах хүч чухал. Та үүнтэй санал нийлэх үү? 

-Тэгэлгүй яах вэ. Тэр бол хамгийн гол зүйл. Ажилтан бүртэйгээ хүндлэлтэй харьцах нь хамгийн чухал. Хэрэв бизнесийн амжилт гаргана гэж байгаа бол эхлээд хүнийг хүндэлж, зөв харилцах ёстой. Зарим хүмүүс “Чи хэн бэ” хэмээн үл тоомсорлосон байдлаар хүнтэй харьцдаг. Гэтэл тэр хүнийг хийж байгаа ажлыг тухайн компанийн захирал хийж чадахгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Тэгж байж хамт олныхоо хүндлэлийг хүлээнэ. Эндээс хариуцлагатай хамт олныг бий болгоно. Ямар ч албан тушаалын хүнтэй ижил тэгш харьцах нь байгууллагын соёл бас үнэ цэн. Хүнийг хүн гэдгээр нь хүлээж авч хоорондоо харьцах нь манай байгууллагын бас нэг онцлог. Байгууллага дотор ажиллаж байгаа хүмүүс дулаан уур амьсгалд орж аюулгүй байдлыг мэдрэх ёстой. Мөн дээрээс нь энэ байгууллагад ажилласнаар ахуй амьдрал нь өөдөлнө гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Бизнест итгэл хамгийн чухал гэдэг бол хүмүүсийн харилцаа тэр дундаа ажилчдын удирдлагадаа итгэх итгэл илүү чухал байдаг. Итгэлийг дагаж тэр хүний бүтээмж өсдөг юм шүү дээ. 

-Та холыг харж, томоор төлөвлөдөг юм байна гэж санагдлаа. Таны зорилго, нийгэмд юу үлдээхийг хүсдэг вэ? 

-Би олон улсын бизнест хөл тавина гэж бодож байгаа. Монголчуудын нэр хүнд гадаад орчинд уначихсан шүү дээ. Тэр дундаа бизнесийнхний итгэлгүй, туйлбаргүй байдал Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болж байгааг нэг их үгүйсгэхгүй байх. Тэгэхээр Монгол итгэл дааж, дэлхийн хэмжээнд бизнес эрхэлж чадна гэдгийг харуулахыг хүсдэг. Тэрнээс гадна цогц эрүүл мэндийг монголчуудад өгөх зорилготой. Сэтгэл зүйгээр өвдсөн хүмүүс нийгэмд их байна. Сэтгэл зүй эрүүл байвал өвчлөлийн 90 хувийг эдгээх боломжтой. Хүмүүсийн ихэнх нь сэтгэл зүйгээр өвдсөн байна. Хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцахыг хүсдэг. Үүний тулд юу хийх ёстой вэ гэдгээ дотроо төлөвлөж байгаа. 

Түмэнжаргалын ИЧИНХОРЛОО

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *