Допингийн эсрэг байгууллагыг УБЕГ-аас хүчингүй болгосонтой холбоотойгоор М.Бадарчийн арбитрын маргаан гацжээ

0

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд есөн даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн М.Бадарчийн “A”, “B” сорьцоос допинг илэрсэн.

Гэвч улсын арслан М.Бадарч эсэргүүцэж, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан юм. М.Бадарчийн гомдлыг Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Улсын арслан М.Бадарчийн гомдлыг арбитр хэлэлцэхгүй удаан хугацаагаар хойшилсон нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бололтой.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгасан.  Чингэхдээ 2017 онд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ТББ-ыг байгуулахдаа Удирдах зөвлөлийн хоёр гишүүний гарын үсгийг хуурамчаар зурсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр батлагдаж, АТГ-аас бүртгэлийн хууль бус ажиллагааг засахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдсэн байдаг. 

Энэ дагуу УБЕГ шалгаж, энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ТББ болон ерөнхийлөгч Ц.Уугангэрэл нарыг улсын бүртгэлээс хассан юм. Тодруулбал, 2017 оноос хойших улсын бүртгэлтэй холбоотой бүртгэлийг хүчингүй тооцсон байна.

Иймд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр М.Бадарчийн гомдлыг хэлэлцье гэвэл хариуцагч хуулийн этгээд нь тодорхойгүй, УБЕГ-аас хүчингүйд тооцсон байгаа учраас гацаанд оржээ. М.Бадарчаас шинжилгээ авсан, БНСУ руу дээжийг шинжилгээнд явуулсан, допинг илэрснийг тогтоолгосон хариуцагч байгууллага байхгүй болсон нь маргааныг хэлэлцэх боломжгүйд хүргээд байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *