“Төрийн нууцыг үрэгдүүлсэн” гэх хэрэгт холбогдсон Д.Ган-Эрдэнэд 650 мянгаар торгох ял оноолоо
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж буй Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг төрийн нууцыг үрэгдүүлсэн гэмт буруутайд тооцож, шүүхээс 650 мянган төгрөгөөр торгох ял оноожээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Ган-Эрдэнэ нь албаны баримт материал бүхий хард диск алга болгосон гэх хэрэгт холбогдсон байна.
Эрүүгийн тухай хуулийн 19.13 дугаар зүйл, “Төрийн нууцыг үрэгдүүлэх” 1-д “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.