Урьдчилж мэдэгдэлгүй Яармаг руу нүүхээр болсон “Номт наран” сургууль эцэг, эхчүүдийг бухимдуулж байна
“Номт наран” ерөнхий боловсролын сургууль хичээлийн байраа энэ хаварт багтаан Яармаг дахь Арцатын ам руу нүүлгэх шийдвэр гаргажээ. Тус сургуулийн одоогийн байршил 3, 4-р хороололд юм.
2023-2024 оны хичээлийн жил дуусахад нэг улирал үлдсэн. Эцэг эхчүүдийн хувьд, энэ гэнэтийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.
“Номт наран” сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл бидэнд мэдээлэл өгөхдөө,
“Бид тус сургуулийг сонгохдоо мэдээж байршил харгалзсан. Мөн хүүхдийнхээ дугуйлан, секцийг сургуулийнх нь ойролцоо зохицуулчихсан байгаа. Гэтэл энэ хаварт багтаан сургуулийг Яармаг руу нүүлгэнэ гэдгийг эсэргүүцэж байна. Арцатын ам ямар хол, Яармаг хэчнээн түгжрэлтэй газар билээ. Гэнэтийн энэ шийдвэрийн улмаас хүүхдээ эцэг эхчүүд Яармаг руу зөөх, эсвэл бие даан явуулна гэдэг тун хүнд байна.
Энэ сургууль 6 сая 900 мянган төгрөгийн төлбар авсан. Үүнээс гадна дүрэмт хувцас, хоолны мөнгийг тусад нь авдаг. Цахим платформын төлбөр гэж жилд хоёр удаа 76 мянган төгрөг өгсөн. Анх хүүхдээ элсүүлэхэд байр нүүлгэнэ гэдэг асуудлаа огт яриагүй.
Хүүхдээ шилжүүлбэл шилжүүл, тэгсэн ч төлбөрийг буцааж өгөхгүй гэсэн.
Үүнийг эсэргүүцэж, эцэг эхчүүд нэгдээд байгаа” гэлээ.
Бид “Номт наран” сургуультай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй.
Тус сургууль төв болон Яармаг дахь хоёр салбарт үйл ажиллагаа явуулдаг гэж нүүр хуудастаа бичсэн ч эцэг, эхчүүдийн төлөөллийн өгсөн мэдээллээс энэ нь зөрж байна.
Яармаг дахь байршил руу нүүнэ гэдгээ шинэ элсэгчдэд урьдчилан мэдэгдээгүй, шаардлагатай нөхцөл байдал үүссэн байлаа гэхэд хичээлийн жил дуусах дөхсөн энэ үед шахамдуулж байгаа нь хүндрэлтэй зэрэг шалтгаанаар эцэг, эхчүүд бухимдаж байгаа аж.
Энэ сургууль 2016 онд нүүр хуудастаа “Өөрийн сургуулийн байртай” хэмээн бичиж, сурталчилгаа хийжээ. Гэвч өдгөө эцэг эхчүүдэд энэ байраа түрээсийнх, Яармаг дахь байрыг худалдан авч буй хэмээн тайлбарлаж байгаа юм байна.