Хүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ХЭҮК-ын 21, 22 дахь илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлээ
ХЭҮК өнгөрсөн 2021, 2022 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэл боловсруулж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан.
- УИХ-ын нэгдсэн чуулганаар 21 дэх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг баталж, “КОВИД-19” цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөө, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, Цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчил, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар,
- Харин 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 35 дугаар тогтоолыг баталж, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, Хүүхдийн эрх, Ахмад настны эрх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон бусад асуудлаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгасан.
Комисс дээрх тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийснээ холбогдох албаныханд танилцуулж, хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, гарц шийдэл эрэлхийлэх зорилгоор “Монгол Улын Их Хурлын 2022 оны 43 дүгээр тогтоол, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.
21, 22 дахь илтгэлийн мөрөөр хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд гарсан ахиц дэвшил, үр дүнгээс тоймлон хүргэе.
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 21 ДЭХ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАТАЛСАН УИХ-ЫН 49 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТ
Комисс 21 дэх илтгэлд КОВИД-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний байдлын сургамж, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг тусгасан. Тухайлбал:
- Унаач хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад дараах үр дүн гарлаа
Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгааг Комисс дүгнэсэн. Улмаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллах санал хүргүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгаснаар хүүхдийг эрхийг хамгаалахад чиглэсэн дараах ахиц дэвшил, үр дүн гараад байна. Үүнд:
- Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12З дугаар тушаалаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл”-ийг баталлаа.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны А/2З, А/27 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив“-аар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах зардал олгох эрх зүйн тогтолцоо бий болсон.
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, Албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тусгасан.
- УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаагүй бусад хурдан морины уралдааны болон морины сунгаа, үсэргээний бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргийг хуульчилсан.
Мөн Комиссын гишүүний 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/17 дугаар зөвлөмжийг Нийслэл Улаанбаатар, 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ны хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахгүй байх, зохион байгуулж буй эсэхэд хяналт тавих, зөрчил гаргасан этгээдэд хариулцага тооцох чиглэл өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2. Цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах ахиц дэвшил, үр дүн гарлаа
Комисс 21 дэх илтгэлд Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг тусгаж, хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хязгаарлаж болохгүй талаарх зарчмыг Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журам, зааварт тусгаагүй нь хүний эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харьцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй байгааг дүгнэсэн.
Улмаар УИХ-ын 49 дүгээр тогтоолд “цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих” заалтыг оруулснаар цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах үр дүн, ахиц гараад байна. Үүнд:
- Зэвсэгт хүчний нэгтгэл анги салбарын цэргийн албаны үйл ажиллагааг зохицуулж буй Цэргийн нийтлэг дүрмүүдэд дүн шинжилгээг хийж, цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтуудыг тусгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” 180 дугаар зарлигаар Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн жагсаалын дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрмийг тус тус баталсан.
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдолтой Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөөд байна.
Мөн Комиссын гишүүний 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05/43 дугаар зөвлөмжийг Дотоод хэргийн их сургуулийн удирдлагад хүргүүлж, цэргийн дүрмийн бус харилцааг таслан зогсоох, сургалт нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, зөрчил дутагдлыг илрүүлэх, бүртгэх, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 22 ДАХЬ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАТАЛСАН УИХ-ЫН 35 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТ
Комисс 22 дахь илтгэлд Халдашгүй чөлөөтэй байх эрх, Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Хүүхдийн эрхийн зарим асуудал, Ахмад настны эрхийн хэрэгжилт, Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт, Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаар тусгайлан тусгасан. Тухайлбал:
1. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдлээ
Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал бүлгийн хүрээнд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх, ижил үнэлэмжтэй ажилд адил цалин хөлс олгох зарчмыг баримтлах, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жил бүрд тооцож, нэмэгдэл олгох зэрэг арга хэмжээ авах зэрэг саналыг УИХ-д хүргүүлсэн.
Энэ хүрээнд инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Засгийн газрын 241 дүгээр тогтоолыг 2023 оны зургадугаар сарын 21-ний өдөр баталж, долдугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн. Уг тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосон.
Тодруулбал, төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалин 2023 оны долдугаар сарын 1-ээс 26-31 орчим хувиар, төрийн мэргэжлийн үйлчилгээ буюу шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл, биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын цалин дунджаар 40-50 хувиар буюу 590 мянган төгрөгөөс 1 сая төгрөг орчим болж нэмэгдсэн.
Төрийн захиргааны албан хаагчдын доод цалин 30 орчим хувиар, төрийн тусгай албан хаагчдын цалинг зөрүүгүй болгож, цалингийн доод хэмжээ 717 мянган төгрөгөөс 1 сая төгрөг болж нэмэгдэв.
Улмаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалин 10 хувиар, хөдөө орон нутаг буюу суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдын цалин 40 хувиар, аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа дээрх ангиллын албан хаагчдын цалин 20 хувиар тус тус нэмэгдэхээр төсөвт суулгаад байна.
2. Халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд дараах ахиц, үр дүн гарлаа
-Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэл болон шүүхийн хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгасан бөгөөд тус хуулийг Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнд,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйл “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” ажиллагааг “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” гэж өөрчлөн найруулсан.
- Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол хойшлуулшгүйгээр баривчилж болохоор тусгасан.
- Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тухай мөрдөгчийн шийдвэрийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан.
- Шүүх хойшлуулшгүйгээр баривчлагдсан яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авснаас хойш даруй, эсхүл 24 цагийн дотор шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэдэг байх зохицуулалтыг тусгасан.
- Сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсан, эсхүл хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд энэ хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулсан үеэс баривчилсан хугацааг тоолох бөгөөд сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд оруулан тооцохгүй. Өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах хугацаа 1 цагаас илүүгүй байх, мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, хуульд заасан эрхийг сануулах зохицуулалт бий болгоод байна.
-Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үндэслэлээс “Яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах” гэсэн үндэслэлийг тусад нь яллагдагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болгож, “Яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох” гэж; мөн зүйлийн 1.3-т заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэсэн хэт ерөнхий шалгуурыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.
Тус хуулиар яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах журам, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндсэн хугацааг 1 сараас бага хугацаагаар хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацааг 1 сар хүртэл гэж аль болох богино хугацаатай байхаар, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа нь Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сар, хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, харин хорих ялын доод хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй байхаар өөрчилсөн.
-Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрөх гэмт хэргээс хулгайлах, хал хулгайлах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших гэмт хэрэг хэргийг хассан.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх, эсхүл сэжигтний оршин байгаа газрын шүүх хянан шийдвэрлэх, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэхээр тусгасан.
-Түүнчлэн Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэргийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, эсхүл яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэхээр нэмэлт зохицуулалтыг оруулсан.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.” гэсэн заалттай уялдуулан шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг ажлын цагаар хязгаарлахгүйгээр, хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлэх зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд мөн Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүх байгуулах асуудлыг тусгаад байна.
-УИХ-аар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 41 дүгээр зүйлд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүнд хяналт тавих, сурч боловсрох эрхийг нь хангах зохицуулалт тусгуулсан.