Эрхээ хасуулсан үедээ дахин 1,94 хувийн согтолттойгоор автомашин жолоодож явжээ
Иргэн Б.Б өмнө нь 2023 оны аравдугаар сард тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад 1 жилийн хугацаагаар автомашин жолоодох эрхээ хасуулжээ. Гэтэл энэ шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь цагдаа саатуулсан байна.
Тухайн үед түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,94 хувь промиль гарчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгодог.
Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна.
Шүүгдэгч Б.Б-н тухайд өмнө нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсжээ.
Эх сурвалж: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх