“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтэд “Дашваанжил” ХХК хариуцлага хүлээх үү, БХЯ-ны Э.Мөнхнаран үүрэх үү
Монгол Улс дэлбэрэлтийн улмаас долоон хүнээ алдчихсан. “Дүнжингарав”-ын уулзварт гааз тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд орж, дэлбэрэлт болсон. Дэлбэрэлт болоод хоёр сар болох гэж байгаа хэдий ч галын дүгнэлт гараагүй, буруутай этгээд тогтоогдоогүй, иргэдийн хохирлыг барагдуулаагүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, дэлбэрэлтэд өртөж амиа алдсан долоон хүний дөрвийнх нь ар гэр хөсөр хаягдаж, хүнээ алдсан зовлонгоос гадна сэтгэлийн дарамтад амьдарч байна.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Ослын улмаас 23 том хүн, 17 хүүхдийг нүүлгэж шилжүүлж, зочид буудалд байрлуулсан. Урьдчилсан байдлаар эхний өдөр онцгой байдлын албаны гурван албан хаагч нас барсан. Мөн Түлэнхийн төв, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн 11 том хүн , гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд, байгалийн шингэрүүлсэн хий ачиж авсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй, давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүссэн гэж дүгнэж байна. Дэлбэрэлтийн улмаас ОБЕГ-ын Баязүрх дүүргийн 63-р ангийн гурван албан хаагч, энэ осолд өртөж, шидэгдсэн ёмкост өртөж, харамсалтайгаар амиа алдлаа. Алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Гал түймрийн улмаас 30 автомашин шатаж, сүйдсэн” хэмээн тухайн үед мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Онцгойгийн гурван албан хаагчаас гадна осолд өртөж, түлэгдсэн дөрвөн хүн шархаа даалгүй амьсгал хураасан юм. Амиа алдсан онцгойгийн албан хаагчдад улсаас орон сууцны дэмжлэг үзүүлж, ар гэрт нь мөнгөн тусламж үзүүлсэн. Харин харамсалтай нь, амиа алдсан дөрвөн хүний ар гэрт дэмжлэг үзүүлэх нь бүү хэл эмгэнэл илэрхийлсэн ч хүн алга. Тэд хэцүү нөхцөл байдалд амьдарч байгаагаа уламжилж, төрөөс хүн ёсны харилцааг нэхэж, хэвлэлд ярилцлага өгчээ.
Тодруулбал, талийгаач эхнэр С.Батчимэг “Нөхөр маань Дорнод аймаг руу ажлаар явах гээд гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад 10 гаруй минутын дараа танихгүй хүн над руу залгаад “Нөхөр чинь дэлбэрэлтэд өртчихлөө” гэсэн. “Машинаа жолоодож явтал гэнэт өтгөн цагаан манан дунд ороод машин нь унтарчихсан.Гайхаад учраа ололгүй байж байтал дэлбэрэлт болж машинтайгаа шатаж, гал дундаас гүйж гараад галаа унтраах гэж оролдсон” гэж нөхөр маань хэлсэн” гэж ярьжээ.
Тэгвэл иргэн С.Батчимэгтэй адилхан зовлонтой гурван ч гэр бүл байна. Тэд хүнээ алдсан ч хаашаа хандахаа мэдэхгүй, хэн ирж уулзах бол гэж хүлээхээс өөрийг хийж чадахгүй байна. Сантехникийн дуудлагаар ажиллаж байсан эрэгтэй, аавдаа сэлбэг хүргэж өгөхөөр явж байсан 19-хэн настай хүүгийн ар гэр ч ийм байдалтай байгаа юм. Хэн тэдний асуудлыг шийдэх вэ. Монгол хүний амь үнэгүйдсэн үү гэдэг асуулт хариултгүй, анхаарлын тэмдэгтэй байна.
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтэд “Дашваанжил” ХХК хариуцлага хүлээх үү, БХЯ-ны Э.Мөнхнаран үүрэх үү гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтооно. Энэ хэрэг дээр 100 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч хохирол ихтэй хэрэг учраас шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа юм. Харин гэр, орон сууц нь шатсан иргэдэд түрээсийн төлбөр олгож, түрээсийн байр руу нүүлгээд байна. Хэргийн гол буруутан тодорхой болоогүй учраас галд өртсөн орон сууцны засварын ажил эхлээгүй байгаа гэнэ.
С.АМАРСАЙХАН: ДҮНЖИНГАРАВ ОРЧИМД ГАРСАН ДЭЛБЭРЭЛТИЙН ДҮГНЭЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1 ГЭХЭД БҮРЭН ГАРНА
Уг ослын талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдээлэхдээ “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан ахуйн хийн дэлбэрлэлтийн асуудлыг шалгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээрх шалгалтуудаа хийж дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед автомашин техникийн шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд ямар стандарт алдагдсан бэ гэдэг дээр хөндлөгийн шинжээчид ажиллаж байна. Харин тухайн байр орон сууцны ашиглалт, галын улмаас уян хатан чанар алдагдсан эсэх дээр Барилга хот байгуулалтын яамныхан мэргэжлийн хүмүүстэй хамтарч шалгалтаа хийж дууссан. ШУТИС-ийн лабораторит армартур, битоны болон бусад хийц бүтээцийн шинжилгээг хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарна гэсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 1 гэхэд дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт гарч дуусна. Засгийн газрар, нийслэлийн төсвөөс дэлбэрэлтэд өртсөн 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг гаргахаар болсон. Дүгнэлт гараад завсарлах боломжтой бол засна” гэсэн.
Осол болсны дараа “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Рэнчиндорж, Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнарангаас шинжилгээ авч, 48 цаг цагдан саатуулаад сулласан. Тэр өдрөөс хойш Ч.Рэнчиндорж, Э.Мөнхнаран нарын бараа сураг тасарсан гэж хэлж болно.
Э.МӨНХНАРАН: НУУЦЫН БАТАЛГААНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН УЧРААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
Бид Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнарангаас энэ ослын талаар тодруулахад “Саатуулагдаад суллахдаа нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан. Ийм учраас осолтой холбоотой мэдээллийг хэнд ч ярьж, хэлж болохгүй байна. Мөн өөр хувийн зүйлийг ч ярих боломжгүй. Хүлээлтийн байдалтай байна” гэсэн юм.
Харин Э.Мөнхнаранг ажлаас нь түр хугацаанд чөлөөлжээ. Энэ талаар салбар хариуцсан сайд Г.Сайханбаяраас тодруулахад “Дотоод хяналт, шалгалтаар шалгаад, Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнаранг ажлаас нь түр түдгэлзүүлсэн байгаа. Хууль хяналтын байгууллагад шалгагдаад, буруутай эсэх нь тодорхой болно. Э.Мөнхнарангийн орны үүрэг гүйцэтгэгчийг томилчихсон байгаа. Манайхаас шаардлагатай арга хэмжээг авч, шийдвэрлэсэн. Мөн Э.Мөнхнарангийн унаж явсан автомашин яамны нэр дээр биш, Барилга захиалагчийн албаны харьяанд бүртгэлтэй байдаг. Барилга захиалагчийн алба гэдэг нь албаны хэрэгцээнд баригдаж байгаа барилга, байшинд хяналт тавих, захиалга өгөх үүрэг гүйцэтгэнэ. Осол болдог өдөр Э.Мөнхнаран Төв аймагт баригдаж байгаа барилгын явцтай танилцаад, буцаж явсан юм билээ. Албан ажлаар ажиллаад, гэр рүүгээ харьж явахдаа ийм осолд өртсөн гэдэг мэдээлэл өгсөн” гэсэн юм.
“ДАШВААНЖИЛ” ХХК-ИЙН ЖОЛООЧ ХЭРХСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Харин бид осолд орсон “Дашваанжил ХХК-ийн жолоочтой холбогдох гэсэн боловч түүний утас холбогдсонгүй. Мөн хаана байгаа, хэрхэж байгаа тодорхой мэдээлэл алга.