Ц.Туваан: Малчдын зээл тэглэх, баялагийн сангийн тухай хуулиудыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй
Агуулгын товчлол: УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган баасан гарагт /2024.03.15/ нээлтээ хийсэн. Энэ удаагийн хаврын чуулган Г.Занданшатарын парламентын сүүлийн чуулган гэдгээрээ онцлог. Чуулганаар 44 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон. Бид хаврын чуулган нээсэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.
-Энэ удаагийн орон нутгийн сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт болохоор товлогдож байна–
-76 гишүүнтэй парламентын отгон чуулган нээлтээ хийлээ. Өнөөдрийн чуулганы хуралдааны эргэн тойронд юу өрнөв?
-2020 оны УИХ-ын сонгуулиар бүрэлдсэн парламентын найм дахь буюу отгон чуулган нээгдэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай мэдээлэл хийснээр хаврын чуулган эхэллээ. Өнөөдрийн чуулганаар яаралтай хоёр асуудал хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл намар болох орон нутгийн сонгуулийн товыг зарлаж байна. Мөн сонгуульд техник хэрэгсэл ашиглах тухай цаг хугацаатай тогтоол баталж байгаа. Тодруулбал, ийм хоёр асуудлаар өнөөдрийн чуулган хуралдсан. Орон нутгийн сонгууль дээр сум орон нутгийн анхан шатанд байгаа төлөөлөгчид, иргэдийн хуралд өрсөлдөх сонирхолтой хүмүүсээс их асуулт байсан. Үүн дээр салаа утгатай ойлголт байсан. Энэ нь орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно гэдэг буруу ойлголт. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос нэг жилийн дотор өөрчлөлт оруулахгүй гэдэг заалт өөрчлөгдөөгүй үлдсэн учраас орон нутгийн сонгууль хуучин хуулиараа явагдана гэдэг нь тов тодорхой боллоо. Энэ удаагийн орон нутгийн сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт болохоор товлогдож байна.
-Давхардсан тоогоор 150 гаруй хууль, тогтоолын төсөл орж ирсэний 44-ийг нь энэ хаврын чуулганаар хэлэлцэх тов гарсан. Энэ 44 хууль, тогтоолын төслөөс анхаарал хэд хэдэн хууль, тогтоолын төсөл анхаарал татаж буй. Жишээ нь Ерөнхийлөгчийн тухай хууль. Таны хувьд нэн даруй батлах ёстой, чухал гэж үзэж байгаагаа нэрлээч?
-УИХ-ын гишүүнийхээ хувиар мөн ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагийнхаа хувиар оролцоно. Монгол Улсад ковидтой дүйцэхүйц хэмжээний томоохон гамшиг нүүрлэсэн. 20 аймгийн 220 гаруй сум зудын нөхцөл байдалд орсон. Хавар болж температур буурснаар өөрөөр бүх нөхцөл байдал дордож байна. Яагаад гэвэл өвлийн хүйтнийг давах гэсэн энэ хүч энерги мал, малчин хоёрыг ядрааж, туйлдуулаад байна. Одоо бол тэдэн дээр шар усны үер, өвс тэжээлийн хомстол, орлогогүйн хомстол зэрэг маш олон асуудал тулгамдаж байна. Энэ асуудлыг УИХ-н даргад, УИХ дахь хурлын тамгын газарт УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тов тогтоолгохоор өргөн барьсан. Энэ хугацаагаа хүлээгээд байж байна. Өөрөөр хэлбэл малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой гэж бодож байна.
-Тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногоос нэр дэвшигчид албан ёсоор сонгуулийн ажлаа хийж эхэлнэ. Ингээд харахад чуулган гурван сар биш хоёр сар л үргэлжилнэ гэж хэлж болно. Энэ хугацаанд 44 хууль, тогтоолын төслийг хэлэлцэж амжих болов уу, үр дүн?
-Хуулиуд батлагдах хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим хуулиуд ногоон гэрлээр яваад батлагдаж байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өөрчлөлт зургаан минутад явсан гээд хүмүүс шүүмжилдэг. Ингээд зөвшилцчихсөн, ойлголцчихсон хуулид хурдан явах боломжтой. Энэ удаагийн хаврын сонгууль бүсчилсэн тойроор явагдана. Төвийн бүс л гэхэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг гээд нийтдээ 70 гаруй сумд, 90 гаруй сумтай тэнцэхүйц хэмжээний суурин газрууд байх учраас энэ болгонд УИХ-ын гишүүд хүрч ажиллах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг ярих, дээрээс нь тайлангаа тавих учраас чуулганы ирц дээр асуудал үүсэх байх гэж харж байна. Жишээ нь хаврын чуулганы нээлт л гэхэд маш өндөр ирцтэй байдаг байсан бол өнөөдөр нэлээд хэдэн гишүүн нээлтэд оролцсонгүй. Тэгэхээр энэ 44 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхэд ирцийн асуудал үүсэх магадлал байна. Сая намрын орон нутгийн сонгуулийн тов тогтоох тогтоол дээр хүртэл ирцгүйтэх байдал ажиглагдаж эхэлж байна.
-Баялагийн сангийн тухай хуулийг энэ чуулганаар яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй-
-Энэ чуулганаар дөрвөн ч нээлттэй сонсгол явуулна. Үр дүнд хүрнэ гэж харж байна уу. Өмнөх сонсголуудтай харьцуулбал?
-Би бол үр дүнд хүрсэн, хүрээгүй гэж хоёр талтай харж байгаа. Хүрсэн гэдэг нь хуулийн зохицуулалтаар шинээр гарч ирж байгаа арга хэлбэр шүү дээ. Энэ нь ард иргэдэд их хурал дээр түр хороо байгуулах замаар мэдээллийг маш нээлттэй болгож байгаа. Энэ талаараа бол маш давуу. Өөрөөр хэлбэл иргэдийн мэдээлэл авах, мэдэх эрхийг хангаж байгаа талаараа сайн. Мөн шүүх хурал биш гэм бурууг нь шийдэхгүй учраас үр дүн дээр бол хүмүүсийн хүлээлтэд хүрээгүй байх гэж бодож байна. Тиймээс цаашид хэрхэн үр дүнд хүргэх вэ гэдгээ анхаарах нь зөв байх. Үүнийг гэхдээ сайн эхлэл гэж харж байгаа.
Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэгдэх түр хорооны мэдээллүүд ч гэсэн иргэдэд юу нь болж, юу нь болохгүй байгаа юм, хэн хэн буруутай юм гэдгийг харуулах байх. Монголчууд мянга сонсохоор нэг үз гэдэг. Тэгэхээр өөрсдийнх нь амнаас сонсох боломж нээгдэж байгаа учраас ард түмэн үнэн зөв мэдээлэлтэй болно гэж л харж байгаа.
-Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёрхон сарын л хугацаа үлдлээ. Энэ хугацаанд юуг амжуулж чадахаар байна. Нам болоод хувь гишүүний хувьд?
–Бид иргэдийн амьжиргаа, амьдрал, орлоготой холбоотой асуудлыг ярихгүй, удааширсан байдлаар хандаж, дорвитой өөрчлөлт хийхгүй байгаагийн илрэл бол иргэд ядуурал руу олноороо орж байгаатай холбоотой гэж харж байгаа. Өнөөдөр албан тоогоор л гурван иргэн тутмын нэг нь ядуу гээд байгаа боловч бодит байдал дээр хоёр иргэн тутмын нэг нь ядуурал руу орчихсон байна. Тэгэхээр ардчилсан намаас Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Бүлгээс 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Баялгийн сангийн тухай хуулийг баталж, уул уурхайн баялгаас иргэддээ Норвегийн баялагийн сан шиг ч юм уу эсвэл Арабын улс орнуудын хөгжиж байгаа шиг санд хуримтлуулж дараа дараагийн ирээдүй хойч үедээ иргэд рүүгээ орлого байдлаар оруулах энэ хууль удчихлаа. Тиймээс энэ хуулийн хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэж, батлах ёстой гэж хувь гишүүнийхээ хувьд үзэж байгаа.
Дараагийн асуудал бол мал аж ахуйн салбар. Сүүлийн үед тохиолдоод байгаа олон гамшигтай холбоотой асуудлууд дээр улс орон бэлэн байх гэдэг зайлшгүй гаргалгааг ярих ёстой. Малчдын зээлийг тэглэх, мөн хотоо харлуулж амьжиргаа, орлогоосоо салсан иргэдийг малжуулах хөтөлбөрийг өргөн хүрээнд, далайцтай байдлаар хийхгүй бол амьжиргаанаасаа салсан, орлогогүй иргэдийн нүүдэл нийслэл хотыг чиглэх эрсдэл байгаа. Тиймээс үүн дээр дорвитой арга хэмжээ аваасай. Өдийд малчид маань эр, сувай ямаагаа самнаад, тарган малаа нядлаад шинэ мах зах зээлд нийлүүлээд орлоготойгоо залгаж байх ийм цаг. Гэсэн ч энэ хоёр зүйл байхгүй болчихлоо. Яагаад гэвэл хамгийн түрүүнд ноолуур өгдөг ямаа, махны зах зээл рүү гардаг эр, сувай бог мал их хэмжээгээр хорогдсон. Дээрээс нь энэ зудын нөхцөлд үхэр их хэмжээгээр хорогдсон. Энэ нь хүнсний хамгамж талд муу нөлөөтэй. Нөгөө талаас иргэд маань орлогоосоо салж, ядуурал руу олноороо орох ийм эрсдэл үүсээд байгаа. Тиймээс үүн дээр л ковидын үед авч байсан шиг арга хэмжээ авмаар байна. Энэ зуд жирийн зуд биш. 80, 90 настай ахмадуудаас асуухад энэ насандаа ийм зуд үзээгүй гэж хэлж байна. Тэгэхээр энэ зуд бол анх удаа тохиож байгаа байгалийн гамшиг. Газар хөдлөлт, цунами, ковидтой адилтгаж авч үзэх ёстой. Яг энэ үе дээр хууль эрх зүйн болон санхүү, эдийн засгийн гараа сунгах цаг болсон гэж харж байгаа.
-Малчдын зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн барьсан гэж та хэллээ. Энэ тухайд МАН-ын бүлгийн дарга Ардчилсан нам ийм хуулийн төсөл өргөн бариагүй гэдэг тайлбар өглөө. Ямар учир байна?
-Хэрэв үнэмшихгүй бол дагуулж очоод харуулж болно. Энийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хүртэл мэдээлсэн. Тухайн үед очиж УИХ-ын даргад өгөх гэтэл байгаагүй. Тиймээс УИХ-ын тамгын газрын Ерөнхийн нарийн бичгийн дарга н.Энхбат гэдэг хүнд гардуулж өгсөн. Хэвлэлийнхэн мэдээлэлтэй байгаа. Энэ тухайд тамгын газраас над руу бичиг баримтын бүрдүүлбэр хангагдсан байна. УИХ-ын дарга руу өргөн барих тов тогтоох хүсэлт очсон. Ийм учраас УИХ-ын дарга өргөн барих тов тогтоох өдрийг өгөнгүүт бид бүхэн очоод өргөн барина. Би албан ёсоор хариуцлагатайгаар хэлье. Бичиг баримтын бүрдүүлбэр, хууль зүйн судалгаа үндэслэл бүх зүйлүүдээ аваад хуульд нийцүүлэн тамгын газарт хүргүүлсэн байгаа. Ийм зүйл дээр худлаа ярих, улс төржих шаардлага алга. Гамшгийн үед улс төржинө гэж байж болохгүй.
-Өгсөн байхад гөөгүй гэдэг тайлбар өгч байгааг хэрхэн харж байна?
-Энд улс төрийн тодорхой өрсөлдөөн явж байхыг үгүйсгэхгүй. Үүн дээр өргөн барих тов тогтоох гэдэг үгэн дээр өргөн бариагүй гэдэг байдлаар гуйвуулж байх магадлалтай. Г.Занданшатар дарга, Г.Тогтохсүрэн дарга нар ордог УИХ-ын даргын зөвлөл бид бүхний өргөн барьсан хуулийн товыг маш яаралтай тогтоож өгөөд, өргөн бариулаад эргээд хэлэлцэх асуудалдаа мөн яаралтай горимоор оруулж ирээд шийдүүлмээр байна гэдгийг хэлье.
–Алтан дээр суусан гуйлгачин, голланд өвчин гэдэг аль хэдийнэ монгол өвчин болсон-
-Гурван хүний хоёр нь ядуу байна гэдгийг та онцолсон. Үүнд юу нөлөөлсөн гэж харж болох вэ?
-Бодит байдал үнэхээр тийм л байна. Хөдөө, сумдад очоод үзэхэд нүдэнд ил. Үүнийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гол шалтгаан бол хөдөлмөрийн хөлсний үнэлэмж бага, хувийн хэвшилд боломжийн цалинтай ажил бага, юмны үнийн өсөлт өндөр байгаатай холбоотой. Үнэ нь өсчихсөн зүйлийг худалдаж авахад хэвээрээ байгаа цалин хүрэхгүй нь тодорхой шүү дээ. Ингэхээр л амьдралын түвшин, чанар дордоод ирж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянга байсан бол одоо 660 мянга болсон. Тэтгэврийн хэмжээ 500-аас 550 мянга болж жаахан өсөж байгаа. Гэтэл энэ өсөлтийг гурав дахин нугалаад юмны үнэ өсчхөөд байна. Тэгэхээр энэ зүйл ядуусын армийг өргөжүүлж байгаа л гэж ойлгох хэрэгтэй.
-Энэ дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэж чадав?
-Улс төрчдийн дүнг ард түмэн сонгуулиар тавьдаг. Ардчилсан нам сайн, муу ажилласныг зургаадугаар сарын 28-нд тавина. Тэрийг манай намд өгсөн дүн, үнэлгээ гэж ойлгож болно. Өөрөө өөрсдөдөө дүн тавиад байх боломжгүй. Бид төр, ард түмний хооронд гүүр болно гэж тангараг өргөсөн. Миний хувьд энэ ажлаа чадах чинээгээрээ хийж, амжуулахыг зорьж л ажиллалаа. Харамсалтай нь бидэнд сөрөг хүчин гэдэг сонголт байгаа учраас шийдвэр гаргах түвшинд тэр бүр оролцож чадсангүй. Хэрэв шийдвэр гаргах түвшний байсан бол илүү ихийг санаж сэдэж, бодит ажил болгох боломж зөндөө байлаа. Харамсалтай нь энийг эрх баригчид хангалттай хийж чадсангүй гэж харж байна.
-Жишээлбэл, сөрөг хүчин биш олонх байсан бол дөрвөн жилийн хугацаанд энийг л хийх байсан гэж бодогдож буй ажил байна уу?
-Иргэдээ орлогожуулах өөрөөр хэлбэл улсын төсвүүдээр иргэдийг орлоготой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал руу ямар ч ажил хийсэнгүй. Төсвөө тэлээд хувийн хэвшилтэйгээ засаг нь өрсөлдөөд явчихсан энэ байдал улам даамжирлаа. Дээрээс нь алтан дээр суусан гуйлгачин, голланд өвчин гэдэг аль хэдийнэ монгол өвчин болоод Монгол Улсын иргэд орлогогүй болсон. Маш их байгалийн баялагтай, экспорт нэмэгдээд байгаа ч тэр нь иргэдийн гар дээр бодит орлого болж орж ирэхгүй байна. Үндсэн хуулинд заасан Баялгийн сангийн тухай хуулийг яагаад ч юм энэ найм дахь удаагийн чуулган руу хойш нь шидэж байгааг би маш их гайхаж байгаа. Энэ хэрэв батлагдсан бол баялгийн сандаа тодорхой хуримтлалтай, үүгээрээ иргэдийнхээ орллогыг нэмэгдүүлэх тал руу нэлээн ажлууд хийх байсан болов уу гэж бодож байна.
-Ярилцлага цэргийн баярын өдөр нийтлэгдэх учраас ташрамдуулан асууя. Эрчүүдийн нийгмийн байдал аль түвшинд яваа гэж хардаг вэ. Зайлшгүй өөрчлөх, шинэчлэх ёстой гэж бодогдохоор зүйлүүд бий юу?
-Эрчүүдийн нөхцөл байдал маш муу. Би хоёр жишээн дээр хэлье. Өнөөдөр Монгол Улсын эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэй хүнийх 75 байгаа. Бүхэл бүтэн есөн насны зөрүүтэй. Энэ бол эрэгтэйчүүдийн эрүүл мэнд маш хүнд байгаа илтгэж буй. Эрчүүд дандаа орхигддог. Олон улсанд жендер буюу хүйсийн тэгш байдлыг аль нэг хүйс гэж боддог бол манайд эмэгтэй хүний эрхийг хангах гэж ойлгодог. Энэ бол бас л бодлого, ойлголтын асар том алдаа.
Дараагийн байдал бол хөдөө малчдын асуудал. Хөдөө мал маллаж байгаа малчид маань охидуудаа ирээдүйд хүний гар харна, айлын бэр болно гэдэг байдлаар тэднийг өмөөрөх, өмгөөлөх сэтгэлзүй нь давамгайлаад сургуульд сургана, заавал боловсролтой болгоно, хүний дор оруулахгүй гэдэг энэ бодлогоор маш их явдаг. Харин эрэгтэүйчүүдийг энэ бол эр хүн. Тиймээс өөрийнхөө хүчээр амьдралаа авч явах ёстой. Бидний хүүхдүүд дундаас хэн нэг нь өрх гэрээ төлөөлж мал маллах ёстой гэж сонголтыг нь тулгадаг. Энэ нь алсдаа буруу үйлдэл болж хувираад байна л даа. Жишээ нь хөдөө мал маллаж буй залуучуудад эхнэр олдохүгүй байна гэдэг асуудал түгээмэл болоод байна шүү дээ. Тиймээс эрчүүд рий чиглэсэн төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа