Монгол цэргийн өдөр ба алба хаагчдын эрхийн баталгааны тухай
Энэ л өдөр бидний дунд жил бүр “цэргийн баяр”-ыг зөвхөн цэргийн алба хаасан хүн тэмдэглэх юм уу, эсвэл бүх эрчүүд тэмдэглэх юм уу гэх сэдвээр их, бага хэмжээнд мэтгэлцээн өрнөдөг нь уламжлал болсон мэт.
Уг тэмдэглэлт өдрийг бид Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Уг хуулийн 5.1.2-т зааснаар өнөөдөр “Монгол цэргийн өдөр” гэх нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, хууль зүйн талаасаа энэхүү тэмдэглэлт өдөр нь “цэрэг” гэх тодорхойлолт хамаарах хүн бүрд хамаатай тэмдэглэлт өдөр гэж тайлбарлаж болохоор. Гэхдээ энэхүү “хуулийн талаас” тайлбарласан тайлбар нь бидний өдөр тутмын амьдралд тогтсон хэвшил, уламжлалыг үгүйсгэхгүй, хязгаарлахгүй байж болохыг энд онцлох дурдах нь зүйтэй болов уу. Учир нь, хүний амьдралын бүхий л харилцаа, баяр хөөр, тэмдэглэлт үйл явдлыг хуулиар зохицуулах, хязгаарлах нь хэт явцуу зүйл болох биз.
Дээрх тайлбараа үргэлжлүүлбэл, “цэрэг” гэдэг тодорхойлолтод хэн хамаарч болох вэ гэдгийг харъя.
Цэргийн албаны тухай хуулийн 3.1.1-д “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг ойлгоно гэж тодорхойлжээ. “Цэрэг” гэж хэнийг ойлгох вэ гэдэг тодорхойлолт харин алга. Эндээс “Монгол цэргийн өдөр” гэх тэмдэглэлт өдөр нь дээрх “цэргийн алба” гэсэн тодорхойлолт дурдагдсан статус (аж байдал) бүхий хүмүүст хамааралтай өдөр гэж ойлгож болохоор. Дээрх тодорхойлолтын ойлгомжтой хэсгүүдийг энд тайлбарлахгүй орхиё.
Харин, анхаарал татаж буй хэсэг нь “цэргийн бүртгэлд байх”-ыг цэргийн алба гэж ойлгоно гэсэн хэсэг нь байна. Уг хуулийн 3.1.14-т “цэргийн бүртгэл” гэж цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх бүртгэлийн тогтолцоог ойлгоно гэж, мөн 3.1.12-т “цэргийн бэлтгэл үүрэгтэн” гэж цэргийн бүртгэлд байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.
Уг хуулийн 34.3-т “Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.” гэж, 12.2-т “Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна.” гэж заасныг болон хуулийн 7.6, 9.2 тус тус харвал цэргийн албыг биеэр эдэлсэн, мөн бусад холбогдох ажил, мэргэжлийг хашиж буй хүмүүсээс гадна 17 насанд хүрсэн цэргийн сургуулийн сонсогч, мөн цэргийн алба хаах нас буюу 18 насанд хүрсэн цэргийн бүртгэлд хамрагдах үүрэгтэй иргэд гээд бүгдэд нь л энэ тэмдэглэлд өдөр хамаарах юм байна.
Гэхдээ, энэ тэмдэглэлт өдөр хэн, хэнд хамаарах вэ гэдгээс хавь илүү энэ өдөр заавал онцгой анхаарал хандуулах сэдэв бол хугацаат цэргийн алба хааж буй иргэдийн эрүүл, аюулгүй байдлын баталгаа билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн алба хаагчид зүй бус дэглэлтээс үүдэлтэй эрүүл мэндээрээ хохирох, хөгжлийн бэрхшээлтэй болох төдийгүй амь эрсэдсэн тохиолдол үе үе бидний сэтгэлийг эмзэглүүлдэг сэдэв болсон.
2024 оны хоёрдугаар сард Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлсэн зарим тоог энд дурдъя. Тус мэдээлэлд дурдсанаар, сүүлийн 10 жилд хугацаат цэргийн анги, байгууллагад сахилгын шийтгэл, дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, үүнээс 44 хүний амь нас хохирсноос 20 нь хугацаат цэргийн алба хаагч байсан гэжээ. Цаашлаад, 126 алба хаагч эрүүл мэндээрээ хохирч, мөн дээр дурдсан шалтгааны улмаас 56 алба хаагч цэргийн албанаас оргож байсан бол дүрмийн бус харилцаанаас үүдэлтэй 105 зөрчил тус тус бүртгэгдэж байжээ.
Түүнчлэн, тус мэдээлэлд 2021 оны судалгааг 2006 онд хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн алба дахь дүрмийн бус дэглэлтийн хуучин арга хэлбэр өнөөг хүртэл арилаагүй байна гэжээ. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн 15 жил өнгөрсөн ч уг салбар дахь хүний эрхийн бүдүүлэг зөрчлүүд огтоос өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Мөн, 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ХҮЭК-оос мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг боловсруулж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан байна.
Тус илтгэлд дараах дүгнэлтийг дурджээ.
“Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг тусгаж, хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хязгаарлаж болохгүй талаарх зарчмыг Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журам, зааварт тусгаагүй нь хүний эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харьцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй байгаа …”
Тодруулбал, хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг бөгөөд ингэх нь зүй ёсны, шаардлага бүхий гэдэгтэй хэн ч маргадаггүй. Харин, ийнхүү хязгаарлахын хажуугаар Үндсэн хууль, бусад хууль болон олон улсын эрх зүйн хүрээнд баталгаажсан үндсэн эрхүүд болох амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, хүнлэг бус харьцаанаас ангид байх зэрэг эрхийг хязгаарлаж болохгүй билээ. Иймд, энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх буюу хамгаалах зохицуулалтыг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай болохыг ХҮЭК-оос УИХ-д хүргүүлсэн санал, зөвлөмждөө тусгажээ.
Тус илтгэлийн талаарх хэвлэлийн мэдээнд мөн “УИХ-ын 49 дүгээр тогтоол”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” 180 дугаар зарлиг зэрэг нь цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд тодорхой үр дүн, ахиц гаргасныг онцлон дурдсан нь сайшаалтай.
Түүнчлэн, ХҮЭК-оос Дотоод хэргийн их сургуулийн удирдлагад цэргийн дүрмийн бус харилцааг таслан зогсоох, сургалт нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, зөрчил дутагдлыг илрүүлэх, бүртгэх, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөвлөмж хүргүүлэн, энэхүү арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгож, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэжээ.
Эндээс харвал, хугацаат цэргийн алба хаагчдад тулгардаг зүй бус харилцаа, дэглэлтээс үүдэлтэй сэтгэл өвтгөм асуудлууд, тэр дундаа амиа алдсан тохиолдлуудыг иргэд бид нийтийг хамруулан хэлэлцэж буй нь тус салбарт хүний эрхийн баталгааг хангах тал дээр бага ч болов хөшүүрэг болж, ахиц гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэхэд буруудахааргүй байна. Иймд, жилд нэг удаа онцгойлон тэмдэглэдэг энэхүү өдөр болох “Монгол цэргийн өдөр” – өөр ч бид энэ тэмдэглэлт өдрийг хэн тэмдэглэх эрхтэй эсэх талаар мэтгэлцэхээс илүүтэй Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлж буй алба хаагчдын эрхийн баталгааг хангах асуудлыг идэвхтэй хэлэлцэхэд нэн тэргүүнд анхаарах нь ач холбогдолтой мэт.
Та бүхэнд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе!