Зудын байдлаас шалтгаалан ноолуурын нийлүүлэлт хэдэн хувиар буурах нь тодорхойгүй байна
Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 27 мянга орчим тонн ноолуур бэлтгэж байгаагаас Монгол Улс 10.5 мянган тонныг нь бэлтгэн нийлүүлж байна.
Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор ноолуурын үнэ нэг кг нь 140-150 мянган төгрөг хүрэх урьдчилсан тооцоотой байгааг Монголын ноос, ноолуурын холбоо мэдээлэв. Ноолуурын бэлтгэл ажил хүндрэлтэй байгаагаас шалтгаалан нийлүүлэлтийн хэмжээ буурна гэдгийг тодотгож байна.
Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байгаа бөгөөд 2023 онд гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 168 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь 2022 онд олгож байсан гурван хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай зээлтэй харьцуулахад зээлийн хэмжээ 38 хувиар өссөн байна.
Харин энэ жилийн хувьд ноолуур бэлтгэлийн зээл одоо хүртэл гараагүй, зудын байдлаас шалтгаалан ноолуурын нийлүүлэлт хэдэн хувиар буурах нь тодорхойгүй байгаа зэрэг нь салбарт сорилт дагуулж байгааг “Ханбогд кашимер” ХХК мэдээллээ. Тус компани ноолуурыг гадаад зах зээлийн үнэтэй уялдуулж экспортлох ба үнийг нь огцом унагаахгүй байх талд төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.
2023 онд ноос, ноолуурын салбарынхан 441 сая ам.долларын борлуулалт хийжээ. Тухайлбал: 398 сая ам.долларын экспорт хийж, 43 сая ам.долларын дотоод борлуулалт хийснийг Ноос, ноолуурын холбооны тайлангаас харж болохоор байна. Өнгөрсөн онтой харьцуулахад борлуулалт нь 8.2 хувиар, экспорт нь 8.4 хувиар буурчээ.
Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 27 орчим мянган тонн ноолуур бэлтгэж байгаагаас Монгол Улс 10.5 мянган тонн ноолуур, 1400 тонн тэмээний ноос, 200 тонн сарлагийн хөөвөр бэлтгэн нийлүүлж байна гэж Монголын ноос, ноолуурын холбоо мэдээллээ. Ноолуурын түүхий эд бэлтгэл 2022 онд 3100 тонн байсан бол 2023 онд 3400 тонн болсон байна. Үүнээс гадна нэг малчин өрхийн ноолуураас олох дундаж орлого 4.2 сая төгрөг байгаа аж.