Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу зарлага 35 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.8 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар баталсан. Эдийн засагчдын “хэт тэлэлттэй” гэж анхааруулсан энэ төсвөөс үүдэн гарах үр дагаврын талаар ярихгүй юу?
-Өнгөрсөн хавар бид судалгаа хийгээд, орон зайтай хязгаарлалт өгсөн. Ирэх гурван жилд бид эдийн засгаа авч явахдаа өнгөрсөн жилүүдэд савлагаа, хазайлт ихтэй байснаа бодох хэрэгтэй талаар зөвлөсөн. Харамсалтай нь, манай гишүүд тэрийг ер нь мэдэхгүй байна. Тэрхүү хазайлтыг багасгах нь зүйтэй. Эдийн засаг савлагаа ихтэй бол муу. Бидний тооцоогоор, 3.1 хувиас доош буувал манай эдийн засаг хэцүүднэ, төсвөө хумих шаардлага гарна. Хамгийн боломжтой өсөлт бол ирэх онд 6.7 хувь. Энэ хооронд бид эдийн засгаа авч явахад төсөв дээр хэт тэлэлт хийхгүй, төсвөө танахгүйгээр төсвийн байгууллагуудаа санхүүжүүлээд явах бололцоотой гэсэн хязгаарыг өгсөн. Энэ хязгаар дотор байхад манай эдийн засаг хэвийн байна.
Олон улсын валютын сан бүсийн тойм дээрээ манай эдийн засгийн өсөлтийг 7 хувь гэж таамагласнаа мэдээлсэн бол Дэлхийн банк 6.5 хувь гэж тооцоолсон. Тэгэхээр өсөлтийг 8 болгох гэж тэмүүлэх ямар ч шаардлага байхгүй. Тэр боломжгүй бөгөөд сөрөг үр дагавартай, эдийн засаг хямарна. Жишээлбэл, Монголбанкны захирлууд хэлээд байгаа. Нэгдүгээрт, Засгийн газар төсвөө боловсруулахдаа тэлсэн, хоёрдугаарт, төсвөөс их хэмжээгээр том бүтээн байгуулалтад зарцуулахаар хувийн хэвшил дээр зам ч юм уу, барилга эрчим хүч гээд очно. Тэгэхээр худалдан авалт, тоног төхөөрөмжийн 70аас доошгүй хувь нь импортоор орж ирдэг. 10 мянга, 100 мянган айлын төсөл хөтөлбөр гэх мэт. Тэр нь импортоо дэмждэг.
-Оны эхний есөн сарын байдлаар манай импорт 26 хувийн өсөлттэй гарсан. Үүний нөлөө хаана тусах вэ?
-Импорт дахин өсөхөөр гадаад худалдааны тэнцэл алдагдал руугаа явна. Ийм болоод Монголбанк санаа зовж байна гэж хэлээд байгаа юм. Айхтар том эрсдэлүүд бидэнд сайн үр дагавраасаа илүү сөрөг үр дагавар авчирдаг учраас бид мөнгөний бодлого, гадаад худалдааны салбараа маш сайн бодож байж эдийн засгийн төсөөллийг гаргах ёстой. Түүнээс төсвийг тэлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг тэлж болохгүй. Төсвийн зарлагаа эхэлж бодчихоод, тэрэндээ нийцсэн өсөлт тавиад байж болохгүй. Энэ бол маш буруу.
-Ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт хүргэхээр тооцсон. Энэ хүрээнд “бодлого”-оо зөв бодож уу, алдаа гаргаж уу?
-Зүгээр 80, 90 сая гэдэг тоо хэлэх, төсвийн орлогоо бодох биш, хэдэн сая тонныг гаргаж байж Монгол Улсын нүүрсний үнэ хамгийн оновчтой байх вэ гэдэг бодлого хэрэгтэй байхгүй юу. Бид үүнийг гаргаж үзсэн. 2022 онд Монгол Улсын нүүрсний экспорт хамгийн үр ашигтай байсан байна, 50 орчим сая тоннд хүрсэн. Тэгэхэд нэг тонн нүүрснээс олсон орлого хамгийн өндөр байсан. Хоёрдугаарт, нэг тонн нүүрснээс татварын орлогоор төсөвт орж байгаа орлого хамгийн өндөр буюу 6000 гаруй төгрөг байсан. Одоо тэр нь буурсан яваа. Ихсэх тусам өгөөж нь буурч байна шүү дээ. Нэг тонн нүүрсний үнэ, төсөвт орох орлого буурч байна. Тэгэхээр хамгийн өндөр байх хэмжээ хэд вэ гэдэг нь бодох ёстой бодлого. Тэр бодлогыг бодож байж дараа нь тэр тоог хэлэх байсан. Тэрийг ганцхан Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны хоёр, гуравхан хэлтэс сууж байгаад бодчихдог ажил биш.
Гадаад худалдааны бодлогоо бодно. Бид түүхий эдийн өндөр хамааралтай улсын хувьд цаашдаа их хамааралтай болохгүйн тулд энэ бодлого маш чухал. Бид 20, 30 жил нүүрсээ гаргая гэж байгаа бол аль болохоор тэндээс илүү өгөөж хүртэх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн сургамж, тэгж чадаагүй байна. Унасан үед нь орлого унаад, дөнгөж өссөн цөөхөн жилд нь орлого олж, хуримтлуулсан ч зүйлгүй явчихаад байна. Цаашдаа ийм савлагаатай бодлогоор явж болохгүй. Аль болох өмнөх туршлага дээрээ тулгуурлаад, нүүрсний үнийг тогтвортой байлгах, жишээлбэл, нүүрсний үнийг нэг тонныг нь 100 ам.доллараас буулгахгүй байх бодлого хэрэгтэй. Ингэж байж бид илүү үрэлгэн зардал гаргахгүй, маш их хэмжээний тээвэр хийхгүйгээр төсвийн орлогоо бүрдүүлж чадна.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн төсөл дээр маш тодорхой, чухал зөвлөмжүүд өгсөн байсан. Бодлого боловсруулагчид төдийлөн “авч хэлэлцсэнгүй”. Цаашдын үйл ажиллагаандаа юуг анхаарч ажиллаарай гэж та хэлэх вэ?
-Бидний өгсөн зөвлөмж хоёр талаараа ялгаатай. Нэгдүгээрт, бид хавар макро эдийн засгийн төсөөллөө хийсэн. Түрүүний ярьдаг, дээд доод хязгаар гээд. Шинэ хуулиар Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хавар төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахдаа энийг үндэслэх ёстой. 100 хувь биш ч гэсэн, ямар нэг хэмжээгээр. Манай зөвлөл эдийн засгийн өсөлтийг 6.7 хувь гэсэн, Эдийн засгийн хөгжлийн яам 8 хувь гэж байгаа бол тэрийгээ УИХ дээр очиж тайлбарлах ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсөөлөл бага байна, бид ийм учраас 8 хувь гэж төсөөлсөн юмаа гэж тайлбараа өгч байж хэлэлцэх ёстой. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, бид “ тооны зөрүү байна”, “төсвийн зарцуулалт буруу байна” гэдэг дүгнэлтээс гадна шалтгааныг олох гэж хичээсэн. Төсвийн хөрөнгө оруулалт яагаад үрэлгэн байна, яагаад үр ашиггүй байна вэ гэдэг дээр бид 23 янзын зөвлөмж өгсөн. Энийг Засгийн газар хүлээж ав гэдгээ хэлсэн. Нэгд, төсвийн танилцуулга дотор дурдагдаж байгаа. Жилдээ улсын төсвөөс 1200-1300 төслийг санхүүжүүлье гэж. Энэ нь тав, арван жилийн өмнөхтэй харьцуулахад асар их, бараг хоёр, гурав дахин их өссөн байна. Мөнгөтэй байсны зовлон. Энэ жил Засгийн газар бодлого, зорилтоо тодорхойлоод, том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд явъя гэж байгаа нь сайн хэрэг. Гэтэл энэ дээр нөгөө 1000 төсөл чинь явж байгаа байхгүй юу.
-Тэгэхээр төсөв дээр ирэх ачаалал маш их байх нь ойлгомжтой?
-Бараг даац нь хэтэрчихсэн. Одоо яаж байна гэхээр, сонгуулийн холимог тогтолцоо болгоод, жижиг тойрог дээр байгаа асуудлаа болиод, том юм явуулъя гэж байна. Тэгвэл улсын хөрөнгө оруулалтын бодлого дээрээ яг үүнийгээ тусгах хэрэгтэй. Сонгуулийн хуулиа өөрчлөөд, холимог тогтолцоогоор сонгууль явуулсан шигээ улсын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөөд явах хэрэгтэй. Манайд одоо яг ийм хууль байхгүй. Тэгэхээр Төсвийн тухай хуульд тодорхой заалтууд орох ёстой. Бусад услын сайн жишээ нь, ийм хууль гаргаад, ямар хэмжээний төсвийг УИХ авч хэлэлцэх вэ, арай бага, нэг их хөрөнгө зардал шаардахгүй, нарийн төвөгтэй биш жижиг объектууд болох соёлын төв, сургуулийн дотуур байр, спорт заал зэргийг аймаг дээр байгаа барилгын компаниуд барьж болно шүү дээ. Үнийн дүн нь гурван тэрбум дотор байхгүй юу. Тэгэхээр орон нутгийн төсвөөр энийг хийж болох юм. Ингэж бид хөрөнгө оруулалтаа орон нутаг, аймгийн түвшинд шийдэж болдог, салбарын сайдын түвшинд шийдэх ёстой, тэгээд улсын төсвөөр гэж ялгаж болно.
-Ингэсэн тохиолдолд дараа жилийн төсөв дээр, Сангийн яаман дээр ирдэг төсвийн жагсаалтын тоо цөөрөх болов уу?
-Тэгнэ. Энэ жил Сангийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга “Манай дээр найман сард 1000 төсөл ирсэн. Бид шүүсээр байгаад, 538 төслийг нь эрэмбэлж авсан” гэж тайлбарласан. Энэ чинь угаасаа хүний хүчин чадлаас давсан ажил байсан. Хоёрдугаарт, ийм ялгавар байхгүй болохоор бид 12 тэрбум төгрөгийн өртөгтэй жижиг спорт заал, соёлын төв гээд бүх юмаа УИХ дээрээ хэлэлцээд сууж байна шүү дээ. Бид урьд нь ийм урт, 70 хуудас хөрөнгө оруулалтын жагсаалт хэзээ ч хэлэлцэж байгаагүй. Хуучин бол төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт 10 гаруй хуудаст л байсан. Одоо мөнгө нь их болоод, ялгамж байхгүйгээс хаа байсан алслагдсан сум дээр байгаа жижигхээн объектын төсвийг батлах уу, үгүй юү гээд сууж байгаа нь утгагүй юм. Тэнд зарах төсвөөрөө тулгамдсан асуудал болох эрчим хүч, Улаанбаатарын үеийн байгууламж, авто зам зэрэг асуудлууд дээрээ түлхүү хөрөнгө оруулах хэрэгтэй.
-Том төсөл яриад ирэхээр цаг хугацаа, мөнгөн дүн хоёулаа өснө. Санхүүжилтийн бэрхшээл гарахгүй гэх баталгаа байхгүй. Ямар зохицуулалт хийх боломжтой гэж та бодож байна вэ?
-Сургуулийн барилгыг Төсвийн тухай хуульд зааснаар бид гурван жилд барьж дуусгана. Сунжраад дөрвөн жил болно. Том төсөл болохоор долоо, найман жил болж байна. Тухайлбал, Дарханы зам, Сайншандын Газрын тос боловсруулах үйлдвэр гээд. Энэ дээр санхүүжилтийн бэрхшээл гарч ирнэ. Зургаан тэрбумыг хоёр, хоёр тэрбумаар нь гурван жилпд тавьчихаж болно. Төсвөөс ямар нэгэн байдлаар “дусааж” байгаад ч гэсэн гаргачихна. Тэгвэл арван жил, найман жил үргэлжилж байгаа төсөлд ингэж мөнгө гаргаж чадахгүй. Тэрийг баттай гаргана гэж хэлж чадахгүй. Түүхий эдийн үнэ савласаар байна шүү дээ. Тэгэхээр урт хугацааны албан бус санхүүжилт хийхгүй бол санхүүжилтийн дутагдлууд гарч эхэлнэ. Эс бөгөөс нөгөө том төсөл чинь гацаад, дундаа царцсан, саатсан барилга гэдэг чинь гарч ирнэ. Жишээ нь, одоо Дарханы зам дээр ажлаа хийсэн ч мөнгөө авч чадахгүй явж байна шүү дээ. Саатал гаргахгүйн тулд төслийн санхүүжилт дээр цоо шинэ ойлголт гаргаж ирэх хэрэгтэй. Зөвхөн улсын төсвөөс санхүүждэг биш, өөр эх үүсвэрээс санхүүждэг. Хоёрдугаарт, манай төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт яг урсгал төсөвтэйгөө адилхан энэ сард орж ирсэн мөнгийг шууд төрийн сан дээр хуваарилдаг. Тэгэхээр мөнгө дутсан үед ийшээ гарах мөнгө байхгүй л болно гэсэн үг. Хөрөнгө оруулалт дээр тэгж болохгүй, чухал объект. Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр маш чухал төсөл. Ирэх жил ашиглалтад орно, энэ жил ажил нь дуусах ёстой. Ийм чухал төсөл мөнгө байхгүй зогсож болохгүй учраас төслийн санхүүжилт гэдэг ойлголтоор, эх үүсвэр нь тасралтгүй байх сан бүрдүүлэх ёстой гэж бид зөвлөсөн. Өөр арга зам, өөр санхүүжилийн тогтолцоо бий болгооч ээ гэж. Тэгвэл төсөв дээр тулгарч буй нэлээн олон асуудал цэгцэрнэ.
-“Засгийн газар 14 мега төслөө хэрэгжүүлээд яваг” гээд дэмжээд өгвөл яадаг юм бол. Болохгүй зүйл байхгүй биз дээ?
-14 мега төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь зөв боловч хэзээ, ямар нөхцөлд танилцуулах вэ гэдэг дээр зөрүүтэй ойлголт байгаад байгаа юм. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөө бид урт, дунд хугацааны бодлого, жилийн төлөвлөгөө гээд гурав ангилсан байгаа. Тэр дотор нь ямар бичиг баримт, юу юу байх вэ гэдгийг нарийн заачихсан. Тэрийгээ баталгаажуулж бид таван жилийн төлөвлөгөө баталсан, ирэх онд дуусна. Нэг жилийн үндсэн төлөвлөгөөгөө баталдаг. 2025 оны төлөвлөгөөгөө сая баталж дууссан. Тэр 14 том төсөл чухал гэдэг нь эхлээд түүн дотор тусгагдах ёстой. Тэгж байж энэ төслийн санхүүжилтийг хийх чухал юм байна гэдэг нь төсөв дээр гарч ирнэ. 2025 оны үндсэн чиглэлийг зургадугаар сард УИХ баталлаа. Тэр дотор 14 төсөл тусгагдлаа. Тийм учраас 2025 оны төсөвт тусгана гэж Сангийн яам мөрдлөг болгодог. Төсвийг боловсруулахдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгасан төслийг уялдуулан тусгана гэсэн заалт бий. Гэтэл үүнийгээ ойлгоогүй, зөрчөөд яваад байна. Чухал нь чухал, гэхдээ дараалал, процедурын хувьд буруу яваад байна. Найман сард гэнэтхэн 14 төсөл танилцуулахаар төсөвт ямар ч хамааралгүй болчихож байгаа юм. Тэр тусмаа төсөв өргөн барих үед. Яг санхүүжилт явагдахаар миний түрүүний хэлдгээр, хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн бэрхшээлүүд тулгарна. Манайд өмнө нь тулгарч байсан жишээ бий. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал дээр нэлээн бүдүүлэг алдаа гаргасан.
-Ямар алдаа вэ?
-Нисэх буудлын аэродром байгуулах, бууж хөөрөх зурвасыг Японы зээлийн хөрөнгөөр байгуулчихсан. Төслийн менемжент нь тусдаа. Гэтэл эрчим хүч, зам, бусад байгууламжуудыг бүгдийг Засгийн газрын хөрөнгөөр байгуулсан. Энэ бодлогуудаа уялдуулаагүйгээс хугацааны зөрүүтэй байдал үүссэн. Нисэх буудал нь 2018 оны үед дуусчихсан шүү дээ. Гэтэл бид бусад ажил нь дуусаагүйгээс гурван жил ашиглаж чадаагүй. Арай гэж бусад байгууламж нь дуусаад, 2021 оны зун хүлээж авсан. Харамсалтай нь, ийм зөрүүтэй байдалд ордог, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай төслийн хувьд. 2017 онд бид Японы Засгийн газраас зээл авсан. Урт хугацааны хөнгөлөлттэй зээл учраас таван жилийн дараа үндсэн өрөө төлнө. Гэтэл нисэх буудал ашиглалтад ороогүй байхад бид үндсэн өрөө төлөөд эхэлсэн. Ийм байж болохгүй. Төсөл цаг хугацаандаа дуусаад, үр ашгаа өгч байх ёстой. Төслийн менежмент дээрээ алдаа гаргасан учраас орлого нь орж ирээгүй төслийн төлөө Засгийн газар, Сангийн яам зээлийн төлбөр төлж эхэлсэн. Одоо Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр дээр бас ийм алдаа гарах гэж байна. Сунжраад л байна.
-Засгийн газар Энэтхэгийн Засгийн газрын зээлээс төлж эхэлсэн болов уу?
-Бараг энэ жилээс төлж эхэлсэн байх шүү. Төслийг эхлэхэд бэлэн болсон уу, үгүй юү гэдгээ бүгдийг судалж байж, ялангуяа эх үүсвэр талаа баталгаатай болгож байж эхэлдэг. Гэтэл манайх улс төрийн шалтгаанаар, тууз хайчлаад л эхэлж байна шүү дээ. Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна. Үүнээс болоод төслийн өртөг сунжраад, илүү үнэтэй болчихож байна. Сайн бэлтгэж байгаад, 2026 оны хавар эхлүүлж болох байхгүй юу. Тэгвэл хугацаа хожимдохгүй, цагтаа, төсөвлөсөн дүнд нь багтаад дуусгаж болно. Үүнийг ялангуяа манай улстөрчид ойлгохгүй байна. Миний бодлоор үүнийг хуульчлан баталж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол төслийг дурын нэг улстөрч шийдэж эхлүүлж байна. “За тууз хайчилчихъя”, “За сонгууль боллоо” гээд. Энэ бол утгагүй алдаа. Хамгийн наад талын А үсэг нь “төсөл бэлэн болсон үед л эхэлнэ”. Төлөвлөж, бэлтгэлээ хангаж байж хугацаандаа дуусна. Тэгэхгүй бол жижигхээн сургуулийн төсөл хийсэн сэтгэхүйдээ баригдаад байна.