С.Бямбацогт: Энэ оны хоёрдугаар хагасаас эхлэх АНУ-Монгол хоорондын шууд нислэгийн тийзний үнэ 2-3 дахин хямд байна
Төрийн байгууллагын автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгож, иргэдийн хяналтыг сайжруулах талаар өнгөрсөн оны наймдугаар сард ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийсэн. Гэтэл өнөөг хүртэл энэ тогтоол бүрэн хэрэгжээгүй л байна. Мөн АНУ-Монгол Улс хооронд үйлдэх шууд нислэг хэзээнээс эхлэх талаар бид УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогттой “ШУГАМ” нэвтрүүлгээрээ ярилцлаа.
-Албаны цэнхэр дугаар, АНУ-Монгол Улс хоорондын шууд нислэг болон төмөр замын бүтээн байгуулалаттай холбоотой асуудлаар тантай ярилцахаар бид нэвтрүүлэгтээ урьсан юм. Та 2023 оны наймдугаар сарын 10-ны өдөр хийсэн хэвлэлийн хуралд “Төрийн албаны тээврийн хэрэгслүүдийг цэнхэр дугаартай болгоно. Ингэснээр иргэдийн хяналт сайжирна. Төрөөс цалин авдаг жолооч нар төрийн машинаар дарга нарын хүүхдийг зөөхгүй, эхнэрүүд зугаалахгүй, дарга нарыг хүлээгээд оройн цагаар клубын үүдэнд зогсохгүй болно” гэж мэдэгдсэн. Гэтэл нийгмийн зүгээс “бүх машинд цэнхэр дугаар зүүсэн юм уу? Дарга нар төрийн машин унаж яваа гэдгээ мэдэгдүүлэхгүй байгаа юм биш үү” гэсэн асуултыг тавьж байна. Тэгэхээр таны наймдугаар сарын 18-ны өдөр хийсэн мэдээлэл үр дүнтэй байгаа юу?
-Дарга нар давуу эрхтэй байсан. Тэгсэн атлаа бүх машин адил номертой учраас таньж ялгадаггүй. Үүнээс үүдэн дарга нарыг дутуу эрхтэй болгож, сондгой номертой, дугаарын өнгө нь өөр байвал тэр хэмжээгээр хаана хэн явж байгааг хүн бүр мэддэг болно. Тэгэхээр тэр болгон дэлгүүрийн гадаа зогсож, шөнө орой цэнгээний газруудаар зугаалахад хэцүү байх юм. Иймд цэнхэр дугаартай болъё гэсэн Засгийн газрын тогтоолыг батлуулсан. Энэ тогтоол харамсалтай нь хангалттай хэрэгжихгүй байна. Иргэдийн шүүмж ч цөөнгүй байгаа. Иргэдийн хараа хяналт дор, шахалтын үндсэн дээрээс төрийн тогтолцоо биелээсэй гэж бодож байна.
Өнөөдрийн байдлаар цэнхэр дугаар зүйх ёстой машинуудын 30 гаруй хувь нь л цэнхэр дугаартай. Уг нь нийт 17 мянга гаруй машин цэнхэр дугаар зүүх ёстой.
Түүнээс тусгай зориулалтын машин буюу уул уурхайн тоног төхөөрөмж, цэргийн техникийг хасаад үзвэл арай цөөн тоо гарна. Эдгээрээс яам, тамгын газар, улс төрийн бусад агентлагуудын дарга нар цэнхэр дугаар зүүж, иргэдийн хяналт дор амьдрахаас татгалзаж байгаа. Иймд иргэд илүү шахаж, шүүмжлээсэй гэж хүсэж байгаа.
-Яамнаас үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Засгийн газраас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх олон нийтийн шахалтаар цэнхэрээр будах хөдөлгөөн хүртэл өрнөж байна. Ийм байдлаар дарга нарын эрхийг багасгах, төрийн машинаар зугаацахгүй, зугаалахгүй болгож байгаа. Уг нь нэг дарга гэр ажил хоёрын хооронд 10 км газар л явна. Гэтэл өдөрт 200 км газар явчихсан байдаг. Тэр хэмжээгээр бензин шатахуун, машины элэгдэл хоргодолд маш их зардал гардаг. Энэ бүх зардлыг хэмнэх, даргын эрх ямбыг багасгах, олон нийтийн хяналтыг сайжруулах зарчмаар энэ тогтоолыг санаачлаад Засгийн газраар батлуулаад, хэрэгжүүлээд явж байгаа. Харамсалтай нь хэрэгжилт бага байна.
– 2000-ААД ОНЫ ЭХЭН ҮЕЭС ЭХЛЭН АНУ-ААС МОНГОЛ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ САНАЛ ТАВЬЖ БАЙСАН Ч МАНАЙ УЛС ТАТГАЛЗСААР ИРЖЭЭ –
-2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан баг АНУ-д айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол, Америк хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрийг АНУ-ын тээврийн сайд байгуулсан нь үндсэндээ Монгол, Америк хоорондын нислэгт маш хариуцлагатай хандаж, ач холбогдол өгч байгааг илтгэж байгаа юм. Энэ оны хоёрдугаар улирлаас эхлээд Америк руу шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж мэдэгдсэн. Энэ бэлтгэл ажил хангагдаж байгаа юу?
-Хэлэлцээрт АНУ маш өндөр ач холбогдол өгсөн. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга, тээврийн яамны сайд хоёулаа гарын үсэг зурсан тохиолдол өмнө нь байдаггүй юм билээ.
2000-аад оны эхэн үеэс эхлэн 20 жилийн хугацаанд АНУ-аас Монгол руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулах санал тавьж байсан боловч манай улс татгалздаг байсан.
Учир нь шууд нислэг үйлдэх хэлэлцээрт гарын үсэг зурвал Монгол Улсын тээврийн салбар тэр дундаа МИАТ компани дампуурчих байх гэсэн болгоомжлолоос болоод хэлэлцээр байгуулдаггүй байсан. Харин бид одоо МИАТ компани буюу Монголын иргэний агаарын тээврийн компаниудыг салбарын өрсөлдөөнд оруулж бүгдэд нь тэгш боломж олгосон. Ингэснээр иргэний агаарын тээврийн салбар урьд өмнө нь байгаагүй өсөлтийг үзүүлсэн. МИАТ компани түүхэндээ байгаагүй өндөр орлого олсон. Тодруулбал, 2022 онд 500 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2023 онд 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүний цэвэр ашиг нь 70 тэрбумд хүрсэн бөгөөд нөгөө талдаа билетний үнэ буурсан байгаа.
-Америк руу холын зайн нислэг хийнэ хэмээн “Боинг-787” онгоц авсан. Ер нь эдийн засгийн хувьд ч цаг хугацааны хувьд ч их зүйлийг хэмнэж байгаа гэж харж байна?
-Энэ оны хоёрдугаар хагаст багтаан АНУ, Монгол улс хооронд шууд нислэг үйлдэхээр бэлтгэлээ хангаж байгаа. Өөрөөр хэлбэл саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг шууд нисэхийн тулд тасралтгүй 12 мянган км нисэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн загвар бүхий онгоцтой болсон. Монголоос АНУ руу хамгийн багадаа 36 цаг нисдэг. Дээрээс нь билетны үнэд 3000-5000 доллар зарцуулдаг. Одоо шууд нисдэг болчихвол бид Америк руу 10-12 цаг л ниснэ. Билетний үнэ 1000-1500 доллар болж 2-3 дахин хямдарна. Ийнхүү нислэгийн давтамж ихсээд, үнэ хямдарвал АНУ, Монгол хооронд нисэх иргэдийн тоо улам нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр хоёр улсын харилцаа, эдийн засаг, бизнес, боловсрол зэрэг бүх л түвшний хамтын ажиллагаа хөгжинө. Хамгийн оргил үедээ жилд 60 орчим мянган иргэн хоёр улсын хооронд нисэж байсан. Харин шууд нислэгтэй болчихвол 120 мянга болж нэмэгдэнэ.
-Ганцхан манай талаас агаарын тээврийн МИАТ компани нислэг үйлдэх үү? Хоёр талаас нислэг үйлдэх үү?
-Хоёр талаас нислэг үйлдэнэ. Урьд нь Сөүл-Улаанбаатар хооронд долоо хоногт 10 удаа нисдэг байсан. Монгол болон Солонгосын талаас ганц л компани нислэг үйлддэг байсныг бид өрсөлдөөнд оруулсан. Ингээд Монголын талаас гурван авиа компани нисдэг болсноор билетний үнэ 3 саяас нэг сая болж хямдарсан. Дээрээс нь долоо хоногт 10 нисдэг байсан бол зундаа долоо хоногт 80 удаа нисдэг болж байгаа.
-Манайх Европ, Ази руу л шууд нислэгтэй. Таны хэлж буй мэдээллийг харахад өөр орон руу шууд нислэг үйлдэх талаа ярьж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-АНУ бол шууд нислэг үйлдэх хамгийн хол чиглэл. Сая бид Катартай шууд нислэг үйлдэх хэлэлцээр хийсэн. Катарт нисгэгч болон онгоцны үйлчлэгч бэлддэг болж байгаа. Мөн Англи Улстай хэлэлцээр хийж Лондон-Улаанбаатар хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болж байна. Үүнтэй төстэйгөөр Германы бусад хот руу хэлэлцээр байгуулах талаар ярилцаж байгаа юм. Цаашдаа Сингапур, Австрали руу ч шууд нислэг үйлддэг болохоор ажиллаж байна. Мөн Ховд-Улаанбаатар хооронд 1.9 саяар нисдэг байсан бол иргэний агаарын тээвэрт өрсөлдөөн бий болгосноор 800-900 мянгаар нисдэг болж, 2-3 дахин хямдарсан. Энэ байдлаар тийзний үнэ хямдрах тусам иргэдийн онгоцоор нисэх сонирхол нэмэгдэж, нислэгийн тоо, давтамж нэмэгдэж байна.
-Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.