Энэ парламент, Засгийн газар Францын талтай ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийж амжихгүй болжээ
Ураны хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр батална гэж Францын талтай санамж бичигт гарын үсэг зурсан ч батлуулж чадаагүй. Учир нь хоёр тал ойлголцолд хүрч чадахгүй байгаа цөөнгүй асуудал байгаа хэмээн ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан хэлж байгаа.
Хоёр орны Ерөнхийлөгч нарын түвшинд хөрөнгө оруулалтын гэрээг ярьж, тодорхой шийдвэрүүд гаргасан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгож чадсангүй. 1997 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас Зөөвч-Овоо ураны ордыг илрүүлсэн бөгөөд тухайн үед хайгуулыг ОХУ-ын санхүүжилтээр хийжээ. Тиймээс ОХУ-ын талаас “манай хөрөнгөөр илрүүлсэн ордыг манайхаас зөвшөөрөл авахгүй олборлох гэлээ” хэмээн эсэргүүцэж байгаа аж. Энэ нь төслийг гацаах үндсэн шалтгаан болж байгаа бөгөөд ураны төслийг Францын талтай бус ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр ярьж байгаа гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнд бий.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад “Ураны хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр хоёр талын ажлын хэсэг ажиллаад явж байгаа. Энэ гэрээг богино хугацаанд ойлголцоод батлах зорилготой ажилласан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд гэрээний төслийг УИХ-д өргөн барина гэж санамж бичигт гарын үсэг зурж байсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хоёр тал гэрээний зарим зүйл заалтууд дээр санал нийлэхгүй байгаа зүйл байна. Монгол Улсын талаас ажлын хэсэг нэгд, эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой гэдэг хатуу шаардлагыг тавьж ажилласан. Энэ ч утгаараа илүү давуу боломжийг манай ажлын хэсэг гаргаж авч чадсан. Хоёрт, байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологиор олборлолтын үйл ажиллагаа явуулах, гуравт, уурхай ашиглагдаад дуусахад хаалтын үйл ажиллагаа хийгдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хөрөнгө оруулагчдын зүгээс гурав дахь санал нь тусдаа бүлэг байх ёстой гэж үзэж байгаа учраас ойлголцохгүй явж байх жишээтэй. Монголын талын саналыг Францын тал тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх ёстой. Ажлын хэсэг дээр бүрэн ойлголцсоны үндсэн дээр өргөн барина гэсэн байр суурьтай байгаа. Цаг хугацаанд шахагдаж байна гээд бид дутуу төсөл өргөн бариад эргээд Монгол Улсад эдийн засгийн хувьд, байгаль экологийн хувьд хохирол учирвал хэн хариуцах вэ гэдэг асуудал байна” гэлээ.
Ямартаа ч энэ парламент, Засгийн газрын үед Францын талтай ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийж амжихгүй болжээ. Хоёр орны Ерөнхийлөгч нарын түвшинд ярьж, эрчимтэй хэлэлцээр хийж эхэлснээс хойш даруй зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр тал бүрэн ойлголцолд хүрч чадаагүй бөгөөл сонгууль болохоос өмнө ойлголцолд хүрч амжихгүй нь ойлгомжтой болжээ. Хаврын чуулган ажлын 75 хоног хуралдах ёстой ч энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай учраас тавдугаар сар хүргэлгүй гишүүд тойргууд руугаа явж сонгуульдана.