Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэнэ
Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар 2024.01.23-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх хэлэлцээрийг албажуулан баталжээ.
Үүний үр дүнд хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна. Ингэснээр Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болж байна.
Манай улс 2024 онд шинээр Узбекистан, Кувейт, Испани, Латви, Азербайжан улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна.
Түүнчлэн Австрали, Иран, Индонез улстай агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэхээр төлөвлөж байна. Мөн тун удахгүй БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэг эхлүүлнэ.
Одоогийн байдлаар ИХБУИНХУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогдоод байна.