“Шатахууны нөөц байгаа ч 10-20 хоноход улаан гэрэл асах эрсдэлтэй”
Шатахууны нөөцийн сав дутмаг учраас асуудал үүсвэл нөхцөл байдал хүнд тусах талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас тодрууллаа.
-Бензин шатахууны нөөц одоо ямар байна вэ. Хаврын тариалалтад нөөц хангалттай хүрэх үү?
-Дизелийн хувьд Монгол Улс асуудалгүй. Бидэнд буулгаагүй вагонууд ч их байгаа. Нийт 600-гаад вагонууд байна. Эерэг сайн мэдээ гэвэл дизелийн үнэ буурч байна. Нийт хэрэглээний 85 хувийг уул уурхайд ашиглаж байгаа. Энэ өөрөө маш сайн дохио. Үнийг цаашид өсгөхгүй байх тал дээр яамнаас анхаарч, барьж байгаа. Орос улсад дроны халдлага өртөж байгаагаас иргэд нөхцөл байдал хүндэрч магадгүй гэж бодож байгаа байх. Миний хувьд өчигдөр Роснефть компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ талаар Засгийн газар мэдээж санаа зовж байгаа.
Хамгийн гол санаа зовоож байгаа зүйл бол нөөцийн сав. Бид хэдийгээр нөөцтэй байгаа ч асуудал гараад 10-20 хоноход улаан гэрэл асна.
Монгол Улс шатахууны 40-50 хоногийн нөөц хадгалах савтай болох шаардлагатай. Би бүх зүйлийг шийддэг сайд биш. Уул уурхайд хамаарах бүх асуудлыг би дангаар шийдэх боломжгүй. Нөөцийн савны асуудал надаас үл хамаарсан асуудал. Засгийн газрын хуралдаан болгон дээр л үүнийг ярьж байна.
-Засгийн газрын нэр дээр нөөц сав байдаг уу?
-Бүх нөөцийн сав хувийн аж ахуй нэгжийнх. Онцгой байдлын ерөнхий газарт тодорхой хэмжээний нөөцийн сав бий. Дизель түлш бол хангалттай байгаа.