Цаглабар: МАК-т ₮856.8 саяар очсон Цагаан суваргын ордын лобби, өрнөсөн үйл явцтай танилц
Өгүүлбэр дундах цэнхэр хэсгүүдэд тухайн агуулгаарх линк байршив.
Уул уурхай, банкны салбар тэргүүтэй манай томоохон бизнесүүд улс төрийн сонгуульд ил далд санхүүжүүлэгчээр оролцсоор ирсэн жишгийг 2024 оны УИХ-ын сонгуулиар “МАК” албан ёсоор илчилж, бүхэл бүтэн нэг намыг ивээн тэтгэхээр болоод буй. “30 гэр бүл” хэмээн цоллогддог уг бизнест Цагаан суваргын орд бий. Эднийх ашигт малтмалын 23 лиценз эзэмшдэг.
“Цагаан суварга” ордын цаглабарыг улс төрийн нюанстай нь холбон тайлбарлаж байна. Ерөөс манай томоохон ордууд хэрхэн хувьд шилждэг лоббиг дараах байдлаар барагцаалан ойлгож болох юм.
Анхлан 1963 онд геологич, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц уг ордыг нээж, дээрх онуудад улсын төсвөөр хайгуул хийсэн. Ч.Хурц нэгэнтээ “Монголын хувийн компанид “Цагаан суварга”-ыг өгч чадсан юм чинь буцаан авч чаддаг төр байх хэрэгтэй” гэж дуугарсан нь бий.
“МАК”-ийн эзэн Б.Нямтайширын эхнэр Д.Хулангийн эзэмшил дэх “Хөх тэнгэр тур” ХХК дээр уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл гарч байжээ. Уг шийдвэрийг өнөөгийн “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн АМГТГ-т ажиллаж байхдаа гаргажээ.
Үүнээс өмнө буюу 2003 оноос “МАК” Ерөнхий сайд асан Д.Содномыг зөвлөхөөрөө авч, улс төрийн агуулгатай томоохон ажлууд дээрээ холбогч хийлгэж эхэлсэн байдаг нь зүй ёсоор анхаарал татах өнцөг юм.
Сонирхолтой нь, ашиглалтын зөвшөөрөл гарснаас ДОЛОО хоногийн дараа Б.Нямтайшир эхнэрээсээ уг ордыг “МАК” руу шилжүүлэн авах хүсэлт гаргаж, 12 хоногийн дараа шийдвэрийг нь албажуулж байжээ.
Логик нь, “МАК” нь Ерөнхий сайд асан Д.Содном, Х.Хэрлэн нарыг хөдөлгөж, ашиглалтын зөвшөөрөл авахдаа шууд өөрийнхөө нэрээр оролцохыг хүсэхгүй тойрсон гэж харагдахаар. Харин зөвшөөрөл гарангуут нь “МАК” руу ордыг татаж, Д.Хулангийн цаасан дээрх компанийг татан буулгажээ.
МАК ашиглалтын зөвшөөрөл авснаасаа ДӨРВӨН сарын дараа төсвөөс хайгуул хийгдсэн зардал болох 714 мянган ам.долларыг улсад төлжээ. Энэ нь 2005 оны ханшаар |1200 төг| 856.8 сая төгрөг юм.
Үндсэндээ МАК 1 тэрбум хүрэхгүй дүнг төрд өгөөд л, Цагаан суваргын ордыг хувьдаа авсан байна. Үүнийгээ Н.Номтойбаяр нар “Төрийг хохиролгүй болгосон” агуулгаар тайлбарлаж ярьдаг билээ.
Ц.Нямдорж УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2007.02.06-ны өдөр Цагаан суваргын ордыг стратегийн ордод оруулж, УИХ-ын тогтоол баталж байв. Харин үүнээс 16 хоногийн дараа МАК барьцаа улам ахиулж, уг ордын гэрчилгээг эзэмшилдээ шинэчлэн бүртгүүлжээ. Энэ үед АМГТГ-ын даргаар АН-аас Л.Болд ажиллаж байв.
МАК нь Цагаан суваргын ордыг “Эрдэнэс суварга орд” ХХК-д шилжүүлсэн. МАК ингэж, Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн тогтоолын төслийг УИХ-аар батлуулахаасаа хоёр сар гаруйн өмнө цаасан дээрээс төв компанийнхаа нэрийг бүдгэрүүлсэн байдаг.
Анхлан “Цагаан суварга орд”-ын 34 хувийг төрд авах агуулгаар ЗГ-аас өргөн баригдсан ч хувь эзэмшихээс татгалзсан хэлбэрээр 100 хувь өөрчилж, УИХ-ын 54-р тогтоолыг батлуулав.
Тогтоолын төсөлд, төр 34 хувийг нь эзэмшвэл 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж танилцуулж байв. Үүнийг “Тэр их мөнгийг гаргаж байхаар хувийн хэвшилд нь өгчихсөн нь дээр” гэхчлэн яригдсаар, төр эзэмшлийн хувиасаа албан ёсоор татгалзсан юм.
Тухайн үед МАК-аас Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр ажиллаж, уг лоббиг зангидсан байдаг. Мөнхүү Ерөнхий сайд асан Д.Содном “Цагаан суваргын орд”-ыг МАК анхлан хувьд авах үеэс УИХ-ын 54-р тогтоолыг батлуулах хүртэл нийт 19 жил ажиллаад гарсан хугацаа анхаарал татдаг. Тэрбээр 2018 оны үес уг ордыг төрд авах агуулгыг У.Хүрэлсүх хөндөх үеэр “Цагаан суварга” нэртэй нийтлэл бичиж байв.
УИХ-ын 54-р тогтоолыг батлуулахад АН-аас УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд илтэд дэмжиж байсан бол Г.Уянга нар тууштай эсэргүүцэж, УИХ-ын дэд дарга Л.Цог ҮХЦ-д хандаж байв.
Харин Н.Номтойбаяр “Төр 400 сая ам.доллар төлөөд Цагаан суваргын ордынхоо 34 хувийг авч болно. Ийм өндөр зардал гаргачхаад байгаа” хэмээсэн мэдэгдэл хийсээр ирсэн билээ.
УИХ-аар хэлэлцэх үеэрх зарим протокол, гишүүдийн илтэд лоббинд автсан байдлыг ЭНД, бас ЭНД дарж уншаарай.
Тухайн үеийн парламент дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс төлөөлж, УИХ-ын дэд дарга Л.Цог “Цагаан суваргын орд” стратегийн ордыг хувийн хэвшилд 100 хувь эзэмшүүлж, төр эзэмших боломжоосоо татгалзсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар цэцэд хандаж байв.
ҮХЦ уг хүсэлтийг хянан үзээд, Үндсэн хууль ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзсэн юм. ҮХЦ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд Ж.Амарсанаа, Н.Жанцан, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг нар байв.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээрхээс хойших огноонд,
- МАК “Цагаан суваргын орд”-доо Н.Номтойбаярын лоббигоор концесс авч,
- У.Хүрэлсүх Н.Номтойбаярт уурлахдаа “Цагаан суваргын орд”-ыг төрд авах гарцыг судлах ажлын хэсэг байгуулсан ч царцаж,
- Н.Номтойбаярыг МАН-ынхан зориудаар улс төрийн өшөө авалт гэмээр байдлаар шоронд хорьж, баахан өшрөлтэй суллагдаж,
- Боомтын сэргэлтээр “Нарийн сухайт”-аар үлэмж мөнгөжсөн МАК сонгуульд оролцохоор бэлтгэх зэргээрх үйл явцууд өрнөж, өдгөө ч үргэлжилж байна.
Харин дээрх огноонууд, дурдагдсан нэрсүүдийг нэгтгэж харахад,
- Төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд ажиллаж, төрт улсаа залалцаж явсан Д.Содном шиг буурьтай хүн, хаана ч хэний ч өрөөнд ороод, МАК-ийн асуудлыг ярихад лобби нь бүтэх сайн логикийг ойлгож болно. Ёс суртахууны хувьд ийм кэйс цаашид давтагдах уу гэдгийг олон нийт хэрсүү нүдээр харж сурах санааг хавсаргамаар.
- МАК-ийн ашиглалтын зөвшөөрөл, нэр шилжих зэрэг эхний процессуудад эдүгээ төрийн аль их мөнгөний эрх ашигтай газар бүрт ажилласаар яваа Х.Хэрлэн залуухан дарга байсныг,
- Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болсноор Цагаан суваргын ордыг төр эзэмшихээс татгалзаж, тийш татах цахилгааны асуудлаа хүртэл төрөөр шийдүүлж чадсаныг,
- МАК-ийн лоббинд МАН+АН тэр чигтээ оролцсоноор ирснийг харж болно.
Эцэст нь, Ашигт малтмалын тухай хуулийн хоёр заалтыг байршуулав.
5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.
Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина.
Цагаан суваргын орд:
Дорноговь аймгийн Мандах суманд нарийвчилсан хайгуулын ажлыг олон улсын стандартын дагуу хөндлөнгийн геологийн судалгааны компанийн хяналт дор гүйцэтгэж, Цагаан суваргын ордыг нээн илрүүлсэн. Тус орд нь нийт 1.7 сая тонн зэс, 61 мянган тонн молибденийн нөөцтэй. Монголын 3 дахь том зэс, молибденийн орд юм.
Жилд 14.6 сая метр тонн хүдэр олборлох хүчин чадлаар ажиллахаар тооцвол нийт 290.4 сая хүдрийн нөөцийг 15-20 жил үйл ажиллагаа явуулж, жилд 300 мянган тонн зэсийн баяжмал болон 5 мянган тонн молибденийн баяжмал тус тус үйлдвэрлэх тооцоотой гэж МАК-ийн албан ёсны хуудаст танилцуулжээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Eguur.mn