СХЕМ: МАК-ийг яагаад “30 гэр бүл”-д багтааж, ард түмний баялгийг булаагч гэж цоллодог вэ
Монгол Улс 15 чухал стратегийн ордтойгоос МАК буюу Б.Нямтайширын таван ам бүл ХОЁРЫГ нь эзэмшдэг. Тодруулбал,
Нэг. Монголын гурав дахь том зэс, молибденийн орд болох “Цагаан суварга”,
Хоёр. “Нарийн сухайт” нүүрсний орд,
Нүүрс, зэсийн нөөцөөрөө улсдаа тэргүүлэгч уг хоёр ордоос гадна алт, шохойн чулуу тэргүүтэй ашигт малтмалын 21 лиценз байна. Эдгээр лиценз нь МАК-т 1995-2049 он хүртэл ашиглагдахаар албажсан. Тархацын хувьд, Улаанбаатар хот болон ДОЛООН аймагт лицензүүд нь байршиж байна.
МАК нь лиценз эзэмшилтийн тоогоороо төрийн өмчит “Монголросцветмет”-ийн дараа улсдаа хоёрт бичигддэг.
Монгол бол чөлөөт зах зээл бүхий хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоохоор, 1990 оны ардчилсан хувьсгалаар нийгмийн шилжилт хийсэн, хоёр том гүрний дундах онцлог гео орчинтой улс. Ерөөс томоохон хувийн хэвшил, түүний удирдлагуудыг бодлогоор дэмжиж, тэднийг “баяжуулснаар”, улсын хөгжлөө чирүүлсэн барууны кэйсүүдийг энд адилтган дурдаж, МАК-ийг ч бас дотоодоос нэрлэж болох.
Нөгөө талд “хувийн хэвшил” гэх халхавчин дор З.Энхболдын хэлсэнчлэн “…Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автдаг. Аливаа төсөл хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг. Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг нь хэн бүхэнд ил болсон. Ийм тогтолцоотой болоод удаж байгаа” гэх логик, үйл явцыг бас МАК бүтээсээр ирсэн нь үнэн билээ.
Үүний хамгийн тод жишээ нь, хоёр ч том стратегийн ордын улсын төсвөөр хайгуул хийсэн 1 тэрбум хүрэхгүй мөнгө төлөөд л шилжүүлэн авч, УИХ-ыг тэр чигт нь Цагаан суваргын ордоос татгалзтал нь лоббидсон кэйсийг нэрлэж болно. Өнөөгийн цэцэрлэг барих төсвөөр 15 тэрбум ам.доллар олох төсөөлөлтэй Цагаан суваргын ордыг авсныг бид өмнө нь хөндсөн.
Нэгэн үес Ерөнхийлөгч асан Х.Баттулга, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Үндсэн хуулийн 6.2-оор иш татаж, “Газрын хэвлий дэх аливаа баялаг монголын ард түмний өмч байх ёстой атал 30 гэр бүл бүгдийг хамсан. Эдгээртэй тэмцэнэ” хэмээж ам шүд алдаж, бүр “Н.Номтойбаяр аа, та монголын ард түмний боломжийг булаасан 30 гэр бүлийн нэг мөн шүү” гэж чуулганы танхимаас хэлцгээж байв.
Ингэж нийтээрээ нэг монголыг “цөлмөдөг” гэх 30 гэр бүлийн эрэлд гарах үеэр хэвлэлүүд монголд хамгийн олон ашигт малтмалын лиценз эзэмшигч 30 ААН-ийг хүртэл зарлаж, хошигнол дэвшүүлсэн удаатай. Үүнд ч монголын хоёр ч стратегийн ордыг аваад, гэр бүлийн өмчлөл дэх халаасандаа хийчихсэн МАК нэрлэгдэж л байв.
МАК бол ардчилсан хувьсгалаас хойших 30 жилд хамгийн цэгцтэйгээр, 10 жилийн үечлэл бүхий бодлогоор манай эдийн засгийн томоохон тоглогч байсаар ирсэн Үндэсний компани мөн үү гэвэл мөн. Тэд хөгжлийн замналаа өөрсдийн нүдээр,
- 1993-2003 оныг: Геологи уул уурхайг хөгжүүлсэн 10 жил,
- 2003-2013 оныг: Уул уурхайг төрөлжүүлэн хөгжүүлсэн 10 жил ,
- 2013-2023 оныг: Аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн 10 жил гэж тодорхойлжээ.
Монголд 1992 оны Ардчилсан хувьсгалаас хойших Үндсэн хуулийг баталж, анхлан парламентын сонгууль явуулснаас ердөө нэг жилийн дараанаас МАК улсын төсвөөр хайгуул нь хийгдсэн Цагаан суварга, Нарийн сухайт ордыг авах, бүртгэлжүүлж ажлаа хайгуултай зэрэгцүүлсэн түүхтэй.
Улмаар Ерөнхий сайд асан Д.Содном 1993 онд эднийд зөвлөхөөр орж, улс төрийн ажлыг нь бүтээж өгдөг “зарлага” нь болсон түүхийг ч дурдаж болно. Тэд ийм шаргуу сайнаар лоббидож, ажиллаж, бүтээн байгуулалт хийж, өнөөдрийн МАК-ийг бүтээсэн.
Дээрх схемээс харахад, МАК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир нь бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж, охин Н.Цэлмүүн нь Ерөнхийлөгч, эхнэр Д.Хулан нь дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Эднийх нэг тэргүүн дэд захирлаас гадна Б.Нямтайширын эхнэр Д.Хуланг оролцуулаад ДОЛООН дэд захиралтай ажиллаж байна.
Компанийн бүтцээр нь салгаж харвал давхардсан тоогоор,
- Б.Нямтайширт 10 хуулийн этгээд,
- Эхнэрт Д.Хуланд 5 хуулийн этгээд,
- Нямтайширын хүү Номтойбаярт 3 хуулийн этгээд,
- Нямтайширын хүү Мөнгөншагайд 3 хуулийн этгээд,
- Нямтайширын охин Цэлмүүнд 11 хуулийн этгээд,
- МАК-ийн бүртгэлд 13 хуулийн этгээдэд хувь эзэмшдэг нь дата мэдээллээс харагдаж байна.
Барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МАК монголын үндэсний томоохон компани болтлоо 30 жилийн хугацаанд ингэж биежсэнийг дээрх нэгтгэлүүдээс харж болно. Эдний улсад төлдөг татвар, бүтээн байгуулалтын үнэ ч асар өндөр юм.
Гол нь яг нэг гэр бүлийн өмчлөлд, 23 лиценз бүртгэгдэж, монголын ард түмэн баялгаас нь өгөөж хүртэх ёстойгоор хуульчлагдсан хоёр ч стратегийн ордыг эдний таван ам бүл эзэмшээд буйд л нийтийн хандлага баахан дургүй байдаг гэх нюанс харагдана.
Үргэлжлэл бий