Хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлджээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг дахь УБТЗ-ын “35 дугаар зөрлөг” гэх газар хоёр автомашин осолдож нэг зорчигч бүхээгт хавчуулагдсаныг гаргажээ.
Дорноговь аймгийн “УБТЗ-ын 35 дугаар зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 33 км-т/ хоёр автомашин хоорондоо мөргөлдөж, автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 2-ны /2023.03.02/ өдрийн 19:35 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” загварын хот хоорондын зорчигч тээврийн /14 зорчигчтой явсан бөгөөд зорчигчдын биеийн байдал хэвийн байна/ автобус, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Тус ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /27 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.