Япончууд шатаасан хог хаягдлынхаа үнсээр цемент хийж байна
–Токиогийн ЧҮБО үйлдвэр жилд 2.5 сая тонн хогийг ангилж, дахин боловсруулдаг–
Токио хотын хог хаягдлыг дахин боловсруулах ЧҮБО /CHUBO/ үйлдвэрийн үйл ажиллагаатай НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат нарын албаныхан танилцаж, туршлага судаллаа.
Улаанбаатарчууд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг” бөгөөд үүний 11.4 хувийг л дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хог хаягдлыг дахин боловсруулах 36 үйлдвэр бүртгэлтэй. Үүнээс хуванцар боловсруулах, гялгар уут, автомашины дугуй, хаягдал мод үртэс, хөнгөн цагаан лааз боловсруулах, ажилласан автомашины хөдөлгүүрийн тос, бор картон цаас, малын гаралтай хаягдал, хайлш, хөнгөн цагаан боловсруулах зэрэг чиглэлээр 17 үйлдвэр л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Харин япончуудын хувьд хог ангилан ялгах санаачилгыг анх 1930 оноос эхлүүлсэн ч төдий л үр дүнгээ өгөөгүй байна. Улмаар 1960 оноос эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж, тэр хэрээр худалдан авалт сайжирч, хог хаягдлыг ангилан ялгах шаардлага тулгарсан аж. Эхэндээ хогийг шууд булдаг байсан нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байна гэх оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, ажилтнууд, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэж эхэлжээ. Иймээс 1970 онд Хогийг хаяж боловсруулах талаарх хууль баталж, 1990 оноос хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр ангилж эхэлсэн байна.
ЧҮБО үйлдвэр нь Токиогийн 23 дүүргийн хогийг дахин боловсруулж, булдаг бөгөөд 3.7 км газрыг хамран үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэр бүх төрлийн хогийг хүлээн авах бөгөөд тусгай нэвтрэх хаалгаар машин ороход хог хаягдлыг автоматаар жинлэнэ. Харин гэр ахуйн бараа, тавилга зэрэг томоохон хог хаягдлыг хаягаар нь очиж авдаг аж. Сүүлийн жилүүдэд гэр ахуйн тавилгуудад батарей ашиглах болсноор хог ангилахад хүний оролцоо зайлшгүй шаардлагатай болжээ. Хог хаягдлыг ангилсны дараа жижиглэн хэрчиж, тусгай соронзын тусламжтайгаар төмрийг ялгаж, үлдсэнийг нь шатаахад бэлдэнэ. Шатаахдаа түймрээс сэргийлж норгодог нь хогны хүндийн жинг нэмдэг аж. Харин шатдаггүй хог хаягдлын тухайд өдөрт 1500 тонн хог булдаг байсан нь сүүлийн жилүүдэд 100 тонн болж багасжээ. Энд хогийг далан маягаар овоолж булдаг. Үүний дараа булсан хогноос тодорхой хэмжээний ус гарна. Усыг 16 байршлаар гадагшлуулан тусгай сувгаар урсгаж, дахин боловсруулан цэвэрлэх бөгөөд эцсийн шатанд далай руу цутгана. Мөн ямар хог шатааснаас хамаарч булах газар нь ч харилцан адилгүй. Эхлээд гурван метр хог хийж, 50 см хар шороо асгаад, дахиад гурван метр хог хийх зарчмаар сөөлжлөн булна. Үйлдвэр хогийг ачихаас дарж булах хүртэл 40 орчим төрлийн машин ашигладаг. Мөн борооны усыг хадгалж, үйлдвэрт ашигладаг бөгөөд өдөрт 10 мянган шоо метр ус хэрэглэдэг гэнэ.
Токио хотын захиргааны Байгаль орчны газрын Тойрог эдийн засаг хариуцсан ахлах мэргэжилтэн Ясүо Фүрүсава:
-Манай ЧҮБО үйлдвэр 1970 оноос хог ангилж боловсруулах, булах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Жилд 2.5 сая тонн хог хаягдлыг цуглуулж, ангилж, дахин боловсруулдаг. Хуучин гэж хэлж болохуйц үйлдвэр тул шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Ингэснээр илүү орчин үеийн техник, шийдлийг нэвтрүүлж, хог ангилан боловсруулах, булах технологи маань тэр хэрээр сайжирна” хэмээсэн юм. Мөн хэчнээн сайн үйлдвэр байгаа ч иргэд хогоо ангилан ялгахгүй бол ямар ч ашиггүй тул энэ чиглэлд иргэдийг соён гэгээрүүлсэн үйл ажиллагаануудыг үе шаттай зохион байгуулах хэрэгтэй гэдгийг тэд хэлж байлаа.
Улаанбаатар хотын хог хаягдлын 40 гаруй хувь нь үнс байдаг. Харин япончууд шатаасан хог хаягдлынхаа үнсийг цемент хийхэд ашиглах болжээ. Улаанбаатар хотын хувьд 2040 гэхэд ахуйн хог хаягдлын 40 хувийг боловсруулдаг байхаар зорилт тавин ажиллаж байна.
Иймээс НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Токио хот дахь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд ашиглаж буй технологийг судлах, энэ хүрээнд боловсон хүчин бэлтгэх, сургах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС