Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын лабораторид үе үеийн Эрүүл мэндийн сайдууд анхаарал хандуулаагүй
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог УИХ-ын өнгөрсөн оны 60 дугаар тогтоолоор байгуулсан.
Түр хороо ирэх сард сонсгол зохион байгуулахаар төлөвлөж буй юм. Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Чанаргүй эм, үнийн өсөл зэргээр олон нийтийн сонсох эрхийг хангана. Түүнчлэн эмийн асуудалд хэн хэн холбоотой байна вэ. Тендер нэрээр хэн татвар төлөгчдийн мөнгийг хулгайлдаг дээр гол анхаарлаа төвлөрүүлж ажиллана.
Эмийн лабораторийн дөрвөн эгнээ багажуудын гурван эгнээ нь ажиллагаагүй болсон байна. Гурван чухал аппаратын хоёр нь ажиллахгүй байна. Нэгээр нөгөөг нь нөхөж ажлаа хийж байна. 2013 оноос хойш нэг ч төсвийн дэмжлэг аваагүй байгаа юм билээ. Жилийн ажлын төсөв нь 200 сая төгрөг байна.
Эмийн чанарын асуудалд анхаарал хандуулахгүй байх эс үйлдэл харагдаж байна. Эмийн хяналтын лабораторид үе үеийн Эрүүл мэндийн сайдууд анхаарал хандуулаагүй. Эрүүл мэндийн салбарт 2 их наяд төгрөг төсөвлөсөн. Гэтэл 1.2 тэрбум төгрөгийг яагаад шийдэж өгөхгүй байна. Энэ асуудлад анхаарал хандуулах шаардлагатай гэв.