Д.Амарбаясгалан: Гурилын үнэд өрсөлдөөн бий болсноор 1600 төгрөгөөс хэтрэхгүй үнээр худалдаалагдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Засгийн газраас боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хийв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Аймаг, сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймгууд өвс, тэжээлийн нөөцөө бүрэн дуусгаад байна. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан киллограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд Гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүсээд байна.
Монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өссөн. Гэвч гурилын гол түүхий эд болох улаан буудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24. 4 хувиар өсчээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Гурилын үнэ хэтэрхий өндөр байна гэдгийг Ардчилсан намын бүлгийн гишүүд тал, талаас нь олон удаа хэлсэн. Та нар амьдралтай танилцахгүй явсан нь энэ. Хэрвээ гурилаа аль хэдийнэ оруулаад ирсэн бол ард иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой байсан. Ажилдаа гүнзгий орооч ээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газар зүгээр суугаагүй, 2022 оноос эхлэн гурилын үнэ өсөх үеэс ШӨХТГ-аас тухай бүрт асуулт тавьж, дүгнэлт үйлдэн торгууль тавьж байсан. 2022 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд асуудал шүүхэд шийдэгдэлгүй явж байна. Гурил үйлдвэрлэгч нарын зарим нь янз бүрийн аргаар нөлөөлж байна. Тэгэхээр Засгийн газар 15 хувийн татварыг тэглэе, хугацаагүйгээр, хэмжээгүйгээр стандарын шаардлага хангасан гурилыг бүх газраас оруулж ирэх боломжийг олгоё гэж байгаа. Зах зээлийнхээ журмаар үнэ нь тогтоогдоно.
2020 онд Монголд 235 мянган тонн гурил үйлдвэрлэж байсан бол 2021 онд 41 мянган тоноор буурсан. Зах зээлийнхээ онолоор бол энэ нь зориудаар эрэлт үүсгэн, зохиомлоор үнэ өсгөсөн гэж үзэх үндэслэл гарч ирж байгаа. Тийм учраас хуулийн төслийг боловсруулсан.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Гурилын үнийг бууруулах асуудлыг дэмжиж байна. Гэхдээ гурил үйлдвэрлэгчдээ дампууруулах харгис бодлого хэрэгжүүлэх гэж байна. Энэ хуульд гурилын импортын хэмжээ, хугацаа тавих нь зөв гэж бодож байна. Улс орнууд дотоод зах зээлээ хамгаалах хатуу бодлого хэрэгжүүлдэг. Жишээ нь, Хятадад гурилын импортын татвар 67, ОХУ-ынх 90 хувь байна. Бид 150 мянган тариаланчдаа хамгаалах ёстой.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хэмжээ, хугацаа заасан импортын татварын бодлого үр дүнгүй гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна. Энэ бодлогод нийцүүлэн үйлдвэрлэлээ багасгана. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас хямд будаа авдаг. Өндөр үнэтэй гурил худалддаг. Бид тариаланчидтай уулзаж байна. Тариаланчдын бизнес хийх, тариалалт хийх орчинг муудуулахгүй байх чиглэлд Засгийн газар бодлого хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Гурилын үнийн асуудал хамгийн чухал юм. Энэ хууль батлагдсанаар гурилын үнийг хэдэн хувь бууруулж чадах вэ? Хуульд газар тариалангаас хамгаалах үүднээс улаан буудайн татварыг тэглэх болохгүй. Эцсийн бүтээгдэхүүн гурилын татварыг чөлөөлөхийг дэмжиж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хилийн цаана дээд гурил 968 төгрөг, 1-р гурил 836 төгрөг, 2-р гурил 687 төгрөгийн үнэтэй байна. Өнөөдөр мөрдөж буй гаалийн 5.5 хувь, НӨАТ-ын 10 хувь буюу 15.5 хувийн татвар төлөөд, тээврийн зардлыг шингээгээд тооцоход Монголд, дээд гурил 1342, 1-р гурил 1191, 2-р гурил 1020 төгрөгөөр Улаанбаатарт авчрах боломжтой гэж тооцож байна. Үүн дээр ААН-үүдийн ашиг орлого, үйл ажиллагааны зардал нэмэгдэх байх. Ингээд үзэхэд өнөөдөр кг нь 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа 1-р гурилын үнэд өрсөлдөөн бий болсноор 1600 төгрөгөөс хэтрэхгүй үнээр зарагдах боломж бүрдэнэ. 50 кг-ын гурил 70-80 мянган төгрөгөөр зарагдах боломжтой болно гэсэн тооцоог Засгийн газар гаргасан гэв.