Зуслангийн бүс дэх ус их тогтдог байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд зуслангийн бүс дэх шар усны үер буух эрсдэлтэй, ус их тогтдог байршлуудад ажиллалаа. Тодруулбал, тус дүүргийн 19 дүгээр хороо буюу Ар согоот, ерөнхий боловсролын 117 дугаар сургууль орчмын авто зам ус зайлуулах шугам, хаялгагүйн улмаас байнга ус тогтож, авто болон явган хүний замд эвдрэл ихээр үүсэж байгаа юм. Иймд тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулахаар төлөвлөж буйг Хотын дарга хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотын хатуу хучилттай 1250 км орчим авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс хамгийн их ус тогтдог байршлуудад эргэлтэт өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах шийдэл гарган, Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажлын даалгаврыг боловсруулж байна. Нэгэнт шар усны үерийн эрсдэл бий болчихсон тул цаг алдалгүйгээр энэ долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн өрөмдөж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ус зайлуулах худгийг мөн хийнэ. Усны хаялга, ус зайлуулах худаг хийчихвэл авто болон явган замын насжилт уртсаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад үүсэхгүй болно.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл:
-Өнгөрсөн хоёр жилд хур тунадас их орж, үерийн эрсдэл нэмэгдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 150-200 айлд, энэ он гараад 76 айлд үерийн эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдлийг давтамжтайгаар хүргүүлсэн. Заасан хугацаанд нүүгээгүй тохиолдолд тухайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд албадан нүүлгэхээс өөр аргагүй хэмээв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС