“УДЭТ-ын зогсоолын газрыг хувийн хэвшил тэрбумаар худалдаж авсан”
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр /2024.03.21/ мэдээлэл хийлээ.
Уран бүтээлчдийн төлөөлөл театрын өмнөх авто зогсоол, орц гарц, театрын засварын ажил, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг театрынхаа өмнө байрлуулах гэсэн дөрвөн асуудлаар хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Улсын драмын эрдмийн театрын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг 2023 оны тавдугаар сарын 25-нд зогсоож, тохижуулах шийдвэрийг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. Гэвч анхны зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орж, төсвийг 200 гаруй сая төгрөгөөр хэмнэж 700 сая орчим болгосон боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.
УДЭТ-ын Үйлдвэрчний хорооны дарга, жүжигчин О.Амгаланбаатар:
-Бид өнөөдөр хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж байна. Театрын авто зогсоолд өмнө нь 100 гаруй машин зогсч, хувийн хэвшил ажиллуулдаг байсан. Гэтэл өмнөх хотын дарга Д.Сумъяабазар энэ талбайд усан оргилууртай, цэцгийн мандал шинээр байгуулна гэдгийг мэдэгдсэн. Энэ ажлыг хийхийн тулд зогсоолыг хааж, театрын дэргэдэх “irish” рестораны урд газарт авто зогсоол байгуулах талбайг гаргаж өгнө гэж хотын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ уулзсан. Энэ зунжингаа ажил хийж байна гээд төсвийн хөрөнгөөр тоглосон. Өнөөдөр тэр цэцгийн мандал ч байхгүй, автобусын зогсоол болчихсон байх жишээтэй.
Харин машины зогсоол шинээр байгуулах нийтийн эзэмшлийн талбайг нэг жилийн өмнө тэрбум төгрөгөөр хувийн хэвшилд дуудлага худалдаагаар зарагдаж, хашаа татчихсан байдалтай байна.
Манай театр 2021 онд 90 жилийн ойгоо тэмдэглэхдээ их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит ууган байгууллага учраас нэрэмжит хүнийхээ гэрэлт хөшөөг театрынхаа өмнө байрлуулах хүсэлтээ өгч байсан. Өдий хүртэл шийдэгдээгүй байна. Мөн манай театрын хойно байрлах “Соёмбот өргөө” гэх өндөр шилэн барилга руу орж гарч байгаа бүх автомашин театрын хаалгаар дамждаг. Үүнээс болж үүдэнд түгжрээ үүсч, зодоон болох нь холгүй асуудал үүсдэг. Уран бүтээлчид бэлтгэл сургуулилалтаа тайван хийх боломжгүй, машины зогсоолын асуудалтай тулгардаг. Нийт гурван театрын 500 гаруй уран бүтээлчдийн тулгамдаж байгаа асуудлын нэг болоод байна. Театрын засварын ажлыг хоёр тэрбум төгрөгөөр хийж байгаа бөгөөд уг нь 2024 оны гуравдугаар сард дуусах байх гэсэн ажил нь удаашралтай ч үргэлжилж байна гэв.