БАРИМТ: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас Хятадын компанид 27.500 ам метр газрыг эзэмшүүлжээ
Төв цэнгэлдэхийн газрыг 29 хувааж, зарсан асуудал ид яригдаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд дараах компаниудад газар эзэмшүүлжээ.
————————-
Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. 2005-2007 онд Нийслэлийн Засаг даргаар Ц.Батбаяр ажиллаж байв.
Дээр нэр дурдагдсан Б.Батбаяр, Б.Баярмаа нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хүүхэд, Э.Жаргалан, Э.Батзаяа нар нь УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүхдүүд.
– Хятадын компанид 27.500 ам метр газрыг эзэмшүүлсэн –
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 5-ны 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27.500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК–д шилжүүлсэн.
Уг компани 2008 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Хуулийн этгээд нь Хятадын Жэ Жиан Жү Шин Лиэн Хэ Групп ХХК. Захирлаар нь He Huozhong гэх хүн бүртгэлтэй байна. “Урбанлэнд” ХХК нь барилгын материалын худалдаа, барилгын засвар үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
– Б.Чойжилсүрэнгийн шунал –
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн. “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна. 2009-2012 онд Нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байв.
“Беллвьюпропертис” ХХК, “Апартмент Кей эйч” ХХК, “Рапид харш” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, гүйцэтгэх удирдлага нь түүний эхнэр болох Д.Энхгэрэл.
Тэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн зүүн талд залгаад “Рапид харш” хорооллыг босгосон. Мөн цэнгэлдэхийн баруун талд залгаад эхнэр Д.Энхгэрэлийнхээ “Апартмент Кэй Эйч” ХХК-ийн нэр дээр 7944м2 буюу 0.7 га газар авч, “Наадам центр” гэх худалдаа, үйлчилгээний барилга барьсан.
– “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат ч үүнд хамаатай –
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус, тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
“Биг кастел” ХХК нь ашиглалт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл олдсонгүй. Харин “Мөнх-Улз” ХХК нь 2007 оны аравдугаар сарын 25-нд байгуулагджээ. Хэнтий аймгийн Норовлинд байдаг компани аж.
Opendatalab.mn сайтаас шүүж үзэхэд “Мөнх-Улз” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Гацуурт “компанийн захирал Л.Чинбат байна.
Түүний хувьд 2015 онд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Уг компани нь талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний ногоо үрслэг тариалалт, гурил үйлдвэрлэл, ургамал тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Одоогийн гүйцэтгэх захирал нь О.Цогтбаяр.
“Монаса” ХХК нь 2006 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулагдсан. Сүхбаатарын Батболд нь хувьцаа эзэмшигч,гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Уг компани нь хэвлэлийн үйл ажиллагаа, зар сурталчилгаа, гадаад худалдаа, хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Сүхбаатарын Батболдын талаар мэдээлэл олдонгүй. Түүнийг УИХ-ын гишүүн асан Сү.Батболд гэж хардах хүмүүс байгаа ч хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар нь үүнийг няцаажээ.
– “Том” Т.Нямдаваагийн хүүгийн “Мөнхсан” ХХК-д 8000 ам метр газрыг “бэлэглэжээ” –
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна. Тус компани нь 2007 оны дөрөвдүгээр сарын 12-нд байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигч, захирлаар нь Н.Булганбаатар ажиллаж байна.
Н.Булганбаатар нь 8000 ам метр газар дээр “MSN building” гэх есөн давхар хар шилэн барилга барьж, оффис болгосон юм.
Түүний аав болох Т.Нямдаваа нь 2007 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн төв цэнгэлдэх хүрээлэнгийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн болохыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдэгдсэн. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ нь 5 гишүүнтэй. Ингэхдээ уг гишүүд дунд гурван Т.Нямдаваа гэх нэр давхцсан нь олон хүний анхаарлыг татсан. Н.Булганбаатарын аав Т.Нямдаваа нь том ах нь байсан бөгөөд одоо түүний хоёр дүү Т.Нямдаваа, Н.Булганбаатар нар нь ТУЗ-ийн гишүүдээр ажиллаж байгаа гэх. “Том” Т.Нямдаваа нь өнгөрсөн жил нас барсан байна.