1000-аас дээш дагагчтай сүмийн пастор сонгуульд тохироо хийдэг болжээ

0

Сонгуулийн луйврыг илчлэх асуудлаар “Монголчуудын үзэл санааны нэгдэл” ТББ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: “УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид, нам улстөрийн хүчнүүд сонгуулийн хууль болон бусад хуулиудыг зөрчиж сонгогдсон талаар иргэд сонгогчид нэр цохон ярьдаг ч тухайн хууль зөрчсөн үйлдэлд ял оногдуулсан, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдол бараг байхгүй байна. Энэ нь эдгээр хууль зөрчсөн үйлдлүүдийг маш нууц, далд байдлаар зохион байгуулдагтай холбоотой бөгөөд хэрэг бүртгэх, хэрэг шийдвэрлэх явцад авлигал, албан тушаалын нөлөөлөл ордог гэсэн хардалт иргэдийн дунд их байгаа.

Иргэдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд сонгуулийг луйвардах үндсэн 8 төрлийн 40-60 арга судлагдсан бөгөөд эдгээр аргууд хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан үйлдлүүд байна.

Ээлжит сонгуулийн дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж буй парламентын гишүүдийн оролцсон, холбогдсон, хамаарал бүхий этгээдүүдийнх нь хулгайлсан мөнгөн дүн хэдэн арван саяас тасралтгүй өссөөр хэдэн арван их наяд төгрөгт хүрлээ. Тэдний томилсон дарга нарын гарын үсгээр 1 сая га талбайг гадаад дотоодын иргэдэд лиценз нэрээр өглөө.

Өнөөдөр хулгайд идэгдэж тоногдоогүй салбар манай улсад байна уу? Цаашид улстөрд нөлөө бүхий этгээдүүд их наядын дараагийн тоотой мөнгөн дүнтэй хулгай хийхгүй гэх баталгаа байна уу? Хэдэн их наядын хулгайд нэр холбогдсон этгээдүүд сонгууль луйвардаж дахин сонгогдохгүй гэх баталгаа байна уу?

Өнөөдөр ийм эмгэнэлт нөхцөл байдал үүссэн учраас сонгууль луйварддаг аргуудыг иргэд олон нийтэд ил болгож, бүү автаарай гэсэн үүднээс манай төрийн бус байгууллага “Сонгуулийн луйврын эсрэг иргэдийн нэгдэл” хөдөлгөөнийг эхлүүлж байна.

Бид маш их мэдээлэл авч байна. Сонгуулийг луйвардаж байгаа арга, техникуудыг судлаад үзэхээр 8 төрлийн 60-аад аргыг хэрэглэсэн байна. Үүний талаар контент бэлтгэж, цахим орчинд түгээж байгаа. Өмнөх сонгуулиудын үеэр булхай луйварт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлах сайт удахгүй ажиллаж эхэлнэ. Сонгууль болгоноор төрийн албан хаагчдыг ашигладаг. Гэтэл энэ нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн шашны байгууллагууд улстөрийн үйл ажиллагаанд маш ихээр хутгалдаж байна. Шашны байгууллага төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гээд Үндсэн хуулинд заагаад өгчихсөн байхад шашны байгууллагын удирдлагууд итгэгчид, сүсэгтнүүдээ сонгуульд уриалдаг.

1000-аас дээш дагагчтай сүмийн номлогч буюу пастор сонгуульд маш өндөр тохироо хийдэг болчихсон байна. Үүнийг таслан зогсоогоочээ.

Төрийн болон төрийн бус байгууллагуудыг хянаж шалгах чиг үүрэгтэй газар нь АТГ. Тийм учраас АТГ-т бид шаардлага хүргүүлж байна. Сонгуулийн Ерөнхий хороонд “хар машин”-тай холбоотой асуудлыг нээлттэй болгох, санал тоолох үйл ажиллагааг яаж явагддаг талаар иргэдийн зүгээс ажиглагчаар оролцох талаар шаардлага хүргүүлж байна. Бид өөрсдийн төрийн бус байгууллагаараа дамжуулан сонгуулийн үйл явцыг ажиглахыг хүсэж байна. Улсын хэмжээнд 2000 гаруй санал авах байр байгаа. Санал авах нэг байранд 2 хүн ажиллах эрхтэй. Тийм учраас иргэдээс дэмжлэг хүсэж байна. Бидний үйл хэрэгт нэгдэж, оршин суугаа газраа сонгуулийн үйл явцыг ажиглахад оролцооч. Хууль хяналтын байгууллага нь хүн хүч хүрэхгүй байгаа бол бид ард түмний нүд чих болж, та нарт хүргүүлье.” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *