Орон нутгийн сургуулийн эмч нарыг хөдөлмөрийн мөлжлөгт байлгаж байна!

0

Боловсролын салбар дахь эмч нарын эрүүл ирээдүй холбооноос “орон нутгийн сургуулийн эмч нарыг олноор ажлаас халж буй болон эмч нарт тулгарсан асуудал” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр тус холбооны тэргүүн Б.Батбаатар: “Эрүүл Мэндийн сайдын тушаалаар 481-ээс доош сурагчтай сургуульд эмч байлгахгүй гэдэг тогтоол баталсан. Энэ тушаалаас болж өнөөдрийн байдлаар 30-аад эмч ажлаасаа халагдаад байна. Наанаа эмч ажлын байргүй болж байгаа мэт харагдавч цаанаа хүүхдийн эрхийн асуудал явж байгаа юм. Тэр 481-ээс доош сурагчтай бага сургууль, сумын сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хариуцаад явна гэсэн ойлголт байхгүй.

Сургууль цэцэрлэг эмчгүй байх талаар ойлголт байж болохгүй. Маш буруу асуудал. Тийм учраас энэ асуудлаар Боловсролын Яаманд олон удаа шаардлага хүргүүлсэн.

Гэтэл ямар нэгэн хариу арга хэмжээ авсангүй. Төсөв хэмнэсэн гэдэг хариуг өгсөн. Төсөв хэмнэхэд хэдхэн эмч нарын ажлын байрыг цомхотгож хэмнэхгүй ээ. Боловсролын салбарын эмч нар хөдөлмөрийн мөлжлөгт байдаг. Урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгодоггүй. Ажлын байрны нөхцөл муу. Хүүхдийн өндөр, жин хэмжих багаж байхгүй, даралтын аппаратгүй сургуулиуд ч байна. Бүр өөрийн гэсэн өрөө тасалгаагүй, хүний өрөөнд суудаг эмч ч бий.

Нийслэлийн хэмжээний сургууль, цэцэрлэгийн 10 хувь нь эмчгүй үйл ажиллагаа явуулж байна. Ажиллаж байгаа эмч нарынх нь 40 орчим хувь нь тэтгэврийн насны хүмүүс байна. Залуу эмч нар цалин бага, ажлын нөхцөл муу учраас ажилладаггүй. Үүнийг Боловсролын яам анхааралдаа авч, ажиллах шаардлагатай байна. ” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *