“Вампирууд” амилах цагаар!
“Энергийн вампир” гэж томъёоллыг нийгмийн харилцаанд хэрэглэх болсон. Гол төлөв туйлын сөрөг хандлагатай, бусдын реакциар хооллодог, бусдын мэдрэлээр тоглох дуртай, атаач, өсөрхүү хүмүүс байдаг. Тэднийг “драмын хатан хаан” гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг үг биш аж.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, шүүхээс 40 сая төгрөгийн торгуулийн ял авсан УИХ-ын дарга асан З.Энхболд нэгэн нэвтрүүлэгт орсон бололтой, монголчуудаа цус нөжөөр нь хувааж, хагаралдуулжээ. Түүний үгийг сонсоход сумных нь бай нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бололтой.
Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг үндэс угсаа, гарал үүсэл, гаднах дүр төрхөөр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Харамсалтай нь, өөрөөсөө өөр үзэлтэй нэгнийг үндэс угсаа, гарал үүсэл, гаднах дүр төрхөөр нь хамгийн их ялгаварладаг, гутаан доромжилдог хүмүүс бол улстөрчид. Тэр дундаа Женко.Баттулга, З.Энхболд нар иргэдээ ялгаварлан гадуурхаж, элдэв нэр хоч өгөхдөө гарамгай.
Женко.Баттулгын гаршсан ганц мэх нь төдийгүй, улс төрийнх нь гол сэдэв нь Хятадын эсрэг үзлийг сэвэх, зорилго нь иргэдээ “эрлийз, хурлийз”-аар нь зодолдуулах юм. Монголын улс төрд хөл гишгэсэн цагаасаа Х.Баттулга бусдыг цус, нөжөөр нь гүтгэж харлуулах хар технологийг Монголд төгс төгөлдөр хэрэгжүүлж ирсэн, “Монгол ялна” гэсэн уриа нь ийм зорилго агуулсан пропаганда байлаа.
Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Үнэн дөнгөж гутлаа өмсч байхад худал аль хэдийнэ уул даваад явчихсан байдаг ч гэх. Ямартай ч Х.Баттулга худлыг мянгатай сэвж үнэн болгох технологийг гарамгай эзэмшсэн. Сэвээд бай, гүтгээд бай, бичээд бай, гаргаад бай. Ийм л сценарийн дагуу түүний найруулсан жүжиг тоглодог. Жүжгийн гол дүрийн дайсан нь өнөөдрийн хувьд УИХ-ын гишүүн, Х.Баттулгын өстөн дайсан Ч.Хүрэлбаатар болов. Ч.Хүрэлбаатар түүний гүтгэлгийг няцааж, гарал үүслээ тодруулсан баримт нотолгоогоо үзүүлсэн ч Х.Баттулгын худал аль хэдийнэ уул даваад явчихсан.
Х.Баттулгын хувьд ганцхан Ч.Хүрэлбаатарыг гүтгэн, доромжилж байгаа юм биш. Өмнө нь М.Энхсайхан, С.Баярцогт нарыг яг ийм технологиор намнасан, АН-ын олон ч хүнийг бүтэн нэр бүлээн зүсгүй болгохоор бүхэл бүтэн троллууд ажиллуулсан, “төсөл”-өө амжилттай болгосон. Угаасаа Женко.Баттулгын “ах нар” Ардчилсан намын эсрэг ажилладаг, ОХУ-ын Элчин сайд асан И.Азизов АН-д анхааруулга өгч байсан ч удаатай.
М.Энхсайханы хувьд Тавантолгойн ордыг гадаадын хөрөнгө оруулагчдад өгч, Х.Баттулга, З.Энхболд нарын хамтарсан хулгай, луйврыг зогсооход хүргэсэн биш тэдний зодуурын мешок болж хувирсан. З.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаараа айлгаж, улаан гараараа төслийг зогсооон нь “Тавантолгойг та бидэнд үлдээх”-дээ биш, нүүрсний хулгай хийх гэсэн зорилготой байсныг Монголын шүүх тогтоолоо, түүнийг энэ хэрэгт нь шийтгэлээ.
АТГ-аас Монголын нүүрсний хулгайч нарыг зарласан агаад 17 улстөрчийн тэргүүнд Х.Баттулгыг зарласнаас харвал Тавантолгойг хөрөнгө оруулагчдад өгөөгүйн гол шалтгаан нь хулгай, луйвар хийх байсан нь тодорхой болсон.
Энэ удаад тэд Ч.Хүрэлбаатарыг онилох болсон нь Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлтэй холбоотой. Хуулийн төсөлд газрыг зуун жилээр эзэмшүүлэх заалтыг Х.Баттулга, З.Энхболд хоёр газар нутагтаа хайртай учраас эсэргүүцээд байна гэвэл үүн шиг гэнэн ойлголт үгүй. Ард нь Францын төрийн өмчит “Орано”-тай байгуулах ураны төслийг эсэргүүцэх РЦНК-ийн акц явж байгаа хэрэг. Тиймээс л Хятадаар айлгаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг унагаах улс төр явж байна. Сонгууль ойртох тусам цус, нөж ярьсан “вампирууд” олон нийтийн сүлжээнд тэнүүчилж, иргэдийн тархийг “сорох” нь нэн ойлгомжтой байна.