УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Гурилын үнийн гаалийн татварыг тэглэх нь сонгуультай холбоогүй
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
Хуулийн төсөлд гурилын үнийн гаалийн татварыг энэ оны долоодугаар сарын 1 хүртэл чөлөөлөхөөр тусгаад байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Өнгөрсөн гучин жилийн хугацаанд төрийн хяналт мэдэлд байх ёстой эм, гурил, махны үнээ зохицуулж чадсангүй. Буруу хувьчлал явсны үр дүнд өнөөдрийн энэ байдал бий болчихлоо. Үнэхээр татварыг чөлөөлөхөөс өөр аргагүй боллоо. Энэ нь гэхдээ нэг удаагийн арга юм. Төрийн оновчтой зохицуулалт, чөлөөт өрсөлдөөний бий болгох шаардлагатай.
Өнөөдөр 3500 мянга болсон гурилыг 2500 болгож өгье л гэж байгаа. Ард иргэдээ бодсон арга хэмжээг сонгуультай холбож ойлгох хэрэггүй. Харин энэ арга хэмжээг эрт авсан бол илүү үр дүнтэй байх байсан болов уу гэж бодож байна.
Малчдын зээлийг тэглэнэ гэхээсээ илүүтэйгээр хүүг нь царцаах тухай ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Малгүй болсон иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжихээр төлөвлөж байгаа юм билээ. Эдийн засгийн зохистой аргыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.