С.Мөнхчулуун: Хэт монополжсон гурил үйлдвэрлэгчид төр, засгаараа дэмжүүлж бойжиж авчхаад, эргээд төр засгаа дарамталдаг, иргэдийг боомилдог байж болохгүй

0

Засгийн газраас импортоор оруулж ирэх улаанбуудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж буй. Үүнтэй холбогдуулан гурилын үнийн өсөлтөд хийгдэж байсан хяналт шалгалтууд олны анхаарлыг татаж буй юм. Энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуунтай ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд гурилын үнийн өсөлттэй холбоотой асуудал олон нийтийн дунд багагүй анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байна. Таныг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байх үед буюу 2022 онд гурилын үнэ олон удаа нэмэгдэж, танай байгууллагаас хяналт шалгалт хийж зарим компанид торгууль ногдуулж байсан. Тухайн үед хяналт шалгалтаар тогтоогдож байсан нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Намайг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхад гурилын үнэ маш өндөр дүнгээр нэмэгдсэн. 2022 онд нийт долоон удаа нэмэгдсэн байдаг. Зөвхөн нэг жилийн хугацаанд гэсэн үг шүү дээ. Үүнтэй холбогдуулаад, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо гэх байгууллагаас хэвлэлийн хурал хийж “Бид үнээ нэмнэ” гэж зарласан тул ШӨХТГ-аас шалгалтыг эхлүүлсэн. Шалгалтаар холбоо гэх нэрийн дор өөрсдөө гарч ирээд урьдчилан мэдээлэл хийж, үгсэн тохирч үнэ нэмэгдүүлж байгаа нь Өрсөлдөөний хуулийн зөрчил гэж үзсэн. Мөн тухайн компаниудыг авч үзэхэд, гурил үйлдвэрлэгч 10 компани байсан. Хоёр нь зах зээлд үйл ажиллагаа явуулдаггүй. Үлдсэн найман нь гурилын зах зээлд үйлдвэрлэл явуулж байсан. Эдгээрээс “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Од групп” нь тухайн зах зээлийнхээ 70 орчим хувийг нь дангаараа эзэлдэг байсан. Ингэхдээ “Улаанбаатар гурил” болон “Од групп” ХХК нь ах дүү хоёрын компани болох нь тогтоогдсон. Энэ компани дангаараа 43 хувийг эзэлж байгаа. Үлдсэн 20 гаруй хувийг “Алтан тариа” компани эзэлдэг. Тус гурван компанийн захирал нэг өдөр зэрэг тушаал гаргаж, үнээ нэмсэн нь үгсэн хуйвалдсан байх үндэслэлтэй гэж үзсэн. Тухайн үед үнэ нэмэхэд нөлөөлж болохуйц инфляц, шатахуун, валютын ханш зэрэгт өөрчлөлт байгаагүй учраас шалгах ёстой гэж үзээд, Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын явцад буюу 2023 оны нэгдүгээр сард миний бие ажлаа өгсөн. Намайг ажлаа өгснөөс хойш гурав хоногийн дараа энэ асуудал шийдэгдэж, “Улаанбаатар гурил” болон “Од групп” компани нь үгсэн хуйвалдаж үнэ нэмэгдүүлсэн гэж үзээд, “Улаанбаатар гурил” компанид 4.9 тэрбум, “Од Групп”-т 1.4 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна лээ. Энэ хэрэг одоо ч шүүх дээр яваа.

Давуу байдалтай ААН-ээр тогтоогдсон нөхцөлд хэт өндөр үнэ тогтоож болохгүй, бусдыгаа шахан гаргах үйл ажиллагаа явуулж болохгүй гэх мэтээр өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахыг нь хориглодог. Энэ утгаараа тус хоёр компанийг давуу байдалтай ААН-ээр тогтоох хэрэгтэй гэдэг асуудал ч хөндөгдсөн. Ийнхүү хяналт шалгалтаас харахад, нэг кг гурилын үнийн нийт өртгийн 89 хувийг улаанбуудай, үлдсэнийг нь цахилгаан, ажиллах хүчний цалин хөлс зэрэг урсгал зардлууд эзэлж байна гэх тооцоо гарсан. Уг тооцооноос нэг кг гурил 830-890 төгрөгт босож байгаа юм. Гэхдээ тухайн үед ч гурилын үнэ 1600 төгрөг байсан. Энэ нь даруй хоёр дахин нугалсан үнээр худалдан борлуулж байна гэсэн үг шүү дээ.

Төрийн шийдвэрээр гурилын импортын квот тогтоолгож, үр тариа гадагш экспортлохыг хориглосон. Тариаланчид үр тариагаа өгье гэхээр үнийг нь буулгаж авдаг. Тэгсэн хэрнээ өндөр үнээр зардаг. Жилд долоон удаа үнээ нэмсэн. Шалтгаан байна уу гээд судлахад, байгаагүй. Бүр хоёр дахин нугалаад зарчихсан байна. Энэ бол бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж харсан. Тэгээд энэ компаниуд дээр торгууль ногдуулсан ч өнөөдрийг хүртэл шүүхийн шатанд яваа юм билээ. Өмнө Засгийн газрын тогтоолоор УИХ-д энэ татварыг тэглэхтэй холбоотой хуулийг өргөн барьсан. Өргөн барина гэдгээ мэдэгдсэн шийдвэртэй холбоотойгоор “Алтан тариа” ХХК-ийн захирал н.Цэнгүүн цахим хуудсаараа “Хэрвээ та нар импортын гурил оруулж ирвэл бид үйлдвэрлэлээ зогсооно” гэж мэдэгдэж байв. Хэтэрхий монопол болсон компаниудын гаргаж байгаа ноёлох үйл ажиллагаа харагдаж байгаа юм. Гэтэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд өчнөөн дэмжлэг үзүүлсэн. Гурилын компаниудад сүүлийн гурван жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хил гааль дээр нь дэмжлэг үзүүлээд, түүхий эдийнх нь экспортыг хориглоод, гадагш нь гаргахгүй, гаднаас өрсөлдөгч оруулж ирэхгүй байхад, эргээд иймэрхүү байдлаар ноёлох үйл ажиллагаа явуулж байгаа нь зохисгүй.

-Та энэ чиглэлийн хяналт шалгалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан зүйл байдаг уу. Байнгын хорооны хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун өөрийг тань ЗГ-ын хуралдаанд ташаа мэдээлэл танилцуулсан гэж хэлсэн?

-Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс тухайн үед “Бид үйлдвэрлэлээ зогсоочихъё” гэх хандлага гаргасан учраас миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаараа лайв хийсэн.

Би ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа ч тэр, түүнээс хойш ч тэр Засгийн газарт гурилтай холбоотой мэдээлэл огт хийгээгүй.

-Таны үед хяналт шалгалт хийж байхад гурил үйлдвэрлэгчид өөрсдөө ямар тайлбар өгч байсан юм бэ?

-Сая Засгийн газрын хуралдаанд харж байхад, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун гурил үйлдвэрлэгчид 5 хувийн ашигтай ажилладаг гэж ярьж байна лээ. Гэтэл бидний гаргасан дүгнэлтээр 100 хувийн ашигтай ажиллачихсан байна шүү дээ. Өөрсдөд ирж байгаа ашиг нь 43-63 хувь гэж гарч байсан. Тэгэхээр энэ компаниуд 5 хувийн ашигтай ажилладаг нь худлаа гэж үзэж байгаа. Учир нь ШӨХТГ бүх эх сурвалжаас мэдээлэл авч, дүгнэлтээ гаргадаг.

Тэр үед хяналт шалгалт хийхэд, гурил үйлдвэрлэгчдийн зүгээс “Хэрвээ та нар давуу байдалтай ААН-ээр тогтоож, торгууль тавибал бид үйлдвэрлэлээ зогсооно шүү” гэх байдлаар асуудлыг бидэнд тавьж байсан.

Давуу байдалтай ААН гээд байгаагийн учир нь энэ компани шууд зах зээлд нөлөөлөх боломжтой. Зах зээлийн 40-50 хувийг зогсоочихвол хомстол үүсэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хэтэрхий том болчихсон. Төр, засгаараа дэмжүүлж бойжиж авчхаад, эргээд төр засгаа дарамталдаг, иргэдийг боомилдог байж болохгүй. Та бүхэн санаж байгаа байх. “Алтан тариа” компани дээр ШӨХТГ-аас 20 сая төгрөгийн торгууль тавихад, н.Цэнгүүн “Торгуулийн мөнгөө гурилынхаа үнийг нэмээд олчихно” гэж бичиж байсан. Ийм ёс зүйгүй болчхоод байна л даа. Манай төрийн гаргасан алдаатай шийдвэрүүдийн үр дүн гэж харж байгаа.

-Яг одоо импортоор орж ирэх улаанбуудай, гурилыг албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна. УИХ-ын гишүүдээс ч тэр өөр өөр байр суурийг илэрхийлж байна. Ингэхдээ зарим нь түр хугацаанд чөлөөлөх ёстой гэж байгаа бол нөгөө талд үүнийг эсэргүүцэж, үндэсний үйлдвэрлэгч нараа татаж унагаах гэж байна гэх агуулга яригдаж байна?

-Яалт ч үгүй өрсөлдөөний байгууллагад ажиллаж байсны хувьд Өрсөлдөөний тухай хууль гэдэг бол зах зээлийн үндсэн хууль. Тэнд өрсөлдөөн л бий болгож байж хямд, чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн бий болно. Энэ бол сонголтын л асуудал. Хамгийн гол нь сонголт хийх нөхцлийг нь бий болгож өгөх хэрэгтэй. Гурил гэхэд, гуравхан төрлийн гурил тавьчхаад, “Авбал ав, боливол боль” гэдэг байдлаар хандаж байгаа нь иргэдийн сонголтыг хясан боогдуулж буй хэлбэр шүү дээ. Өрсөлдөөнийг хязгаарлах замаар үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг нь маш буруу бодлого гэж би үздэг. Тэгэхээр өрсөлдөөнийг бий болгох нь маш зөв.

Хоёрдугаарт, энэ компаниудын хувьд хангалттай ашигтай байхад гаднаас бүтээгдэхүүн орж ирэхэд үнийн хувьд ч зохицуулалтаа хийгээд явна. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ татаж унагаах, дампууруулах гээд байгаа асуудал биш. Энэ бол хөрсөндөө бодит ашгаа хийгээд өрсөлдөөд явах боломж байна гэж харж байгаа.

Өнөөдрийн байдлаар хилээр орж ирж буй гурилын үнийг харахад, нэгдүгээр гурил гэхэд 700-1100 төгрөг байна. Үүнд замын зардал, шатахуун, дэлгүүрийн ашгийг нэмээд үзвэл, 1600 орчим төгрөгөөр дотоодод худалдан борлуулах боломжтой.

Ингэснээр, өнөөдөр зах зээлд 2300-2400 төгрөгөөр борлуулагдаж буй нэгдүгээр гурил 1600 төгрөг болох боломжтой. Үүнийг дагаад, Атар талхны үнэ 1800 орчим төгрөг болох нөхцөл бүрдэхээр байна. Иймээс өргөн хэрэглээний бараа өрсөлдөөнтэй болсноор иргэдэд очих дарамт буурна.

Ер нь татварын хөнгөлөлт, зээл тусламж зэргийн зорилго нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байдаг. Гэтэл үндэсний үйлдвэрлэл нь төр, засгаа улам хясан боогдуулж байгаа учраас үүнд зайлшгүй арга хэмжээ авах ёстой. Ямар нэг байдлаар тариаланчдад эсвэл гурил үйлдвэрлэгчдэд эрсдэл үүсгэх нөхцөл бий болохгүй. Учир нь гурил үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ явуулдгаараа л явуулах ёстой. Заавал хоёр дахин ашиг олох гээд байх шаардлагагүй. Энэ бол монопол тогтолцоонд бий болдог үзэгдэл. Тэгэхээр УИХ хэлэлцээд шийдэх байх. Хугацааны хувьд сайн мэдэхгүй юм. Үндэсний үйлдвэрлэгч нар бойжих нь байтугай, толгой дээр гараад суучихсан байна. Одоо хангалттай. Олон улсын компаниудтай өрсөлдөөд, иргэдийг хямд чанартай бүтээгдэхүүнээр хангах ёстой.

-Зах зээлд монопол ААН-үүд ноёрхож байгаагийн жишээ гурилаар гарч ирлээ. Үүнтэй холбогдуулж, Засгийн газраас Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэх асуудлыг хөндөнө гэсэн. Та ШӨХТГ-ыг тодорхой хугацаанд толгойлж ажилласны хувьд энэ чиглэлд ямар хуулийн өөрчлөлт хэрэгтэй гэж харж байна вэ?

-ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсны хувьд Өрсөлдөөний тухай хуулийн төслийг тухайн үед хүргүүлж байсан. Өөрчлөх шаардлагатай гэж хардаг. Миний харж байгаа өнцөг бол бизнес дэх төрийн оролцоог багасгах ёстой. Зөвхөн өрсөлдөөний байгууллагаар дамжуулан өрсөлдөөнийг бүрдүүлж өгөх ёстой. Энд цэвэр өрсөлдөөн өрнөж байгаа эсэхийг тухайн байгууллага нь хянадаг. Түүнд хатуу арга хэмжээ авдаг эрх хэмжээтэй болгох хэрэгтэй. Өнөөдөр ШӨХТГ торгууль тавихаас хэтэрдэггүй. Тухайн торгууль нь шүүхийн шатанд уддаг. Дарга нар нь солигдоно. Би 2023 оны нэгдүгээр сард ажлаа өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ШӨХТГ-ын дарга дөрвөн удаа солигдсон байна. Ийм тогтворгүй, 36-хан хүний бүрэлдэхүүнтэй чадамжгүй. Хуулийн хүрээ нь торгууль тавихаас хэтрэхгүй бол монопол компаниуд төлөөллөөрөө оролцож байна. Мөн шүүхэд очихоор ямар нэг байдлаар буцдаг асуудал бий. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийг маш хатуу болгож өгөх ёстой. Өрсөлдөөний орчныг маш сайн хамгаалдаг болох хэрэгтэй. Тэгж байж хувийн хэвшил өсөж дэвшинэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *