Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд өнөөдөр (2024.03.28) салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэн, санал солилцлоо. Төрийн ордонд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэлэхдээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хүргэхэд нэн түрүүнд тулгамдаж буй асуудлууд болон төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай зохицуулалтуудын талаар ярилцаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, хангамжийг сайжруулах, улмаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд санал, шийдлийг хамтдаа тодорхойлох нь энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго хэмээн онцолсон юм.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцоо, холбогдох эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулахын сацуу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих чиглэлээр авч буй арга хэмжээнүүдээс дурдлаа. Хэлэлцүүлэгт оролцож буй дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүдээс даатгалын сангийн санхүүжилтийн хүрээнд хэд хэдэн асуудлыг дэвшүүлснээс гадна зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж болон үйлчилгээний чанар, стандартын хүрээнд холбогдох саналуудыг уламжлав. Оролцогчдын тавьсан асуултад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар хариулт өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.