Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв

0

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн арга хэмжээтэй холбогдуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээндээ: 

“Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ажилтнууд Та бүхэндээ Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ойн мэндийг дэвшүүлье! Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын тулгуур зарчим, иргэдийн язгуур эрх, эрүүл нийгмийн баталгаа билээ. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан бэхжүүлж, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх нь зөвхөн сэтгүүлчид төдийгүй Монгол Улсын иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, улмаар төрийг хянах олон нийтийн эрх чөлөөг хамгаалж буй үйл хэрэг юм.

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус хувьчлал, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банкны чанаргүй зээл, нүүрсний хулгай зэрэг олон нийтийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг илчлэх, нийгэмд шүгэл үлээх, хор хохирлыг нь арилгаж, төрийн ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг хангахад сэтгүүлчдийн гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигын эсрэг “5 Ш” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг хэлэлцэн батлуулах нь авлигын сэдлийг бүх салбарт цэгцлэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, улмаар хараат бус, шударга сэтгүүлзүйг хөгжүүлэх эрхзүйн орчныг бий болгох чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхний үг нь үнэн, үзэг нь хурц, үйлс нь ариун байх болтугай” гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *