Ц.Элбэгдоржийн томилсон УДШ-ийн шүүгчид Эрдэнэтийн 49, С.Зоригийн хэрэг, С.Баярцогтын авлигыг хэрхэн шүүсэн бэ
Агуулгын товчлол: Нотлох баримтаар өчиггүй боогоод явуулахад шат шатны шүүх дамжиж шидэгдсээр, Дээд шүүх дээр очоод уначихдаг хэлбэр давтагдах нь асар их. Энэ нь Улсын дээд шүүхийнхэн улсынхаа Ерөнхийлөгчөөс гүн хамааралтай явж ирсний илрэл гэдэг.
Тэгвэл Улсын дээд шүүх нь ерөнхий шүүгч НЭГ, танхимын тэргүүн ГУРАВ, шүүгч 18 гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. УДШ-ийн шүүгчдийг томилогдсон огноогоор нь харвал,
- 15 шүүгчийг Ц.Элбэгдорж,
- Дөрвөн шүүгчийг Х.Баттулга,
- Гурван шүүгчийг У.Хүрэлсүх,
- Нэг шүүгчийг Н.Энхбаяр тус тус томилжээ.
Дөрвөн Ерөнхийлөгчийн УДШ дээрх томилгоонууд хэрхэн хийгдсэнийг доорх схемээр харуулж байна. Энэ нь Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүн Улсын Ерөнхийлөгчөөр заларч байсан эрхмүүдээс буюу томилсон субьектүүдээсээ хамаарч байж болох тухай агуулга юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлагадаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг онилж, ялангуяа шүүхийн хонгилтой холбосон нь анхаарал татсан. Тэрбээр, “Авлигын хэргүүд мөрдөх байгууллага, прокуророос шүүхэд очоод гацдаг. Яагаад зөвхөн Ц.Элбэгдорж түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой хэргүүд явахгүй байна вэ гэвэл энэ бүлэглэл, мөнгөний систем хүчтэй хэвээрээ тул тэмцэл ярвигтай байна” гэсэн.
Түүний хэлсэнчлэн том хэргүүдийг үнэхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хонгилын шүүгч нар шүүсэн үү, хэрхэн шүүв гэдгийг нэгтгэн харж үзлээ.
Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар: С.Баярцогтын авлига, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэргийг шүүжээ
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшилд үлдээх шийдвэрийг “сахал” Д.Эрдэнэбилэгийн хамааралтай М.Батсуурь шүүгч гаргасан”
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн” гэх шийдвэрийг УДШ 2017.12.10-нд гаргасан. Ингэснээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүртгэл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хэвээр үлдэж байв.
Энэхүү шийдвэрийг гаргасан шүүх хурлыг УДШ-ийн шүүгч М.Батсуурь удирдсан. Гэтэл тэрбээр Ц.Элбэгдоржийн зарлигаар 2013 онд УДШ-ийн шүүгч болж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр томилогдож, 2017 онд улирсан. М.Батсуурь нь 2009-2011 оны хооронд Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газрын захирлаар ажиллаж байгаад 2011 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болсон. Түүний аав Д.Мишиг нь “сахал” Д.Эрдэнэбилэгтэй ойр байсан тухай схемийг ЗГХЭГ-аас гаргаж байв. Түүнд, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон “Юнайтед Энержи” компанийн захирал хэмээн зарлагдсан хүн.
Иймд 2019 онд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа УДШ-ийн шүүгч М.Батсуурь, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ашиг сонирхлыг зөрчилтэй байж болзошгүй” гэж Шүүхийн сахилгын хороонд хандсан. Улмаар сахилгын шийтгэл оноосон. Үүнтэй сөргөж, шүүгч М.Батсуурь өөрийгөө шалгуулахаар АТГ-т өргөдөл өгч байгаагаа мэдэгдэж байсан удаатай.
Өдгөө “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хэрэг” дахин боогдож, урьдчилсан хэлэлцүүлгийн шатандаа царцаад байгаа билээ.
- С.Зоригийн хөнөөсөн гэх хэрэгт шүүгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт УДШ-ийн Ц.Зоригоор шүүгчид 20 жил ял оноосон
С.Зоригийн хэргийн тухайд “Хамтарсан таван ч ажлын хэсэг Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхад тарсан. Ц.Элбэгдорж Х.Баттулгад тамгаа шилжүүлж өгөөд, буухдаа “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад нь хамаагүй” гэж хэлсэн нь эрхгүй анхаарал татаж, саях хэд хоногийн сэдэв болов.
Энэ хэргийн шүүх процессын тухай сөхвөл,
2016.12.27-нд СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2017.03.14-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, 2017.08.04-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 20-24 жилийн хорих ял оноож, тэднийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоор ахлуулсан Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын таван шүүгч гаргасан. Тэд Ц.Элбэгдоржийн зарлигаар томилогдсон шүүгч нар. Ц.Зоригийг 2019 онд өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлжээ.
2021.05.14-нд УДШ гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаан шийдвэрлэсэн.
- Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт УДШ ял оноож, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задалж, шинээр мөрдөж эхлэв
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг үүсч, хошууч генерал Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүсэн. УДШ-ээс 2021.03.31-нд Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноосон билээ.
Үүнээс үүдэлтэйгээр 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг дахин задарсан. Улмаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцад Ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлал үзүүлж, сулласан билээ.
- Гурван шатны шүүхээс ял сонссон С.Баярцогтын авлигын хэргийг УДШ-ийн хоёр шүүгч цагаатгав
С.Баярцогтыг Оюутолгой төслөөс албан тушаалын байдлаа ашиглан, авлига авсныг гурван шатны шүүхээр тогтоож, 10 жилийн хорих ял, 5 тэрбумын торгууль ногдуулсан. Гэвч, УДШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар “С.Баярцогтын гэм буруу бүрэн батлагдаагүй тул нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргасан. Энэ дагуу УДШ-ээс С.Баярцогтод ногдуулсан анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд С.Баярцогтын хэрэг буцаад АТГ-т очиж, харин АТГ-ынхан С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, НПГ-аас хэрэгсэхгүй болгосон.
С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гурван шүүгчийн нэр нууц байж, энэ тухай албан шийдвэр цаасаар ил болоогүй. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан” гэх шүүгчдийн нэрсийг зарлаж байлаа.
Д.Эрдэнэбалсүрэн 2012.02.06-нд Ц.Элбэгдоржийн зарлигаар УДШ-ийн шүүгч болж байсан. Тэрбээр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутаг буюу Ховд аймгийн Зэрэг сумынх. 1995 онд Улаанбаатар хотод орж ирж, УЕПГ-т 2002 он хүртэл туслах прокуророор ажилласан. 2002-2012 оны хооронд “Эрч чөлөө, эрх зүйт ёс” ТББ-ын тэргүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч гэгдэж явсан түүнийг 2012 онд Ц.Элбэгдорж зарлигаараа УДШ-ийн шүүгч болгосон билээ. Хачирхалтай нь Д.Эрдэнэбалсүрэнгийн ах Д.Чадраабал Ц.Элбэгдоржийн хар багын найзууд гэх.
Д.Ганзориг нь Хотынх. 2013 онд Ц.Элбэгдорж УДШ-ийн шүүгч болгож, 2020.06.02-нд 77 УДШ-ийн санал болгосноор Х.Баттулгын зарлигаар УДШ-ийн Ерөнхий шүүгч болж байв. Гэвч 2023.01.16-нд Х.Баттулга улаан ороолттой гарч ирээд УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргаж, АТГ-аас шалгаж эхэлсэн ч гэгдэж байв.
- “7 дугаар сарын 1”-ний хэрэг
2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр таван хүний амь хохироосон хэрэгт буруутгагдсан Ч.Амарболд, Д.Зоригт, Ш.Батсүх нарын хурандаа, генералуудад ял оноосон. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэргийн шүүх хурлыг Ч.Хосбаяр даргалжээ.
Гэтэл УДШ-ийн шүүгч Ч.Хосбаяр Ц.Элбэгдоржтой нэг нутаг буюу Ховдынх аж. 2015 оны дөрөвдүгээр сард түүний зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
Шийдвэрлэсэн үйл явц, шүүхийн шийдвэрийн байдлаас харахад шүүгчдийн хараат бус байдал алдагдсан гэж Х.Тэмүүжин тэргүүтэй ажлын хэсэг дүгнэсэн байдаг.
Л.Оюун-Эрдэнийн “Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувь, С.Зоригийн хэрэг дээрх шүүгчдийн нэр яг адилхан” гэж ярьсны учир ийм аж.
З.Энхболд нэгэнтээ “Ц.Элбэгдорж нэг сонин юм хийчихсэн. Ажлаа хийж байсан бүх шүүгч нарыг халаад хууль гаргаж, дахин томилсон. Дахин томилохдоо ам өчгийг нь авдаг юм уу, яадаг юм” гэжээ.
Тодруулбал, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад 2013.01.14-нд Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн УИХ-аар батлуулсан явдлын тухай байв. Хууль батлагдсаны дараа анхан болон давж заалдах шатны шүүгчдийг чөлөөлж, заримыг нь өөр шүүх рүү шилжүүлсэн. Шинээр томилох зарлиг гаргахдаа 409 шүүгчээс 397-г нь томилж, 12 шүүгчийг томилоогүй үлдээсэн. Тухайн үед одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр иргэний хувиар “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчлөө” гэх агуулгаар ҮХЦ-д хандсан ч, цэц маргаан үүсгээгүй.
Агуулгыг дүгнэвэл:
- Нэгт. Том хэргүүд ба УДШ-ийн шүүгч нар салшгүй холбоотой.
- Хоёрт. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, С.Зоригийн хэрэг, Оюутолгой дахь С.Баярцогтын авлигыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилсон УДШ-ийн шүүгч нар “шүүжээ”
Эх сурвалж:eguur.mn