“Шинжиан шинфа”-гийн захирал дахиад авлигын хэрэгт холбогдов
Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөгийн зээл олгосон ерөнхий захирал асан Д.Баярсайханы албан тушаалаа урвуулсан хэрэгт хамтран оролцогч хэмээн хоёр жил хорих ял шийтгүүлсэн, уг зээлээ хугацаандаа төлөөгүй энэ аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен дахиад л авлигын хэрэгт холбогджээ.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ж.Энхжаргалд их хэмжээний хахууль өгсөн хэрэгт буруутгагдаж буй юм. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017-2020 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийсэн аж.
Улмаар их хэмжээний буюу 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүйг нь илрүүлсэн гэнэ. Татварын ерөнхий хуулийн дагуу бол татвар ногдох орлого, хүү, алдангийг нь нөхөн төлүүлж, тодорхой хэмжээний торгуулийн шийтгэвэр оноох ёстой байдаг. Гэтэл “Шинжиан шинфа”-гийн захирал Сүн Гуан Чен зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгохын тулд татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар хахууль болгон өгч, татвараас зайлсхийсэн хэмээн яллагдагчаар татагджээ.