Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээлээ
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ирүүлсэн байдаг.
Улмаар шүүх уг саналыг хүлээн авч, Н.Өнөрцэцэгийг сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн юм. Түүний өмгөөлөгчдийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргасан. Өнөөдөр шүүх хурал болж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ.