Үер болно, усаа шавхахад бэлдээрэй гэж доромжилж байна
“Сэлбэ” хотхоны оршин суугчид Сэлбэ голын үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр тэдний төлөөлөл: “Бидний шаардаж байгаа зүйл бол “S Outlet” дэлгүүрийн барилгыг хурдан буулга. Одоо буулгаагүй байгаа барилгыг хэзээ буулгаж дуусах вэ? 4 сарын 15 гэхэд буулгачихна гэж ярьж байна лээ. Тийм бол үнэхээр сайн байна. Энэ барилгыг буулгаад даланг нь өргөн болгохоос гадна доош нь ухаж түвшинг нь гүн болгох ёстой. тэгэхгүй бол олон жилийн үерээс урсаж ирсэн лаг шаврууд овоороод, хогийн цуглуулга л болчхоод байна. Үүнээс болоод голын урсгалыг боомилоод үерийн түвшинд аваачаад байгаа юм.
Тэнд байгаа мод бут, сөөгийг аваад, гүн болгоод, даланг нь өргөсгөөд өгөөч гээд байгаа юм. Дараа нь тэр далангаа аажуу уужуу, эрдэмтийн зөвлөмжөөр, инженерийн шийдлээр бариачээ. Хэрэв далан барихыг хүлээвэл энэ зун дахиад л үер болно.
Гол дотор байгаа бургаснууд ургах чадвараа алдчихсан, уначихсан, шороо шаварт баригдчихсан байхад авахгүй байлгаад байна. Дахиад үер болоход бэлэн байлгаад байна. Тэгээд үерээс сэргийлээрэй, шуудай, сав, шанагаа бэлдээрэй гэж хэлээд л сууж байдаг. Урьдчилан сэргийлэх ажлаа ерөөсөө хийхгүй байна. Хэрэв урьдчилан сэргийлж чадвал үерийн дараа гарах зардлаас бага зардлаар даван туулна шүү дээ.
Гэтэл үер болно, үерийн дараа усаа шавхахад бэлдээрэй гээд сууж байгаа нь дэндүү доромжилсон нөхцөл байдал байгаа юм. Хамгийн их ус ордог хэсэг нь дунд гүүр орчим буюу 700-800 метр газар байгаа. Тэр хэсгийн голдирлыг яаралтай засаад, даланг нь хүчитгээд өгөөчээ. Гол дотро байгаа бургаснуудыг аваад өгөөч гэж хүсч байна. Хэрэв үер болоод бид байр оронгүй болчихвол сонгууль болохгүй шүү. Байргүй болчихсон хүмүүс алдах зүйлгүй, айхгүй шүү гэдгийг төрийнхөнд хатуу хэлмээр байна. ” гэв.