Үндэсний хэмжээнд шүд төслийг эхлүүлэхээ Ерөнхий сайд зарлалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа эхлүүлж байна. Тэрбээр өнөөдөр өглөө нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав.
Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860,000 гаруй хүн хамрагджээ.
Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8% нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл хамгийн их буюу 61.5%-ийг эзэлжээ. Тиймээс үндэсний хэмжээнд ирэх жилээс ШҮД төслийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.
Шүд цоорох өвчний тархалт Монголд дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа аж.
Өнөөдрийн уулзалтад илтгэл тавьсан “Импайр Дентал” клиникийн захирал Б.Энхбаатар шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийг өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг санал гаргав.
Орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах хэрэгтэйг уулзалтад оролцогч төр хувийн хэвшлийн төлөөллүүд хэллээ.