“₮5.7 саяын үнэтэй хүчилтөрөгчийн баг эвдэрвэл өөрөө төл гэдэг учраас гал руу орохдоо зүүдэггүй”

0

Сүүлийн таван сарын хугацаанд Онцгой байдлын албаны таван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдээд буй. Хамгийн сүүлийн тохиолдол одоогоос хоёр хоногийн өмнө болж, тус албанд 20 жил зүтгэсэн гал сөнөөгч нас барсан.

Хачирхалтай нь эдгээр тохиолдол бүрд ОБЕГ, Шадар сайд тайлбар мэдээлэл хийхдээ дандаа “арьс”-аа өмөөрч, ажил албаа хаацайлаад буй. Бид Онцгой байдлын албанд дөрвөн жил ажиллаад гарсан гал сөнөөгч “Б”-тэй ярилцлаа.

Тэрбээр нэг талаар энэ албаны бодит байдлыг ярьснаараа тодорхой хэмжээнд нийгэмд шүгэл үлээж буй тул эрсдэлээс хамгаалах үүднээс нэр, царай төрхийг нийтэд ил гаргахгүй байх нь зөв гэж үзлээ.

Ээлжээс буугаад амрах ёстой ч амраадаггүй. Зун гол дагуу эргүүлд, өвөл гэр хорооллоор яваад таардаг

-Аль сургуульд хэр удаан хугацаанд суралцаж, Онцгой байдлын албанд ажилд орж байв гэдгээс яриагаа эхэлье?

-Гал сөнөөгчөөр сурахын тулд эхлээд хугацаат цэргийн албыг ямар нэг байдлаар хаасан байх ёстой. Үүний дараа Дотоод хэргийн их сургуульд шалгалт өгч ордог. Ингэхдээ бие бялдар, эрүүл мэндийн шалгуурт тэнцэх ёстой. Мөн тухайн хүн төгсөөд аль ангид ажиллахаа тодорхой болгосон байх учиртай. Өөрөөр хэлбэл, төгсөөд аль ангид ажиллах нь тодорхой хүмүүсийг элсүүлдэг журамтай. Иймд ажиллах боломжтой гэсэн ангидаа очоод “Би төгсөөд танай ангид ажиллах гэсэн юм аа. Тиймээс намайг Дотоод хэргийн их сургуульд тодорхойлж өгнө үү” гэж ханддаг. Иймд хэн дуртай нь гал сөнөөгчөөр суралцах боломжгүй.

Ингээд гурван сарын хугацаанд хичээлээ үзэж, гурван сарын дараа цэргийн тангаргаа өргөдөг. Дараа нь албандаа тушаал аван томилогдсоноор, цол мөрдсөө зүүж, албаны тангаргаа өргөнө. Мөн цэрэгт тангараг өргөдөг гээд тооцвол онцгойгийн алба хаагч гурван удаа тангараг өргөж, “Үхсэн ч гомдолгүй” гэж гурван удаа гарын үсэг зурдаг гэсэн үг.

-Гурван сар сураад ажиллаж эхлэх боломжтой юм байна. Энэ ажлын талбар дээр гарахын өмнө сайн бэлтгэгдэх хугацаа мөн үү?

-Онолын мэдэгдэхүүн талдаа хангалттай. Гэхдээ хүн өөрөө орж үзэж, биеэр мэдрэхээс цааш хэзээ ч суралцана гэж байхгүй. Хэчнээн их, дээд сургууль төгссөн ч бүгд л ажлын байран дээр гараад ангайдаг. Өөрөөр хэлбэл утаа руу анх удаа ороод “Дараагийн удаа ингэж орох ёстой юм байна” гэж ойлгож авдаг. Ийм замаар, бага багаар туршлагажиж явдаг. Тиймээс шууд сургууль төгсөөд гал сөнөөгч болчхож байгаа зүйл огт биш.

-Тэгэхээр эхний галын дуудлагаар эхлээд дадлагажиж эхэлдэг байх нь?

-Гэхдээ шинэ хүмүүсээ хэзээ ч улаан гал руу шууд оруулдаггүй. Яагаад гэвэл шинэ хүмүүсээ туршлагагүй гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор эхлээд юутай ч номерт суулгах нь элбэг. Номер бүр тус тусын үүрэгтэй байдаг. Аль болох гал руу ордоггүй номерт суулгаад гаднаас ажиглуулдаг. Эсвэл хог хадгалах сав зэрэг жижиг зүйл шатвал унтраалгах ч юм уу, ийм байдлаар явдаг. Энэ нөхцөлд “За, залуучууд хошуугаа бариад унтраагаад үз” гэнэ. Даралттай усны хошууг нээгээд л өөрөө хойш шидэгдэх жишээтэй. Тиймээс эхний ээлжид аюул, эрсдэлийг нь тооцож, аюул багатай зүйлс хийлгэдэг. Энэ явцад туршлагажна гэж үздэг. Мэдээж богино хугацаа шаардахгүй. Хамгийн багадаа 4-5 жил явж байж мэргэжилдээ эзэн болох хэмжээнд гал сөнөөгч төлөвшдөг.

-Та энэ албандаа удсан уу?

-Би нийтдээ гурван жил ажилласан. Энэ хугацаанд нийтдээ 120 удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлагад явсан.

-Гарах болсон шалтгаан юу вэ?

-Цалин дэндүү бага байсан. Ялангуяа дөнгөж орж байгаа залууст хийж чадах ажил бага учир бага л цалин авна. Гэхдээ яг үүнтэй холбоотой юу, мэдэхгүй. Эсвэл төрийн алба учраас тийм бага цалинтай байдаг ч байж магадгүй.

-Цалин хэд байв, таныг ажиллаж байхад?

-750 мянган төгрөг. Шимтгэл төлөөд гар дээрээ авдаг нь энэ. Цалингаа 450, 300 мянган төгрөгөөр нь хоёр хувааж авдаг байсан.

Энэ цалингаар гурван жил ажиллах хугацаандаа амьдралаа хэрхэн болгож байв?

-Эхнэртэйгээ хоёулаа амьдардаг байх үед яаж ийгээд болгодог байсан. Тухай үедээ түрээсийн байранд амьдардаг байлаа. Харин хоёр хүүхдээрээ бүл нэмсний дараа ямар ч боломжгүй болсон. Ажлын хажуугаар өөр ажил хийх мэдээж боломжгүй.

-Цалин бага, хангалтгүй гэлээ. Ажиллах цаг, нөхцөлийн хувьд ямар бол?

-Хөдөлмөрийн хуулиар бол биднийг хүнд, хортой, эрсэдсэн нөхцөлд ажилладаг гэж үздэг. 24 цаг гараад 48 эсвэл 72 цаг амрах ёстой. Гэхдээ онцгой байдлын алба хүний нөөцийн хувьд дутагдалтай учир ихэнхдээ 24/24, 24/48 цагийн ажил, амралтын ээлжтэй. Зарим тохиолдолд 48 цаг гараад 24 цаг амрах үе ч байна. Үнэндээ амарна гэж байгаа боловч амардаггүй. Зун бол өглөө ээлжээс буугаад л, үргэлжлүүлээд үерийн эргүүл гэж гол усаар “Хүн амьтан эрсэдчих вий, хүүхэд живчих вий” гээд цагдаагийн алба хаагчидтай явна. Үүнд 8-12 цаг зарцуулна. Харин өвөлдөө гэр хорооллын айлуудаар анхааруулга, сануулга өгч явна. Ороод үзлэг хийж эрсдэлийн үнэлгээ тогтооно. Танай зуух ийм байх ёстой, үнсээ ингэж асгах учиртай гэдэг ч юм уу. Мөн өвөл хот дундуур урсдаг дунд гол зэрэг голуудын мөсийг шар усны үерээс сэрэмжлүүлж зайлуулна. Тиймээс хэзээ ч ээлжээсээ буугаад сайхан амаръя гэдэг зүйл байхгүй. Анхнаасаа л ийм байсан.

10 жил болсон галын хувцсыг нөхөөд өмс, үгүй бол өөрсдөө ав гэдэг-

-Тэгвэл галын дуудлагын үед өмсдөг хувцас хэрэгслийн тухайд юу хэлэх вэ. Иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Өмнөх ослууд ч батлаад байх шиг?

-Галаас хамгаалах галын хувцсыг байлдааны хувцас гэж нэрлэдэг. Ер нь хэцүү. Хуучин хүмүүсийн маань хувцас дор хаяж 10 жил хэрэглэсэн байдаг. Хэврэгшээд урагдаж, сэмрэхэд бэлэн болчихсон. Солиулъя гэхээр өөрсдөө худалдаад ав, эсвэл оёод өмс гэдэг. Авах гээд үнийг нь судлахаар сарынхаа цалингаар авах болдог. Усны гутал гэхэд л 200,000 төгрөгийн үнэтэй. Хаймран гутал учир галд хайлна, хадаасанд урагдана. Энэ тохиолдолд ч өөрсдөө ав л гэдэг. Хувцас хангалтын тал дээр бол муу. Сүүлд намайг халагдахын өмнө Францаас ч билүү галын техник хэрэгсэл, хувцас хэрэглэл тавигдсан байх. Түүнээс өмнө галын хувцас шинэчлэгдэж байгаагүй.

Техник хэрэгслийн тухайд?

-Техник хэрэгслийн тухайд бол гайгүй шүү. Ангиудад хуучны машинууд байхаа больчихсон. Сүүлд шинэ техник орж ирсэн. Гэхдээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд биш.

-Та алба хаагч байхдаа албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж байсан уу?

-Мэр сэр байгаа. Жишээлбэл, 8х6-ийн харьцаатай байшин шатаж байхад дотор нь ороод унтрааж байх үед дээрээс байшингийн дээвэр, дам нуруу дарсан. Үүнийг хэн ч урьдчилж тооцоолох боломжгүй. Бид харин аль болох хурдан унтрааж хүмүүсийг бага хохирол амсуулах л ёстой гэж ажилладаг. Хүмүүст зарим тохиолдолд амар юм шиг санагдаж байж магадгүй. Бодит байдал дээр бол тэс өөр. Тэр утаан дунд нүдээ нээх ч боломжгүй. Нүдээ нээлээ гэхэд нулимс, хамраас нус сугараад л байна. Гэхдээ л ямар ч нөхцөл байдалд байсан унтраах л ёстой.

Хамгийн дутагдалтай байдаг нь хүчилтөрөгч, амьсгалын аппараттай баг. Над дээр үүнтэй холбоотой нэг тохиолдол гарч байсан юм. Бид санчон гээд солонгос, мөн Германы хүчилтөрөгчийн баг ашигладаг. Ойролцоогоор 5.7 сая төгрөгийн үнэтэй. Манайх ихэнхдээ гаднын улсуудаас тусламжаар авдаг. Энэхүү багаа утаа, гал руу орохдоо амьсгалахын тулд зүүх ёстой. Гэсэн ч ихэнх тохиолдолд зүүлгэдэггүй. Яагаад гэвэл энэ багийг зүүж ороод ямар нэгэн зүйлд дарагдаад, баг эвдэрвэл сэлбэг байхгүй. Засдаг засварчин анги бүр дээр байдаггүй. Төв гал комманд дээр л хүчилтөрөгчийн багийн баллон цэнэглэдэг санагдаж байна. Тэнд тус багийг 99 хувийн хүчилтөрөгчөөр цэнэглэдэг. Бусад ангиуд дээр цэнэглэдэг ч 99 хувь хүртэл боломжгүй.

Хэрэв тухайн багийг үүрэг гүйцэтгэхдээ буюу гал унтраахдаа зүүж ороод ямар нэг зүйл нь болохгүй болчихвол ажлаас төлөхгүй. Би л төлж өгөх болдог. Тийм учраас хүмүүс гал руу орохдоо хүчилтөрөгчийн багаа зүүдэггүй. Яагаад гэвэл авч байгаа дусалхан цалингаасаа хумслуулмааргүй байна шүү дээ. Би багаа эвдчихлээ, над дээр юм унаад энэ баг эвдэрчихлээ гэхээр “Чи албаны багаж хэрэгсэлтэй гамгүй харьцсан, гэмтээсэн” гээд цалингийн 10 хувийг суутгах жишээтэй. Дээрээс нь энэ багаа засварт оруул, өөрийнхөө мөнгөөр юмнуудаа олж ав гэдэг. Засуулахад багадаа 300,000 төгрөг болно. Тиймээс зайлшгүй их гал руу ороод ч юм уу, нөхцөл байдал хүндэрвэл багийн ахлагч багаа зүү гэдэг.

-Өөр асуудлууд бий юу, үүн шиг?

-Өндрөөс хүн аврах буулгах зориулалттай шатны машин бий. Энэ машины хүрэх хязгаар нь 12 давхар хүртэл л. Ойролцоогоор 40-өөд метр сунадаг. Өөрөөр хэлбэл 12 давхраас л хүн буулгана гэсэн үг. Харин хотын төвийн энэ өндөр барилгуудаас буюу 16 давхраас дээш давхраас хүн буулгах боломжгүй.

-Тэгэхээр энэ өндөр барилгуудад гал гарвал ямар аргаар шийднэ гэсэн үг вэ?

-Энэ тохиолдолд өндрийн аврагч л ажиллана байх, гэхдээ хэцүү. Учир нь энэ барилгуудын дээвэр дээр нисдэг тэрэг газардах боломжгүй, зогсоол байхгүй. Боломжтой ганц хоёрхон л барилга бий. Бусад нь боломжгүй.

Дарга нар нь хувийн ажилдаа дайчилна, эсэргүүцвэл зууна-

-Баттай биш байж мэдэх ч хувь хүн рүү чиглэсэн асуудлууд тулгардаг гэдэг мэдээллүүд бий. Амарч байхад дуудах, хувийн ажлаа хийлгэх гэдэг ч юм уу. Энэ тухайд?

-Энэ асуудал ганцхан онцгой гэлтгүй аль ч төрийн байгууллагад байдаг. Дарга нь цэргээ хувийн ажилдаа зарах жишээтэй. Ялангуяа онцгой байдлын албаны гал сөнөөх ээлжид 20 хүн гарч байгаа. Тэднийг шууд удирдлага буюу салаан дарга, ангийн захирагч удирдаж байгаа. Гэтэл нийслэл, дүүргийн хэлтсийн офицерууд ч юм уу яриад “Хоёр, гурван цэрэг өгчхөөч. Нэг юманд явчхаад ирье” гээд аваад явдаг. Ийм тохиолдлууд бий. Дээр нь 100 ямаанд 60 ухна гэгчээр тэр хэдэн алба хаагч дээрээ түмэн даргатай.

-Эсэргүүцэх боломжгүй юу?

-Хэцүү шүү дээ. Тиймэрхүү байдал гаргавал зууна. Ээлжид тавина. Ээлжид тавьсан ч гэсэн номерт гаргахгүй. Номерт гаргахгүйгээр харуулд томилж, өдөр шөнөгүй харуулд зогсоодог. Бүтэн сарын турш галд явахгүй харуулд зогсоно гэдэг хэцүү. Тэгээд л ийм шийтгэл амсахгүйн тулд заавал явна.

Үүнээс гадна ажлын бус цагаар дарга ирлээ гээд цуглуулдаг. Ээлжээсээ буугаад гэрийнхээ хаалгаар орсон даруйд дуудна, эргээд л гарна. Дүүргийн эсвэл ИТХ-ын дарга манай ажилтай танилцахаар ирлээ гээд л ихэнхдээ дуудна, бүгд цуглана.

Ер нь намын хамааралтай гэдэг нь ажиглагддаг. Засаг солигдоход бүх шатны дарга нар ч бас солигдоно. Ардчилсан нам гарвал намынхаа хүнийг, МАН гарвал намынхаа хүнийг томилдог. Товчхондоо Шадар сайд аль намын хүн байхаас хамаарч халаа, сэлгээ бүх шатны дарга нар дээр явагддаг. Ингэхдээ намын шахаагаар мэргэжлийн бус хүмүүс ороод ирдэг. Жишээлбэл, ТҮК-ийн дарга байсан хүн манайд хэлтсийн даргаар ирсэн. Ийм хүмүүсээр удирдуулахаар хөгжихгүй шүү дээ. Бас танил талаараа ямар ч цэргийн эрдмийн, гамшиг ослын мэдлэг, туршлагагүй хүнийг дарга болгоод оруулаад ирнэ. Тэдгээр хүмүүс нь ээлжид байгаа алба хаагчдыг ингэ, тэг гэж зарна. машинаа угаалгана. Уг нь алба хаагчид бэлэн байдлаа хангаад, дуудлага ирэхэд бэлэн байх ёстой. Гэтэл тэнд юугаа ч мэдэхгүй нэг даргын машиныг угаагаад зогсож байх жишээтэй.

Дуудлага ирлээ гэхэд тухайн хүн анги руугаа гүйж ороод хувцсаа өмсөж байтал тодорхой хугацаа алдана. Гэтэл наад захын ийм зүйлийг ч ойлгохгүй мэргэжлийн бус хүмүүсийг энэ чухал албанд даргаар оруулаад ирдэг. Энэ алба цолны эрэмбээр явдаг. Гал сөнөөгчид гэдэг бол нохойд барьдаг мод л гэсэн үг. Үх гэвэл үхнэ, гал руу ор гэвэл орно. Хэзээ ч хойш суухгүй хүмүүс. Одоогийн нөхцөлд ажиллаж буй алба хаагчид үнэхээр л аваръя, хамгаалъя гэж боддог. Түүнээс хэн ч тийм шүлс шиг цалин аваад амь насаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй. Зүгээр л ажилдаа дуртай, хайртайнх нь илрэл. Эсвэл тэтгэвэрт гарах дөхчихсөн хүмүүс. Тэд одоо хэдхэн жил тэсчихвэл тэтгэвэртээ гараад тэтгэмжийнхээ мөнгөөр байр, машиныхаа зээлийг дарчихвал болчихно доо гэж ажиллаж байгаа. Түүнээс биш залуу хүмүүс орлоо гэхэд жил болоод нийгмийн даатгалаа төлүүлээд, виз мэдүүлээд, төрийн албанд ажиллаж байсан гээд гадагшаа гараад явчихдаг.

-Тэтгэмжийн мөнгө нь хэдэн төгрөг вэ. Нийт хэдэн жил ажиллаж байж тэтгэвэртээ гарах эрх нь үүсдэг юм бол?

-25 жил гэж явдаг. Ажлын хүнд нөхцөлөөс шалтгаалаад нэг жилийг 13-14 сараар тооцдог. Ингэхээр хамгийн багадаа 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Тэтгэмж гэж 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгдөг.

-Та сонссон байх. Хоёр хоногийн өмнө дахин харамсалтай үйл явдал боллоо. Иргэд түүнийг тэтгэвэрт нь гаргачихсан байсан бол ийм зүйл болохгүй байсан гэхчлэн ихээр шүүмжлээд байгаа. Та хэрхэн харав?

-Тэр хүн маш туршлагатай олон жил ажилласан хүн. Тасгийн дарга, шатны техникч байсан хүн гэдэг. Нөгөө талаас нь бодож үзье л дээ. Хэрэв тэр хүн тэтгэвэртээ гарчихсан байсан бол нэг биш дөрвөн хүний амь нас яригдах боломжтой. Хамт орсон гурван гал сөнөөгч нь амьд гараад ирсэн байгаа биз дээ. Тэр хүн туршлагатай байсан тулдаа нөхцөл байдлыг үнэлж, тооцоолоод түрүүлээд гаргасан байх боломжтой. Дотор юу болсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэр хүн нурах гэж байна, шал цөмрөх гэж байна, ухраарай гэх мэтээр чиглүүлсэн байж магадгүй. Туршлагатай учраас мэдээж хамгийн урд нь явж байгаа. Туршлагагүй хүнийг хэзээ ч галын хошуун дээр гаргаж, гал руу оруулахгүй. Мэдээж ар гэрийнхний нь хэлж байгаа шиг тэтгэвэртээ гарчихсан байсан бол ийм зүйл болохгүй байсан.

Видео яриа:https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F4552421824982107%2F&show_text=false&width=476&t=0

-Сонгуулийг хүртэл өөрийн эрхээр өгч болдоггүй-

-Таван сарын хугацаанд таван ч алба хаагч галд амь эрсэдлээ. Энэ албанд байсан хүний хувьд ийм мэдээнүүд сонсох амар байгаагүй байх. Танд юу бодогдож байв?

-Үнэнийг хэлэхэд их хэцүү. Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртөж нас барсан гурван алба хаагчийн нэгийг нь сайн танина. Бид нэг сургууль төгссөн. Осол гарахаас хоёрхон хоногийн өмнө над руу залгаад “Би маргааш ээлжтэй, хоёулаа нэг уулзъя” гэхэд нь “Тэгье, ирэх долоо хоногт уулзъя” гэж тохирсон байсан. Гэтэл нэг өглөө ажил руугаа явж байтал амиа алдсан гурван алба хаагчийн нэг нь тэр найз минь байсан гэдгийг мэдсэн. Замын голд машинаа зогсоогоод, хэсэг хямарч уйлсан. Надад хэцүү байсан. Сая амиа алддаг алба хаагчийг мөн л сайн танина. Бас л хэцүү байлаа.

-Дээрх харамсалтай тохиолдол бүрд ОБЕГ-ыг өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийлээ, хариуцлага хүлээхгүй байна хэмээн иргэд шүүмжлээд буй. Энэ өмөөрсөн тайлбаруудыг хэрхэн харж байна?

-Сандал, суудалдаа хайртайнх. Олгой хагаравч тогоон дотроо гэж үг бий. Цэргийн байгууллагынхан их хэрэглэдэг. Албаны юм албандаа үлдэнэ шүү гэдэг. Сонгуулийг хүртэл өөрийн эрхээр өгч болдоггүй. Дарга нь ирээд бүх хүмүүсээ жагсааж байгаад “Энэ, тэр хүн ийм тийм юм өгсөн. Та нар тэр даргыгаа дэмжээрэй” гээд. Засаг, нийгмийн эсрэг ямар нэгэн эсэргүүцэл, жагсаал боллоо гэхэд мэдээ, мэдээллийг нь хуваалцаж болохгүй. Өөрийн үзэл бодлоо илэрхийлж болдоггүй. Нэг ёсондоо үзэл бодол нь хязгаарлагдмал байдаг. Ангид болохгүй байгаа зүйлийг ч дотроо яриулдаггүй. Чи матлаа гэдэг. “Ольсон цэрэг, оргосон цэрэг хоёр явах газар шүү” гэх жишээтэй.

-Шүгэл үлээсэн тохиолдол ер нь байдаг уу, боломжтой юу?

-Тэгэх боломжгүй. Тийм тохиолдол гарч байгаагүй. Би хүртэл одоо нүүрээ гаргаж чадахгүй, шүгэл үлээж чадахгүй л сууж байна шүү дээ.

-Та ярианы эхэнд цалингаасаа болж гарсан гэсэн. Айдас огт нөлөөлөөгүй юу?

-Цалин бага, хэцүү ч гэсэн би албандаа үнэхээр дуртай байсан. Тэр гал дундаас жаахан хүүхэд тэврээд гараад ирэх, баярлалаа агаа гээд л хэлэх иймэрхүү зүйлүүд үнэхээр сэтгэл хөдөлгөдөг, урам өгдөг. Нэг айлын байшин шатаж байхад тархахаас нь өмнө гялс очиж унтраачхаад, нөгөө хүмүүсийнхээ царайг хараад “Ашгүй дээ, хүн бэртэж, гэмтсэнгүй. Байшингийн маань тал нь ядаж үлдлээ” гээд инээж баясахыг нь харах гоё. Би ажлаасаа үнэхээр гармааргүй байсан ч ажлын шаардлагаар л. Хэчнээн ажилдаа дуртай байсан ч манай гэр бүл амьдрах ёстой, идэж уух, өмсөж зүүх ёстой. Ажлаасаа гарахдаа хамт олонгүй болох нь дээ л гэж айсан. Хамт олон минь үнэхээр гоё хүмүүс байсан. Харин илүү дутуу дарга нарт бол дургүй байсан.

Онжав маань өнгөрсний дараа албандаа эргээд оръё гээд эхнэртэйгээ ярилцсан. Эхнэр маань “Чи үхчихээр бид хэд яах юм бэ” гэсэн. Тэгээд “Нээрэн ч тийм дээ, ийм хэцүү байхад” гэж бодогдсон. Гэхдээ ганцаараа амиа хоохойлоод сууж байгаагаасаа ичээд байдаг.

Албанаасаа гарсан нь тийм сайхан биш ч би өдөр бүр гэртээ хонодог болсон-

-Цалинг бодитоор нэмбэл хүн хүчгүй байдал өөрчлөгдөх үү?

-Цалингаа л нэмэх хэрэгтэй. Хоёр жилийн өмнө онцгойгийн алба хаагчдын цалинг нэмнэ гэдэг зүйл яригдаж эхэлсэн ч дуншиж, дуншиж 2023 нэгдүгээр сард цалин нэмэгдсэн байх. Тухайн үед төрийн тусгайгийн долоодугаар шатлалаар цалинждаг хүний цалин 20 мянгаар л нэмэгдсэн байсан. Энэ нь дөнгөж ажилд орж байгаа гал сөнөөгчийн цалин. Их мөнгө нэмэгдсэн байгаа биз. Ердөө таван ширхэг талхны мөнгө.

Харин дарга нарынх нь цалин 400-500 мянгаар нэмэгдсэн. Энэ тухай сошиалаар хэдхэн хоног шуураад л мартагдсан. Надад энэ үйл явдал их гомдолтой санагдсан. Үнэндээ энэ гал сөнөөгчид л энэ газрыг нуруун дээрээ үүрч яваа.

-Албанаасаа гарсан энэ хугацаанд таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?

-Би өдөр бүр гэртээ хонодог болсон. Эхнэр маань намайг өнөөдөр гарч яваад эргэж ирэх болов уу, үгүй болов уу гэж санаа зовохоо больсон. Хувийн байгууллагад ажиллах нь онцгойгоос арай дээр цалинтай. Ажлын найман цаг л ажилладаг болсон, хажуугаар нь би суралцах боломжтой болсон.

-Ярилгүй үлдсэн зүйл байна уу?

-Мартсан байна, сая саналаа. Монголд морин жолооч гэж хэллэг байдаг. Ууж байгаа хүмүүсийг ийш, тийш хүргэж өгдөг. Тэр тохиолдол Онцгойгийн албанд маш их байдаг. Маш олон даргатай. Хамгийн аймаар нь ээлжид гараад номерт тавигдчихсан дуудлага хүлээж байгаа алба хаагчийг хэн нэг дарга “Тэнд ууж байна гэнэ, чи машиныг нь бариад хүргээд өгчих. Гялс амжуулаарай” гээд явуулдаг. Нөгөө тушаасан салаан дарга чинь бас нэг даргынхаа тушаалаар л тэгж байгаа. Тиймээс үгүй гэх боломжгүй. Эргээд уулзах нүүртэй байх хэрэгтэй учраас явж л таардаг.

-Яваад очихоор ямар харилцаа угтдаг бол?

-Буруу юм хийж байгаагаа мэдэх учраас муухай бол харьцахгүй. Өө миний дүү, миний цэрэг л гэнэ. Их сайхан харьцана. Гэхдээ алба тэнд эзгүйрчхэж байгаа юм. Хотын хаана ч хүргэж өгч магадгүй. Буцахдаа унаагүй болохоор таксидах хэрэг гарна. Мөнгө ч өгдөггүй. Мөнгөгүй үедээ гүйгээд л ирнэ. Гялс оччихоод эргэж ирэхгүй бол тэр хооронд дуудлага ирвэл болохгүй. Тиймээс ийм зүйл хэцүү. Жорлонгоо ухуулах, байшин засуулах энэ тэр энүүхэнд шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж : Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *