Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна

0

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн юм.

Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.

Харин 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн байна.

Тухайн хүсэлтийн дагуу Зайсан тойруугийн хөдөлгөөнийг хуучин зохицуулалтад нь оруулбал оройн оргил ачааллын цагаар хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж, Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж, замуудад хөдөлгөөний ачаалал үүсэх юм. Мөн ХААИС-ийн уулзварын гэрлэн дохионы горим дөрвөн үетэй болж, хүлээлтийн хугацаа нэмэгдэн, Нисэх, Яармаг талаас ирэх хөдөлгөөний ачаалал ихсэж, зүүнээс баруун тийш чиглэх түгжрэлийн урт 1 цагт 5.3 км-р нэмэгдэнэ.

Иймд Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авч байна.

Иргэн та https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтрэн санал өгөх боломжтой. Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнөөр зорчуулж байгааг үргэлжлүүлэхийг дэмжиж байвал дэмжинэ гэсэн хариултыг, хоёр чигийн хөдөлгөөнд оруулах саналтай бол дэмжихгүй гэсэн хариултыг сонгоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *