Эмнэлэгт үзүүлэхээр авсан цагтаа очихгүй бол торгоно
Улсын эмнэлэгт үзүүлэх цаг аваад, тухайн товлолт цагтаа очоогүй иргэдийг дахин үзүүлэх цаг авахад нь торгохоор болжээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас баталсан энэ журмаар иргэнийг 20 мянган төгрөгөөр торгож, торгуулийг эмнэлгийн орлого болгоно. Улсын эмнэлгүүд хэт их ачаалалтай байдгийн улмаас иргэд түүнийг хүлээлгүй наана нь хувийн эмнэлэгт үзүүлдэг. Зарим нь хэдэн сарын дараа эмнэлэгт үзүүлэх өдрөө ч мартчихдаг.
Эмнэлэгт үзүүлж чадалгүй хүндэрч, яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэж байгаа өвчтөн ч бий. Ийм байдлаар хүмүүс үзүүлэх цагтаа очихгүй бол тухайн эмнэлэг рүү утасдаж, авсан цагаа цуцлуулах шаардлагатай. Хэрвээ цагаа цуцлуулбал тухайн цагийг дараагийн хүнд өгөх замаар эмнэлгийн хүлээгдэл багасна. Авсан цагаа цуцлуулахад ямар ч торгуулгүй.