₮2 тэрбумаар нүүрс авсан БНХАУ-ын иргэн монгол талын захирлыг “Ална” гэж заналхийлж, “Хэргийг би шийднэ” хэмээжээ
Агуулгын товчлол:
- БНХАУ-ын иргэн хөрөнгө оруулагчийн дүрээр монгол компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр Сэлэнгийн Түшиг сумаас нүүрсийг зах зээлийн үнээс доогуур тооцооллоор авсан уу.
- Авсан нүүрс, шилжүүлсэн мөнгөөсөө давсан хохиролтой гэж үзэж, мөнгө нэхэмжилж, Монголын хууль хяналтын байгууллагаар дөрвөн жил тасралтгүй шалгуулсан уу.
- Шалгуулж буй нэрийдлээр үйл ажиллагааг нь зогсоон сөхрүүлж, өөр бусад хамтрагчдыг нь үргээн хөөх, амь насанд нь заналхийлэх үйлдлүүд гаргасан уу.
Дэлгэрэнгүй:
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан-Овоо нүүрсний уурхайн лицензийг Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын “Silver Elephant Mining” компани 2007 оноос хойш 100 хувь эзэмшиж буй. Техникийн шинэчлэл хийж байгаатай холбогдуулан үйл ажиллагаагаа зогсоож, өнгөрөгч 2023 оноос сэргээсэн. Тус уурхайн тусгай зөвшөөрөл бүхий талбайг “Техно перспектив” ХХК түрээслэн 2018 оноос олборлолт, борлуулалт явуулж эхэлжээ.
НЭГТ, БНХАУ-ын иргэн Цоггэрэлийн /Chaokegerile/ эзэмшлийн Эрээн хотын “Жин И” экспорт, импортын худалдааны компанитай 2019.08.27-нд “Нүүрс худалдах, худалдан авах, дамжуулан борлуулах” гэрээ байгуулсан байна. Хятад талаас тавьсан саналын дагуу нүүрс зарсан ашгийн 70 хувийг монгол компани, 30 хувийг хятадын тал нь авахаар тохиролцож, тонн тутам нь 370 юаньтай байсан ч, 220 юаниар тусган гэрээлсэн байна.
Ингээд сарын дараа 2019.09 сард 770,000 юань буюу 520 гаруй сая төгрөгийн 3,501 тонн нүүрсийг Замын-Үүд нөхцөлтэйгөөр нийлүүлжээ. Гэвч “Жин И” компани нүүрсний мөнгөө төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх асуудал үүсэж. Улмаар 2019.11.13-нд 38 сая төгрөг болон Foton маркийн зүтгүүрийг чиргүүлийн хамт өгсөн байна. Энэ хугацаанд хамтын ажиллагааны ажлууд нь гацаж, экспортын боломжууд алдагдсан тул “Техно перспектив” ХХК хятадын өөр нэг компанитай хамтран ажиллахаас аргагүйд хүрчээ. Ажлаа эхлүүлээд байжээ.
ХОЁРТ, Гэтэл 2020 оны 11 сард “Жин И” компанийн Цоггэрэл /Chaokegerile/ хамтын ажиллагаагаа үргэлжүүлэхийг хүсэж, 2020.11.04-нд нэмэлт гэрээ байгуулсан байна. Ингэхдээ тонн тутмыг нь 223 юаниар худалдахаар тусгаж. Энэхүү гэрээ хийгдсэний дараа 2.1 сая юанийн үнэтэй 9,500 орчим тонн нүүрснийг гурван цуваагаар хүргэжээ. Үүний тээвэрлэлтийн мөнгийг “Жин И” ХХК өгөөгүйгээс дахин маргаан үүссэн аж. Энэхүү маргааны дараа удалгүй
- 2020.11.05-нд 1,000,000 юань
- 2020.12.01-нд 1,000,000 юань
- 2020.12.14-нд 1,000,000 юань
- 2020.12.21-нд 500,000 юань
- 2020.12.25-нд 1,000,000 юань
- 2021.01.19-нд 500,000 юань
гэхчлэн нийт 5,000,000 юань шилжүүлжээ. Харин Монголын “Техно перспектив” ХХК компанийн зүгээс нүүрсээ,
- 2020.12 сард 6,270 тонноор нэг удаа
- 2021.03 сард 3,240 тонноор хоёр удаа нийлүүлсэн байна.
Ингээд 2019.09 сараас 2021.03 сарын хооронд нийт дөрвөн удаа 13,000 гаруй тонн 2,9 сая юань буюу 1.4 тэрбум орчим төгрөгийн нүүрс нийлүүлжээ. Энэ нь гаалийн байгууллагын бүрдүүлэлтээр нотлогддог.
Гэтэл БНХАУ-ын иргэн Цоггэрэлийн /Chaokegerile/ “Эрээн хотын Жин И” компанид “Техно перспектив” ХХК нь 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Монголын хуулийн байгууллагад ханджээ.
-Прокурорын байгууллага хэргийг хааж, нээж удаашруулсаар өдий хүрчээ-
Ийнхүү БНХАУ-ын Цоггэрэлийн гомдлоор цагдаа, прокурорын байгууллага “Техно перспектив” ХХК-ийн Л.Шинэхүүг яллагдагчаар хэдэнтээ татан шалгадаг ч, нэг тийш болгож шийдвэрлэхгүй өдий хүрч ирсэн байна. Тодруулбал,
-2021 оны зургаадугаар сард нийслэлийн СБД-ийн прокуророос “Техно перспектив” ХХК-ийн удирдлагыг бусдыг залилсан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ. Гэвч Цоггэрэл шийдвэрийг үл зөвшөөрөн дахин гомдол гаргаж.
-2022 оны наймдугаар сард “Техно перспектив” ХХК-ийн удирдлагыг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, СБД-ийн прокуророос яллагдагчаар татжээ.
-2023 оны аравдугаар сард СБД-ийн прокурор Цоггэрэлийн нэхэмжилсэн Foton маркийн зүтгүүр, чиргүүл болон 2,173,455,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэжээ.
-Гэвч хэргийг дахин сэргээж, дахин яллагдагчаар татсан байдалтай үргэлжилж байна.
Хууль хяналтын байгууллагынхан хэргийг хааж, нээсэн олон удаагийн даажинтай шалгалт дотоодын хувийн хэвшлийн үйл ажиллагааг царцаажээ. Тодруулбал, “Шалгаж байна” гэх шалтгаанаар 2021 оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл “Техно перспектив” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон байдалтай байгаа аж.
Иймд арга буюу хамгийн сүүлд 2024 оны энэ сард Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүхэд хүртэл албан бичгээр ханджээ. Гэвч гомдлынх нь хариу одоогоор ирээгүй, хүлээж буй юм.
-БНХАУ-ын иргэн Цоггэрэл монгол компанийн захирлыг “Ална” гэж заналхийлж, “Хэргээ тохиролцъё” гэх үг цухалзуулжээ-
2.1 тэрбумаар хохирсон гэх гомдол гаргасан Цоггэрэл хуулийн байгууллагад өгсөн мэдүүлгүүддээ зөрүүтэй зүйлсийг ярьж ирсэн нь анхаарал татав. Тодруулбал, зургаан удаа мэдүүлэг өгсөн ч, нэгээс бусад мэдүүлэгтээ “Нэг ч тонн нүүрс аваагүй” гэжээ. Харин нэг удаагийн мэдүүлэгт “13,000 тонн нүүрс авсан, хил давуулж зарсан ашгаа монголын компанитай хуваах байсан” гэж мэдүүлснийг хуулийн байгууллага хэрхэн анхаарсан бэ.
Мөн “Хятадын зах зээлд нүүрсээ өндөр үнээр заръя. Маш их ашиг олно. Ашгаа харин 70/30 хувиар хуваана гэж тонн тутмын өртөг нь 370 юаньтай байхад 223 юаниар тооцон гэрээлсэн” аль талд ашигтай тусав. БНХАУ-ын иргэн Цоггэрэл үнэхээр залилуулсан хүн мөн үү.
Ийм хоёр асуулт анхаарал татаж байна.
Ноцтой нь, дээр дурдагдсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, харилцаа холбоогүй алга болох хугацаанд нь хамтран ажиллаж эхэлсэн БНХАУ-ын өөр компанийг айлган сүрдүүлэх, хамтран ажиллахгүй байхыг сануулах үйлдлүүдийг Цоггэрэл гаргаж байсан гэгддэг.
Бас “Жин И” компанийн Цоггэрэлийн зүгээс “Техно перспектив” ХХК-ийн удирдлагыг “ална” хэмээн сүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн тухай мэдээлэл ч бий. Түүнчлэн “12,000 тонн нүүрс хилээр оруулбал хэргийг нь яаж шийдвэрлэх талаар ярилцаж болно” гэх агуулга бүхий саналыг тавьсан талаар холбогдох эх сурвалж хэлж байна.
Нэмээд Цоггэрэл манай улсад нүүрсний бизнес хийхээр олон сая юань зээлж Монголд ирснээрээ, эх орондоо шалгагдаж байж болзошгүй тухай мэдээлэл ч дуулдсан юм.
Хоёр компанийн хооронд хийгдсэн худалдах, худалдан авах ажиллагааны явцад гарсан маргааныг хуулийн байгууллага яагаад эрүүгийн хэрэг гэж үзэв. Мөн хөрөнгө оруулагчдыг хамгаална гэсэн Засгийн газрын бодлого зөв боловч үүний нөгөө тал болох хөрөнгө оруулагч гэж нүүрээ нуусан залилан мэхлэгч нараас өөрийн бизнес эрхлэгчдийг ч хамгаалах хууль эрхзүйн орчин, бодлого бий юу.
Эх сурвалж: Eguur.mn