Ц.ДАВААСҮРЭН: УЛААНБААТАРТ ХОРТОЙ БОДИС ЯЛГАРУУЛДАГ ТҮЛШ ТҮЛЖ БАЙГАА 30 МЯНГАН ӨРХ БАЙНА
Улаанбаатарт покрышка, машины ашигласан масло гэх мэт юу л үнэгүй байна тэдгээрийг түлдэг 30 мянган өрх байгаа бөгөөд эдгээрт хязгаарлалт тавих шаардлагатай болохыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.
Өнөөдрийн чуулганаар автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад дээрх 30 мянган өрхөд хязгаарлалт, хяналт, дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг тэрбээр онцолсон юм. Мөн агаарын бохирдол нүдэнд үзэгдтэл манантахгүй байгаа ч хоруу чанар ихтэй болсон нь дээрх айл өрхтэй холбоотой гэв.
Коксжсон нүүрсээр шахмал түлш хийж, утааг тодорхой хэмжээгээр бууруулсан. Тухайн үед гамшгийн хэмжээнд байсан. Бараг л ордны хажуугаар манан татчихдаг байсан шүү дээ. Энэ ажлын хүрээнд 50 хувь буурсан
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаанд манай яамны хамт олон коксжсон нүүрсээр шахмал түлш хийж, утааг тодорхой хэмжээгээр бууруулсан. Тухайн үед гамшгийн хэмжээнд байсан. Бараг л ордны хажуугаар манан татчихдаг байсан шүү дээ. Энэ ажлын хүрээнд 50 хувь буурсан. 2019, 2020 оны үед гэсэн үг.
Сүүлийн үед нэмэгдэж байна гэж яриад байна. Гэхдээ өмнөх шиг манан татдаг зүйл Баянхошуунд ч байхгүй л байна лээ л дээ. Гэхдээ янз бүрийн утаа үнэртэх, үнэр танартай байна гэдэг юм ярьж байна.
Үүнд хоёр шалтгаан байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, автомашины тоо олширсонтой холбоотой. Ялангуяа энэ машинууд тухайн орондоо актлагдсан байгаа шүү дээ. Хоёрдугаарт, Улаанбаатарт үнэгүй юм түлдэг 30 мянган өрх байна. Эдгээр айлууд дугуй, машины ажилласан масло гэх мэт юу л үнэгүй байна тэдгээрийг түлдэг. Тухайн үед нь баг, дүүргийн төвшинд хяналт тавьж, хязгаарласан байсан нь их сайн нөлөөлсөн. Одоо бол тэдгээр өрхүүд үүнийгээ ч түлсээр байна. Тэгэхээр хуулийн хүрээнд үнэгүй юм түлж байгаа, ялангуяа покрышка, химийн хортой зүйл түлж байгааг хязгаарлахгүй бол биднийг мэдэгдэхгүйгээр хорлож байна. Энэ бол нүдэнд харагддаггүй хийнүүд шүү дээ. Агаарын бохирдлын асуудлыг ярихдаа үүнийг хэрхэн хязгаарлах арга хэмжээг авахгүй бол үнэртээд байгаа хорт утаанд энэ айлуудын утаа байна” гэсэн юм.