Улсын хэмжээнд 6.6 сая мал хорогдсоноос 513 мянга гаруй сэг зэмийг устгажээ
Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 10 хувь цастай байна. Цасан бүрхүүлийн хэмжээ багассан ч хаваржилт хүндэрч, малын хорогдол буурахгүй байна гэж УОК-оос мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Зудтай аймгийн тоо буурсан ч зудын хор хохирол буурсан гэсэн үг биш. Өчигдрийн байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Үүнд:
- Сүхбаатар аймагт 1.6 сая
- Хэнтий аймагт 904,000
- Архангай аймагт 692,000 мал хорогдсон.
Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байна. 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх байна.
Аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, 513,948 малын сэг зэмийг устгаж, булшилж, ариутгал хийсэн байна.
Өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд шар усны үер болж, сумын захиргааны байгууллага үерийн усыг зайлуулж, суваг шуудуу татжээ.
Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэрэг өөр өөрийн нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэрэглэж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна гэв.